Путин Жо Байденд Ерөнхийлөгч болсонд нь баяр хүргэлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 16

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Жо Байденд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялсанд нь баяр хүргэж цахилгаан илгээжээ. Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлснээр Путин Байденд өндөр амжилт хүсээд “Дэлхийн аюулгүй бөгөөд тогтвортой байдлыг хангахад онцгой үүрэг хариуцлагыг хүлээдэг ОХУ, АНУ хоёр санал зөрөлдөөнтэй байгаа ч дэлхий нийтийн өмнө тулгараад буй олон асуудал, сорилт бэрхшээлийг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж чадна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Путин түүнчлэн Жо Байдентай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Сонгогчдын коллегийн санал хураалтын дүнд Жо Байден 306 санал авч, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан билээ. Сонгогчдын төлөөлөгчдийн 232 нь Трампыг дэмжжээ. Санал хураалтын дүнг АНУ-ын Конгресс ирэх нэгдүгээр сарын 6-нд батлах ёстой юм.

Тэгвэл Трампын туслах асан Фиона Хилл Жо Байденд Оростой хэрхэн харилцах талаар зөвлөгөө өгчээ. Тэрбээр “Обама ОХУ-д маш тоомжиргүй ханддаг байсан. Тэрбээр Оросыг бүс нутгийн хүч гэж нэрлэдэг байв. Тэд Оросын талаар их бодохыг хүсээгүй” гэсэн байна. Трампын зөвлөх дэлхий ертөнц бүхэлдээ өөрчлөгдсөн гэж онцолжээ. Ийм учраас тэрбээр Байденд хандан Оростой Обамагаас өөрөөр харьцахыг зөвлөжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top