ХЗДХ-ийн сайд сэтгүүлчдийг "ялласан" заалтад ТАЙЛБАР ӨГНӨ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 12 сарын 13

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд иргэдийн мэдэх эрхэд ноцтой халдсан, хэвлэлийн эрх чөлөөг боомилсон, тэр дундаа сэтгүүлчид төдийгүй иргэдийг "яллах" заалтыг тусгасан нь олны анхаарлыг татаад байгаа билээ. Уг хуулийн заалтыг хэвлэл мэдээллийнхэн эсэргүүцэж, дуу хоолойгоо нэгтгэж эхлээд байгаа юм. Түүнчлэн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Удирдах зөвлөл хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд шаардлага хүргүүлсэн билээ.

Тэгвэл эл асуудалд Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2020.12.13/ тайлбар өглөө.

Тэрбээр "Сэтгүүлчтэй холбоотой асуудал Засгийн газрын хуралдаанаар ороогүй. Маргааш Х.Нямбаатар сайд хэвлэлийнхэнтэй уулзаж, дэлгэрэнгүй сайн ярилцана гэж хэлсэн. Ерөнхий сайдын хувьд сэтгүүлчийг торгохоос илүүтэй тэдний өөрсдийн төрийн бус байгууллага, олон улсын жишигт нийцсэн арга хэмжээг авсан заалтаар нь шийдэж явах хэрэгтэй л гэж бодож байна. Тэр сэтгүүлчдийнх нь хороо ёс зүйн асуудлыг ярилцдаг байх нь зүйтэй байх гэж хувь хүнийхээ талаас бодож байна. Хэвлэл нийтлэх эрх чөлөө, сэтгүүлчдээ хамгаалж ажиллах болно. Энэ бол дөрөв дэх засаглал, хүндэтгэлтэй хандана. Та бүхэн ч хариуцлагатай байх ёстой" хэмээн тодотголоо.

Тус хуулийн төслийн 13.14 дүгээр зүйлд дараах байдлаар тусгажээ. Үүнд 

1. Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж гутаах, эсхүл олон нийтийг төөрөгдүүлэх, эсхүл айдаст автуулах зорилгоор хортой, илтэд худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эсхүл олон нийтийн мэдээллийн сүлжээний хэрэгсэл ашиглан тараасан, эсхүл илтэд худал мэдээлэл болохыг мэдсээр байж түгээсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэжээ. 

2.1. Захиалгаар; 

2.2. Хүүхдийн эрхийг зөрчиж; 

2.3. Үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж; 

2.4. Гамшиг, цар тахлын үед үнийн хөөрөгдөл, бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдолыг бий болгож; 

2.5. Сонгуульд оролцогч улс төрийн нам, намуудын эвсэл, нэр дэвшигчийн нэр хүндэд халдаж үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 

3.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг, эсхүл Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.57.95.179) 2020 оны 12 сарын 14

Монголын сэтгүүлчид монгол хэлээ муу мэддэг боловсролгүй хүмүүжилгүй ёс суртахуунгүй хүний хэлж ярьж байгааг ойлгодоггүй өөрийнхөө асууж ярьж байгаа зүйлээ мэддэггүй зөвхөн түрэмгий бүдүүлэг дээрмийн аргатай учраас монголын ард түмний сэтгэл санаа сэтгэхүй ухамсарыг хорлон сүйтгэдэг дайсанууд болсон.

1  |  0
Зочин(122.201.31.101) 2020 оны 12 сарын 13

Сэтгүүлчид болон иргэдийг эрүүгийн хэрэгт татах нь буруу. Мэдэх эрхтэй бхйсныхаа төлөө ял шийтгүүлэх нь тэдний хүний эрхийг сөргөөр хөндөж байна Гол нь сэдэв үүсгэхгүй ажиллаж амьдрах нь чухал шүү дээ. Худал ярих гэж байхгүй тэд ихэвчлэн 1 ээс дээш хүний мэдэж байгаа зүйлийг илчилдэг

0  |  0
Иргэн(66.181.187.138) 2020 оны 12 сарын 13

Иргэн миний хувийн дүгнэлтээр бол сэтгүүлч эмэгтэйчүүд голдуу их түрэмгий, увайгүй байх шиг харагддаг, бас нийгэмд ямар буруу нөлөө үзүүлэх вэ гэдэг талаас нь асуудлыг харахгүйгээр зөвхөн нэг өнцгөөс хараад танк шиг л дайраад байгаа санагддаг. Сэггүүлч хүн нийгмийн сэтгэл зүй, ёс суртахуунд асар их нөлөө үзүүлдэг болохоор нийгмийн ёс суртахуун, ёс зүй тогтооход ихээхэн хариуцлагатай байх үүрэгтэй гэдгээ алхам тутамдаа тунгааж байх учиртай. Ийм байвал хэн ч та нарыг шийтгэж чадахгүй ш дээ. Юунаас ингэтлээ айж жийрхээд байна вэ? Дураараа дургих гэж биш биз?

0  |  0
зочин (139.5.217.93) 2020 оны 12 сарын 13

сэтгүүлч нар хэдэн төгрөг хараад янз бүрийн юм бичдэг учраас хатуу хариуцлага тооцох нь зөв нэг охиныг спидтэй гэж сонинд бичсэнээс болж хэдэн жилийн өмнө амиа хорлосон асуудал гарсан гэж ярьдаг юм билээ шүү

0  |  0
Top