-Европын холбоо дэлхийн хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох чиглэлээр хориг арга хэмжээг авна-
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг өнгөрсөн зуны УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөж байх үед нь баривчилж, улмаар албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргээр хоёр шатны шүүхээс зургаан жилийн хорих ял оноогоод байгаа. Гэхдээ уг үйл ажиллагаа нь хүчин төгөлдөр хэд хэдэн хуулийг зөрчсөн явдал болсон юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн нь ард түмний төлөөлөл байдаг. Тиймээс ч Үндсэн хуулиар халдашгүй эрхтэй хэмээн хамгаалагдсан. Хэрэв аливаа УИХ-ын гишүүнийг хэрэгт холбогдуулан баривчлах бол Улсын ерөнхий прокурор санал гаргаж УИХ-аар бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэдэг. Энэ үйл ажиллагаа явагдаагүй. Дээр нь УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг саатуулах бол Сонгуулийн ерөнхий хорооноос зөвшөөрөл авах тухай хуульд бий. Үүнийг ч үл харгалзан баривчилсан байдаг. Тиймээс Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Жаргалтулгын Эрдэнэбатыг баривчилсан асуудлаар Олон улсын парламентын холбооны Хүний эрхийн хороо хуралдаж хэрэг үүсгэсэн юм. Энэ нь ОУПХ-ноос Монгол Улсад хамаарал бүхий хоёр дахь хэрэг билээ. Өмнөх нь нийгэм, улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн асуудлаар үүсэж байв.
Тэгвэл энэ сарын 7-ны өдөр Европын холбоо дэлхийн хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох чиглэлээр хориг арга хэмжээ авахаар болжээ. Тодруулбал, энэ арга хэмжээний дүнд хүний эрхийг зөрчсөн албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээдийн Европын холбоонд зорчих эрхийг хязгаарлах, хувь хүн болон аж ахуйн нэгжийн хөрөнгө болон эдийн засгийн нөөцийг царцаах аж. Түүнээс гадна Европын холбооноос гаргасан жагсаалтад орсон хувь хүн болон аж ахуйн нэгжүүдийг шууд болон шууд бус хэлбэрээр хөрөнгө оруулах, босгохыг хориглох юм байна. Хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа тохиолдлуудад эрүүдэн шүүх болон бусад хэрцгий, хүнлэг бус байдлаар шийтгэх, хүний нэр төрийг гутаан доромжлох, боолчлох, шүүхээс гадуур, дур мэдэн хороох, хүчээр алга болгох, дур мэдэн баривчлах, цагдан хорих зэрэг багтаж байгаа гэнэ. Хүн дамлан наймаалах, түүнчлэн цагаач, хууль бус орогногчийн хүний эрхийг зөрчих, бэлгийн болон жендэрт суурилсан хүчирхийлэл, тайван цугларах, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг зөрчих, урвуулах, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зөрчсөн, шашин шүтэх, итгэл үнэмшлийн эрх чөлөөг зөрчих, урвуулах гэх мэт зөрчлийг хүний эрхийг онц ноцтойгоор зөрчиж байгаад тооцох аж. Энэ хүрээнд Ж.Эрдэнэбаттай холбоотой хэрэг ч багтаж байгаа тул Европын холбооны хоригт орох үндэс бүрджээ. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын асуудлаар сэтгүүлчид парламентын зарим гишүүнээс байр суурийг нь тодруулсныг тоймлон хүргэж байна.
Ц.Мөнх-Оргил: Европын холбоо мэдээж ОУПХ-ын дүгнэлтийг харгалзаж, шийдвэр гаргах байх
Тэрбээр “ОУПХ-оос УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг УИХ-ын зөвшөөрөлгүйгээр, Ерөнхий прокурор асуудал оруулаагүй байхад цагдан хорьж, энэ хугацаандаа ял эдлүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл гаргасан. Энэ нь Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын парламентын гишүүдийн эдэлдэг эрхэд халдсан байж магадгүй гэсэн үндэслэлээр ОУПХ хэрэг нээсэн. Хэрэг нээсэн тухайгаа УИХ-д мэдэгдсэн. Хэргийг судлах ажлын хэсэг гаргасныг ч мэдэгдсэн. Тиймээс холбогдох байгууллагууд энэ асуудлаар холбоотой мэдээллийг өгч байгаа. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хүрээнд ажилладаг Халдашгүй байдлын дэд хороо ажиллаж байна. Энэ хэрэг ном журмаараа шийдэгдсэн эсэх, шүүхийн шийдвэр зөв эсэх нь УИХ-ын, дэд хорооны асуудал биш, шүүхийн асуудал. Бидэнд хамаатай асуудал нь УИХ-ын гишүүнийг ажил үүргээ гүйцэтгэж явахад нь УИХ-ын зөвшөөрөлгүй барьж, цагдан хорьж, ял оногдуулсан нь хууль зөрчсөн гэж дэд хороо, байнгын хороо үзэж байгаа. Энэ бол хувь хүний, нэг гишүүний, нэг намын асуудал биш. Энэ халдашгүй эрх нь УИХ-д байдаг. Өнөөдөр 180 мянган төрийн албан хаагчаас халдашгүй эрхтэй 77 хүн бий. Төрийн эрх барих дээд эрх мэдэл ард түмэнд байна гэдэг суурь зарчмыг хамгаалж халдашгүй эрхтэй байдаг.
Ж.Эрдэнэбатын цаана, УИХ-ын гишүүн бүрийн цаана ард түмэн байдаг, ард түмэн төр барих эрхээ эдэлж байгаад олгож буй халдашгүй байдал олгож байгаа. Халдашгүй байдлыг нь түдгэлзүүлэх эрх нь Ерөнхий прокурор тайлбарлаж, дэд хороо хэлэлцэж, УИХ олонхоороо шийддэг. Энэ тохиолдолд прокурор энэ асуудлыг оруулж ирээгүй, шүүхэд хандаж хүсэлт гаргаагүй байгаа юм. Хувь хүн гэхээс илүү ард түмэнд хадгалагдаж байгаа эрхэд халдаад байгаа юм. Нэг намын нөхөр, найз нөхөд гэдэг утгаар байнгын хороо, дэд хороо хандаагүй. Хэн ч байсан ном журмаараа явах ёстой гээд холбогдох байгууллагуудад тавьсан. Яг ямар үндэслэлээр энэ тохиолдолд яагаад ийм шийдвэр гаргасан бэ гэдэг асуудал тавьсан ч одоогоор ямар нэг бичиг ирээгүй. Шүүх УИХ-ын гишүүнд биш Ерөнхий сайдад нь холбогдуулж шийдвэр гаргасан гэсэн үндэслэлийг өмгөөлөгч нарт нь хэлсэн байсан. Бид энэ асуудлыг олон улсын байгууллагаас ирүүлсэн бичигт хариу өгч, холбогдох тайлбарыг авах гэж оролдож байна. Шаардлагатай бол хуульд өөрчлөлт оруулах нь зөв юм болов уу гэж бодож байна. ОУПХ хэрэг үүсгэнэ гэдэг нь аль нэг улсын парламентаар, парламентын гишүүний эдэлж байх ёстой эрхийг нь ямар нэг байдлаар зөрчсөн эсэхийг судалж, дүгнэлт гаргаж, Монгол Улсад шаардлага хүргүүлнэ. Энэ өөрөө бидний хувьд их бодууштай, сургамж авах ёстой зүйл. Сая Европын холбооноос шинэ дүрэм, журмууд гарсан. Европын холбоо баталсан хуулиараа бусад улс орнуудтай эдийн засаг, нийгэм, соёлын хамтын ажиллагааг хэрэгжүүлэхдээ тавих хамгийн том шалгуур нь хүний эрхийн асуудал гэдэг хууль баталсан. Өөрсдийнх нь гаргасан тайлбараар олон улсын суурь хэр хэмжээ, гэрээ пактууд зөрчсөн бол Европын холбоо тусламж дэмжлэг байх эсэх, харилцаа хумигдах эсэхийг бид өөрсдөө шийднэ гэсэн үг. Европын холбоо мэдээж ОУПХ-ын дүгнэлтийг харгалзаж, шийдвэр гаргах байх” гэжээ.
Г.Тэмүүлэн: Ж.Эрдэнэбатын эрх нь зөрчигдсөн гэдэгтэй санал нийлж байгаа
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "УИХ-ын гишүүнийг ямар нэгэн нөлөөллөөс ангид байлгахын тулд Үндсэн хууль хийгээд дагалдах хуулийн хүрээнд халдашгүй байх эрхийг бий болгосон байдаг. Манайх дотооддоо ийм хуультай. Тэгэхээр энэ хуулийн хүрээнд Олон улсын парламентын холбооноос шийдвэр чиглэлээ гаргаж, энэ талаар тодорхой үүрэг даалгаврыг өгч байгаа гэж ойлгож байгаа. Үүнийг сахин биелүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах асуудал нь манай парламентын дархлааны асуудал. Би бол УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын эрх нь зөрчигдсөн гэдэгтэй зарчмын хувьд санал нийлж байгаа. Энэ хүн баривчлагдах үедээ нэгдүгээрт, УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхтэйгээ байсан. УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй эрх нь хэрэгжиж байх хугацаанд асуудал үүссэн гэсэн үг. Мөн дээрээс нь Сонгуулийн тухай хуулиар УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийнхээ эрх, үнэмлэхээ авчихсан байсан юм. Тэгээд сонгуулийнхаа сурталчилгааны ажилд оролцоод явж байх үед нь баривчилсан асуудлыг хөндөж тавьж байгаа. Энэ бол УИХ-ын гишүүний халдашгүй байдал болоод парламентад нэр дэвшигчийн бүрэн эрхэд халдаж байгаа хэд хэдэн өнцөгтэй асуудал. Тэгэхээр тэр хүний гэм буруу нь тухайн үед шүүхээр шийдэгдээгүй, тогтоогдоогүй байхад хорьж цагдсан. Сонгуулийн сурталчилгаа явагдаж байхад нэр дэвшигчийг барих, УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй эрхийг зөрчөөд явах нь байж болшгүй л асуудал шүү дээ" гэсэн байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 5 )
Хүмүүс зөв ярьсан байнаа?! Ж.Эрдэнэбатыг хууль зөрчиж хилмэгдүүлсэншдээ?! Ард түмний итгэлийг авч сонгогдсон төрийн түшээг ингэж болохгүйшдээ?! Ерөнхийлөгч Х.Баттулгыг баривчлах гэхээр АН-ынхан болоод Жу-До-ийн бөхчүүд хамгаалаад болоод л байсан одоо болохоор хамаагаа алдажээ?! Төр тэгж хамаагаа алдаж болохгүй ээ?!
Хүмүүс зөв ярьсан байнаа?! Ж.Эрдэнэбатыг хууль зөрчиж хилмэгдүүлсэншдээ?! Ард түмний итгэлийг авч сонгогдсон төрийн түшээг ингэж болохгүйшдээ?! Ерөнхийлөгч Х.Баттулгыг баривчлах гэхээр АН-ынхан болоод Жу-До-ийн бөхчүүд хамгаалаад болоод л байсан одоо болохоор хамаагаа алдажээ?! Төр тэгж хамаагаа алдаж болохгүй ээ?!
Хүмүүс зөв ярьсан байнаа?! Ж.Эрдэнэбатыг хууль зөрчиж хилмэгдүүлсэншдээ?! Ард түмний итгэлийг авч сонгогдсон төрийн түшээг ингэж болохгүйшдээ?! Ерөнхийлөгч Х.Баттулгыг баривчлах гэхээр АН-ынхан болоод Жу-До-ийн бөхчүүд хамгаалаад болоод л байсан одоо болохоор хамаагаа алдажээ?! Төр тэгж хамаагаа алдаж болохгүй ээ?!
UIH-d Erenhii prokuror asuudlyg oruulj irdeg juramtai shyy dee. Процессийн алдаа
ГЭМТ ХЭРЭГ ХУЛГАЙ ХИЙХ ГЭЖ Л ХАЛДАШГҮЙ ЭРХ ГЭЖ ХУУЛЬ ӨӨРСӨДДӨӨ ГАРГАСАН ЮМ ШҮҮ ДЭЭ ! ОУПХ ЗОРИГИЙН ХЭРЭГЭЭР ХООЛОЛДОГ НЭГ БАЙГУУЛЛАГА .