Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэвэр тэтгэмжийг гурав дахин нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Иймээс тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг шинэчлэх үүргийг Засгийн газраас НХХЯ-нд өгчээ. Энэ дагуу НХХЯ-ныхан тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг Үндэсний статистикийн хорооноос гаргасан 1990-2010 оны хэрэглээний үнийн индекс, даатгуулагчийн шимтгэл төлсөн дундаж цалингийн өсөлт зэргийн нөлөөг тусгасан тооцоо судалгаа хийж, хэд хэдэн хувилбарыг боловсруулсан байна. Тухайлбал, Монгол Улсад олон давхаргат тэтгэврийн тогтолцоог бий болгох хувилбарыг боловсруулсан. Олон улсын жишиг дээрх тогтолцоо руу шилжиж байгаа тул ийм сонголт хийсэн байна. Тэтгэвэр бодох итгэлцүүрийг шинэчилнэ гэдэг нь Монголд тэтгэврийн тогтолцоонд эрс шинэчлэлт гарна гэсэн үг. Энэхүү шинэчлэлтэй холбоотойгоор улсын хэмжээнд 300 гаруй мянган хүний авч буй тэтгэвэрт өөрчлөлт орох урьдчилсан тооцоо гараад байна. НХХЯ-ны Мэдээлэл хяналт шинжилгээ үнэлгээний газрын дарга Ш.Отгонхундага “Нийгмийн даатгалын сангаас олгодог тэтгэвэр авагчдын дунд тэтгэврийн зөрүү гэсэн ойлголт бий болсоор нилээд олон жил болж байна. Энэ нь тэтгэвэр бодох цалин хөлсний индексжүүлэлттэй холбоотойгоор үүссэн. Засгийн газраас энэхүү зөрүүг ойртуулах зорилгоор тэтгэврийг 2001 оноос хойш 26 удаа нэмэгдүүлсэн. Үүнээс гадна амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан тэтгэвэр тогтоох итгэлцүүрийг 1997 оноос хойш таван удаа шинэчлэн тогтоогоод байна. Тухайлбал, тэтгэврийг 2007 онд 7500-11250 төгрөгөөр, 2008 онд 20 хувиар, 2010 онд 30 хувиар нэмэгдүүлсэн. Нийгмийн даатгалын сангаас нийт 302.3 мянган хүний тэтгэвэрт жилд 360 орчим тэрбум төгрөг зарцуулдаг. Нийт тэтгэвэр авагчдын 181,4 мянга буюу 60 орчим хувь нь доод хэмжээний тэтгэвэр авч байна” гэлээ. Монгол Улсын өндөр настнуудын тоо 2015 оноос өндөр төрөлтийн жилүүдэд төрөгсөд тэтгэвэртээ гарч эхэлнэ. Энэ нь улсын төсөв болон нийгмийн халамж, тэтгэврийн тогтолцоонд хүндрэл үзүүлэх юм. Иймээс энэхүү эрсдлээс урьтаад Тэтгэврийн хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )