Шинжлэх ухаанд одоогоор 1000 орчим халдварт өвчин байдаг нь мэдэгдээд буй. Үүний 16 нь хөл хорио, тусгаарлалт хийж байж тархалтыг нь зогсоодог, эрсдэл өндөртэй өвчнүүд аж. Тэдэн дотроо халдварлахдаа хамгийн амархан, цар хүрээ нь огцом нэмэгддэг нь томуу, томуу төст өвчнүүд ажээ. Хэтэрхий түгээмлээсээ болоод “Нийгмийн” гэх тодотгол авсан эдгээр өвчнөөр хэдэн зуун сая хүн өвчилдөг. Гэтэл ийм хурдан тархдаг томуугийн вирус хор хөнөөл ихтэй (үхлийн хувь өндөртэй), эмчилгээгүй болчихвол юу болох вэ. Дэлхий нийт одоо яг ийм өвчинтэй нүүр тулан тэмцэлдэж байна. Энэ тохиолдолд өвчний тархалтыг хязгаарлах ганц л арга байдаг нь тусгаарлалт, хөл хорио тогтоох арга бөгөөд одоо ч амьдрал дээр батлагдаж байгаа юм.
Цар тахлын эхний давлагааг улс орнууд чухамдаа хатуу хөл хорио тогтоосныхоо хүчээр л давж гарсан. Харин намар нь эдийн засгаа бодоод хатуу хөл хорионоос зайлсхийх гэж үзсэнийхээ гороор хоёр дахь давлагаанд илүү ширүүн цохиулж байна.
Намар эхэлсэн хоёр дахь давлагаагаар өвчилсөн хүний тоо, нас барсан хүний тоо гээд бүх үзүүлэлтээрээ өнгөрсөн хаврынхаас давж гарсан. Хөл хориог сулруулсан болон хөл хорио тогтоосон ч дүрэм журмыг зөрчсөн улс бусдаасаа илүү хохирч байна.
Хөл хориогоо цуцалсан Франц улс халдварын тархалт хамгийн өндөр байгаа улсын нэг. Энэ байдлын шалтгаан нь хорио цээрийн дэглэмийг сулруулснаас гадна иргэд хөл хорионы дэглэм зөрчсөнөөс болсон. Тодруулбал, хоёр дахь удаа бүх нийтийн хөл хорио тогтоосны дараа францчуудын бараг 2/3 нь хөл хорионы дэглэмийг зөрчсөн гэсэн санал асуулгын дүн гарсан юм.
Францын нэгэн адил хөл хориогоо сулруулах гэж оролдоод одоо бүр ч чанга хөл хорио тогтоохоос өөр аргагүй болсон улс бол Их Британи. Тус улс хөлбөмбөгийн тэмцээнүүдийг хүртэл үзэгчтэй явуулахыг зөвшөөрөөд байсан. Гэтэл Ковид 19 өвчнийг үүсгэгч MERSCov2 вирусээс ч илүү аюултай байж болзошгүй VUI - 202012/01 шинэ хувилбар илэрчихлээ.
Эрдэмтэд коронавирусийг 1960 онд анх нээснээс хойш 40 гаруй хувилбарыг илрүүлсэн ч SARS Cov, MERSCov гэсэн хоёр төрөл нь л хүнийг үхэлд хүргэж байжээ. Харин энэ удаа бид өмнөх хоёроосоо аюултай гурав дахь төдийгүй дөрөв дэх хувилбартай тулгарсан нь ойлгомжтой боллоо.
Их Британийн Редингийн их сургуулийн микробиологийн хүрээлэнгийн доцент Саймон Кларк “Вирус бидний эсэд нэвтэрч ороод өөрийгөө үржүүлэхийн тулд эсийн материалаас ашигладаг. Ингэж ашиглах болгонд генетикийн өөр, өөр цуглуулга үүсэж, хувьсан өөрчлөгддөг” гэж мэдэгдсэн. Тодруулбал вирус амьтнаас хүнд төдийгүй хүнээс хүнд халдварлахдаа шинж чанараа өөрчлөх боломжтой. Энэ процессс хэдий олон удаа давтагдана төдий чинээ өөрчлөгддөг байна.
ДЭМБ-ын Ковид19 хариуцсан төлөөлөгч Мария ван Керхове “Ковид19 өвчин хэр удаан хугацаанд тархана, коронавирусийн хувьсах боломж нь төдий чинээ нэмэгдэнэ” гэсэн. Цаана нь дахиад тав, зургаа дахь хувилбар гарахыг ч үгүйсгэхгүй гэсэн үг. Тэгэхээр дэлхий нийт буцаад хатуу хөл хорионы дэглэмд шилжихээс өөр аргагүй болж байх шиг. Тэгэхгүй бол Их Британи мэтийн хөл хорио сулруулсан оронд вирусийн хувьсах боломж илүү гарах нь ойлгомжтой боллоо. Кембрижийн их сургуулийн линикийн микробиологийн тэнхимийн профессор Равиндра Гупта “Вакцин одоохондоо үйлчилж байж болох ч давж гарахад нэг их олон удаагийн хувирал шаардагдахгүй болов уу” хэмээн санаа зовсноос үзсэн ч гэсэн аюул дуусаагүй гэдэг нь илэрхий байна шүү дээ.
Ер нь бол коронавирусийн цар тахлын үед хөл хорио тогтоох нь хамгийн зөв алхам гэдгийг батлах үйл явдлууд энэ өдрүүдэд улам л нэмэгдэж байна. Цар тахал эхэлсэн үеэс л үл тоож, сүргийн дархлаа тогтоох ёстой гэж мэдэгдэж, тактикаа ч тэгж боловсруулсан Швед улс өдгөө амаа барьж байна. Өнөөг хүртэл тус улсад 350 гаруй мянган тохиолдол бүртгэгдэж, 8000 орчим хүн нас барсан бөгөөд Эзэн хаан Карл “Бид илүү олон хүний амийг аврах боломжтой байсан ч чадсангүй” гэж ард түмнээсээ уучлал гуйсан байна.