Найрсаг хөршүүд хил хязгааргүй ярилцав

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 17

-Монгол-Оросын сэтгүүлчдийн онлайн форумаас хийсэн сурвалжилга-


 

Товлосон цаг болоход уулзалтад оролцох 100-аад хүн Улаанбаатар, Москва, Иркутск, Улан-Үд, Эрдэнэт, Ховд... гээд Монгол, Оросын олон хотоос холбогдлоо. Оролцогчдын олонх нь ажил дээрээ, телевизийн студи, сонины редакцдаа, зарим нь гэртээ, судлаач багш нар их сургуулийнхаа танхимдаа байх аж.

Уулзалтыг МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Боргилмаа Улаанбаатараас, ОУСХ-ны дэд ерөнхийлөгч, Оросын Сэтгүүлчдийн Холбооны нарийн бичгийн дарга Тимур Владимирович Шафир Москвагаас нээлээ.

Дараа нь Монгол Улсын  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд И.К.Азизов нар монгол, оросын сэтгүүлчидтэй мэндчиллээ. 

Албаны эрхмүүдийн мэндчилгээг ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын орлогч дарга Баир Дашиевич Цыренов, Монгол Улсын Гадаад харилцааны яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын дэд захирал П.Баярмагнай, Буриадын Улан-Үд хотын захирагч И.Ю.Шутенков, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн орлогч О.Сандагсүрэн нар үг хэлсэн. 

Хоёр орны албаны хүмүүсийн хэлсэн үг олон жилийн харилцааны зузаан түүхтэй монгол, оросын сэтгүүлчдэд ажлын амжилт хүсэхийн зэрэгцээ хамтын ажиллагааны шинэ шатанд гарахыг уриалсан агуулгатай юм.

Угаасаа ч чуулга уулзалтын сэдэв нь “Найрсаг хөрш, хил хязгааргүй яриа” юм.

Цар тахал дэлгэрч, хоёр оронд онцгой дэглэм барьж байгаа эгзэгтэй үед хөршүүд юун ярилцав.

Даяаршсан дэлхий ертөнц дэх Монгол, Оросын сэтгүүлзүйн салбарын өнөөгийн байдал, сэтгүүлчдийн ур чадварыг сайжруулах сургалт, харилцан мэдээлэл солилцох, сэтгүүлчийн ёс зүй, сэтгүүлзүйн өөрийн зохицуулалтын байгууллага... гээд олон л асуудал ярилцсан. Гэхдээ хамтран ажиллах түншээ хайсан яриа л зонхилж байлаа.

Монголчуудын сайн мэдэх “Комсомольская правда” сониныг эрхлэн гаргагч “Комсомольская правда” хэвлэлийн газрын ерөнхий захирал С.И.Гольдрабын танилцуулснаар эртний танил сонин маань эдүгээгийн зах зээлийн нийгэмд хөлөө сайн л олж яваа юм байна.

Эднийх сонин, сайт, радио, хэвлэх үйлдвэртэй. Техник технологийн дэвшил хурдасч буй өнөө үед https://www.kp.ru/  сайт нь хэрэглэгч олонтой болсон ч цаасан хэвлэл үнэ цэнтэй хэвээр байгааг ноён Станислав Иосифовичийн мэдээлэл нотлоод өгөв. Зөвхөн Эрхүү мужийн хэмжээгээр гэхэд сүүлийн жилд “Комсомольская правда” сонины уншигчид 45 хувь нэмэгдсэн гэнэ.

Ковид-19 цар тахлаас үүдэн хойд хөршийн хэвлэл мэдээллийн байгууллагууд урьдынх шиг эрчимтэй ажиллаж чадахгүй байгаа ч мэдээллийн орон зайгаа хадгалсаар, басхүү менежмент, маркетингийн шинэ шийдлүүд олсоор байгаа юм байна. “Комсомольская правда” хэвлэлийн газраас цар тахалд нэрвэгдсэн нэг жилийн хугацаанд 12 том концерт, урлаг, соёлын 30 гаруй арга хэмжээг санаачлан зохион байгуулжээ. Нийгэмдээ өөдрөг, гэгээлэг хандлагыг түгээхийн зэрэгцээ өөрсдийн бизнесийг дэмжих мөнгийг ч олжээ.

“Хэрвээ Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд манай сонин, хэвлэлийн газартай хамтран ажиллахыг хүсвэл бид бэлэн байна. Бид сонины тусгай дугаар солилцохоос гадна хамтарч монгол, оросын уншигчдад зориулсан урлаг, соёлын фестивалийг зохион байгуулж, ном зохиол хэвлэж болно” гэж “Комсомольская правда” хэвлэлийн газрын ерөнхий захирал С.И.Гольдраб хэлсэн.

ОХУ-ын хэмжээнд буриад хэлээрээ 24 цагийн турш нэвтрүүлгээ цацдаг ганц радио болох “Бурят үнэн” ФМ-ийн захирал эмэгтэй сайхан монгол хэлээрээ байгууллагаа танилцуулангаа Монгол Улсад амьдардаг буриадуудтай Viber-аар ярилцаж, нэвтрүүлэгтээ оролцуулдагаа сонирхуулсан.” Бурят” ФМ Монгол Улс дахь буриад угсаатны олон овог, аялгаар шинэ, сонирхолтой контент бэлтгэх төлөвлөгөөтэй байгаа юм байна. Тиймээс хамтран ажиллах сонирхолтой ХМХ, сэтгүүлчдийг холбогдохыг хүссэн.

Эрхүү мужийн “Ти Ви Си”, “Ариг ус” телевизүүд хамтран шинэ контент хийх саналыг Монголын ХМХ-үүдэд тавьсан.

Монгол, Оросын сэтгүүлчдийн цахим уулзалтын үеэр нэгэн тэмдэглэлт үйл явдал болсон нь МСНЭ, РЦНК хоёр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, “Байкал” мэдээллийн клубийг Улаанбаатар хот дахь Оросын Шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК)-д нээж, туузыг нь хайчиллаа. Энэ клубийн үйл ажиллагаа хоёр орны сэтгүүлчдийг сургах, дадлагажуулах, мэдээлэл, туршлага солилцоход чиглэх ажээ.

Уулзалтын төгсгөлд Эрдэнэтийн телевизүүдийн холбоо Оросын “Ариг ус” телевизтэй хамтран ажиллахаа зарласан бол  “Ховдын мэдээ” сонин “Алтайская правда” сонинтой хамтын ажиллагааны гэрээг зайнаас байгуулсан.

Оросын сэтгүүлчдийн байгууллага 2022 онд болох ОУСХ-ны 31 дэх их хурлыг Монгол Улсад зохион байгуулах МСНЭ-ийн саналыг бүрэн дэмжсэн байна.  МСНЭ-ийн ерөнхийлөгч асан Х.Мандахбаяр хоёр орны сэтгүүлчдийн “Найрсаг хөрш, хил хязгааргүй яриа” цахим уулзалтыг хааж хэлсэн үгэндээ, хоёр орны сэтгүүлчдийн байгууллагын хамтын ажиллагаа улам өргөжин тэлэхэд амжилт хүсэж, дэлхийн  160 гаруй орны 100-аад сэтгүүлчдийн байгууллага оролцох ОУСХ-ны 31 дүгээр их хурлыг амжилттай зохион байгуулахад монголын сэтгүүлчид анхааран ажиллах болно гэдгээ мэдэгдсэн юм.

Ийнхүү Ковид-19 цар тахал Монгол, Оросын сэтгүүлчдийн байгууллагын түүхэнд шинэ хуудсыг бичлээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top