Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг баталлаа

Админ | Zindaa.mn
2020 оны 12 сарын 17

УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.12.17) нэгдсэн хуралдаан 10:04 цагт эхэллээ. 

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулыг төсөл  болон хамт өргөн мэдүүдсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг 2020 оны 12 дугаар сарын 11-ний нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд, дараагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтсон. Иймд өнөөдрийн хуралдааны эхэнд дээрх төслүүдийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн, санал хураалт явууллаа. Нэгдсэн хуралдаанд оролцсон 51 гишүүн оролцож, 41 нь 78.4 хувийн саналаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулыг төсөл  болон хамт өргөн мэдүүдсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив. Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Х.Нямбаатар, Ц.Мөнх-Оргил, Ё.Баатарбилэг, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Н.Амарзаяа, Ж.Батзандан, Д.Ганболд нар 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.

Тус Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 дэх хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн зарим зүйл, заалтыг хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөн. Энэхүү чиглэлийн дагуу төслийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийг хасах, дүүргийн чиг үүргийг өөрчлөн найруулах, төслийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийг “Улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллах үүрэг бүхий улс төрийн нам, эвсэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүтцэд аливаа хэлбэрээр зохион байгуулалтын нэгж байгуулахгүй. Энэ хэсгийг 2024 оны ээлжит сонгуулиас эхлэн мөрдөнө” гэж өөрчлөн найруулах, мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хурапдааны дэгийн тухай хуулийн 42.2.3-т заасны дагуу нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн боловч Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзэн төслийн 12 дугаар зүйлд 12.1.9 дэх заалт нэмэх гэснийг, 7 дугаар зүйлд 7.2 дахь хэсэг нэмэх гэснийг тус тус хасах, мөн төсөлд Зургадугаар бүлэг нэмж Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн гадаад хамтын ажиллагааг зохицуулсан “77.1.3асаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн гадаад хамтын ажиллагаа нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлалд нийцсэн, гадаад бодлогын нэгдмэл байдлыг баримталсан байна”, “77.2.3асаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд гадаад улсын адил түвшний, эсхүл олон улсын байгууллагатай байгууллага хоорондын гэрээ байгуулж болох бөгөөд гэрээг байгуулахдаа гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авсан байна.” гэсэн зүйлийг нэмэхээр санал хураалгаж шийдвэрлүүлсэн гэв.

Ж.Сүхбаатар гишүүний танилцуулсан санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт төслийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийг өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй саналын томьёололтой холбогдуулан тодруулга хийлээ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд улс төрийн нам үндэсний хэмжээнд бодлого дэвшүүлж ажиллах зохицуулалттай болсон нь шууд утгаараа аймаг, нийслэлээс дээш түвшинд ажиллахыг шаардсан агуулгатай хэмээн Ж.Сүхбаатар гишүүн тайлбарлав. Улс төрийн намуудын эрх зүйн шинэчлэл ирэх онд хийгдэх учраас нарийвчилсан зохицуулалтуудыг тухайн үед шийдвэрлэнэ. Харин Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөө Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлж дээр зохицуулалтыг тусгасан гэв. Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн төслийн 56.7-д “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд нэр дэвшигчийг шууд татгалзаж болно” гэсэн нь багаас эхлээд бүх засаг, захиргааны нэгжид үйлчлэх заалт нь тодорхойгүй байдал үүсгэх эрсдэлтэй талаар хэлж, тодруулга хийв. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Т.Доржханд нар төслөөр орон нутагт татвар тогтоох, бонд гаргах, концесс байгуулах эрх мэдлийг олгож байгаа нь нэгдмэл улсын бодлоготой зөрчилдөх эрсдэлтэй гэдэг байр суурийг илэрхийлж, тайлбар хэлсэн. Орон нутгийн бие даасан байдал, нийслэлийн төвлөрлийг сааруулах чиглэлээр олон тооны судалгаа, хэлэлцүүлэг зохион байгуулж ирснийг Ж.Сүхбаатар гишүүн тайлбарлалаа. Төслийн дээрх зохицуулалт нь чиг үүргийг хуваарилж буйгаараа онцлогтой гэв. Ц.Сандаг-Очир гишүүн төслөөр орон нутагт анх удаа төсвийн болон эдийн засгийн зохих эрх мэдлийг олгож буйгаараа чухал ач холбогдолтой гэдэг байр суурийг илэрхийлсэн. Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд сумдыг эдийн засгийн агуулгаар нь бүсчлэн, нэгтгэх олон гарц байгаа талаар жишээ хэлж, төсөлд үүнтэй холбоотой зохицуулалтыг тусгаагүй байгааг шүүмжилж тодруулга хийсэн. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Ж.Ганбаатар, Ц.Мөнхцэцэг, Ж.Батсуурь нар зарчмын зөрүүтэй зарим саналын томьёололтой холбогдуулан байр сууриа илэрхийлж, тодруулгуудыг хийсэн юм.   

Ингээд гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэв. Тухайлбал, төслийн 7 дугаар зүйлд нэмсэн 7.2 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлд нэмсэн 12.1.9 дэх заалтыг хасахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Мөн төслийн 25 дугаар зүйлийг, 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийг өөрчлөн найруулахыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Төсөлд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн гадаад хамтын ажиллагаа гэсэн 77 дугаар зүйл нэмэх нь зүйтэй хэмээн гишүүдийн олонх шийдвэрлэсэн.

Ийнхүү төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсны дараа “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 68.9 хувь нь дэмжснээр тогтоол батлагдсан. Ийнхүү Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан үргэлжилж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцууллаа.

Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Ганбаатар нар 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн дээрх төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. Тус Байнгын хороо 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаараа нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан санапуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалап, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгг бэлтгэсэн байна. Төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед хуралдаан даргалагчаас зарчмын зөрүүтэй санапын найруулгыг анхаарч гүйцээн боловсруулах чиглэл өгсөн юм. Энэхүү чиглэлийн дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн боловч Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзэн хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу төслийн 19 дүгээр зүйлийн 19.15 дахь хэсгийн сонгогчдийн нэрийн жагсаалтыг сонгуулийн хэсэг тус бүрээр санал авах өдрөөс арваас доошгүй хоногийн өмнө хүсэлт гаргасан нам, эвсэлд өгөх байсныг хоёроос доошгүй хоногийн өмнө өгөхөөр, 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсгийн “Гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор гэм буруутай нь тогтоогдсон хүн нэр дэвшихийг хориглоно.” гэснийг “Эрүүгийн гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглохоор, төслийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсгийн 2 дахь өгүүлбэрийг өөрчлөхөөр, 36 дугаар зүйлийн 36.11, 41 дүгээр зүйлийн 41.8, 42 дугаар зүйлийн 42.12 дахь хэсгийн сонгуулийн сурталчилгааны төлбөрийн дунджийг тогтоохдоо ээлжит сонгуулийн өмнөх жил нь сонгуульгүй жил байсан бол тухайн жилийн дунджаар, хэрэв сонгуультай жил байсан бол сүүлийн ээлжит сонгуулийн санап авах өдөр дууссанаас хойш тухайн жилийн ээлжит сонгуулийн санал авах өдрийг хүртэлх хугацааны дунджаар тооцохоор, төслийн 56 дугаар зуйлийн 56.12 дахь хэсгийг хяналтын камерыг сонгогч саналаа нууцаар, чөлөөтэй илэрхийлэхэд саад учруулахгүйгээр байрлуулж, сонгогчийг бүртгэх болон санал өгөх орчинд явагдаж байгаа үйл ажиллагааг баримтжуулахаар өөрчлөх зарчмын зөрүүтэй саналыг боловсруулж, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар дэмжсэн гэв. Эдгээр саналаас төслийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсгийг өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй саналтай холбоотойгоор төсөлд “ял эдэлж байгаа” гэж Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлд заасан үндсэн болон нэмэгдэл ял, тэнсэх, албадлагын арга хэмжээг эдэлж дуусаагүй байхыг.” гэсэн агуулгатай 3.1.13 дахь заалт, “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.” гэсэн агуулгатай 26.6 дахь хэсэг нэмж, төслийн 28 дугаар зүйлийн 28.2.14 дэх заалтыг өөрчлөхөөр, төслийн 36 дугаар зүйлийн 36.11. 41 дүгээр зүйлийн 41.8,42 дугаар зүйлийн 42.12 дахь хэсэгт оруулсан өөрчлөлттэй холбогдуулан төслийн 41 дүгээр зүйлийн 41.9.2 дахь заалтыг өөрчлөх зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр нь дэмжсэн байна.

Дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Т.Доржханд нар асуулт асууж, хариулт, тайлбар авлаа. Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top