ОХУ коронавирусний эсрэг “Спутник V” вакцинаа эхний ээлжид эмч, эмнэлгийнхэн, ахмад настан, багш нар болон эрсдэлт бүлгийнхэндээ хийж эхэлсэн билээ. Новосибирск мужаас эхэлсэн вакцинжуулалт одоо ОХУ-ын бүх бүс нутагт явагдаж байгааг хойд хөршийн Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко мэдэгдлээ.
ОХУ-ын бүс нутгуудад нийт 1229 эрүүл мэндийн байгууллага вакцинжуулах ажилд оролцож, вакцин хийлгэсэн хүмүүс Эрүүл мэндийн яамтай холбогдсон гар утасны программыг ашиглан биеийн байдлын талаараа мэдээлэх аж.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины мэдэгдсэнээр коронавирусний эсрэг вакцинжуулалт нь сайн дурын үндсэн дээр, үнэгүй байх юм.
Оросын мужууд энэ сард 480 мянган тун вакцин хүлээж авна гэж Эрүүл мэндийн яамнаас нь мэдэгджээ.
ОХУ өнгөрсөн аравдугаар сард ДЭМБ-д хандан вакциныг нь аль болох хурдан хугацаанд баталгаажуулах хүсэлт илгээсэн билээ. “Спутник V” вакцин нь коронавирусний эсрэг дэлхийн анхны вакцин болж бүртгэгдсэн юм.
Оросын вакцин 92 хувийн үр дүнтэй байгааг судалгаагаар тогтоожээ.
