Дэлхийн ядуувтар улс орнуудын иргэд 1960-1990 оны үед БНСУ, Япон, Филиппин зэрэг улс руу чиглэсэн ажиллах хүчний их нүүдэл хөвөрч байсан түүх бий. Ингэснээр тухайн орны үндэсний эдийн засаг нь жил бүр асар олон тэрбум долларын алдагдал хүлээж байсан удаатай. Үүний адил гадаад руу чиглэсэн монгол иргэдийн их цуваа сүүлийн 20 гаруй жил тасралтгүй хөвөрч, нийт ажиллах хүчнийхээ 15 гаруй хувийг бусад улс руу алдаад байгаа гэсэн судалгаа гарчээ. Албан бус тоогоор Монгол Улсын 200 мянган иргэн гадаадад ажиллаж, амьдарч байгаа нь “brain drain” буюу мэргэжлийн болон оюуны өндөр чадавхын урсгалыг гадагшлуулж, улмаар өөрийн улс орондоо өндөр чадвар бүхий мэргэжилтнүүдийн хомсдлыг бий болгох аюул нүүрлэж байна. Зөвхөн БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэдийн тоо 35 мянгад хүрчээ.Иймээс гадаадад суутаа Монголчуудын “Цахим Өртөө Холбоо“ ТББ нь эх орныхоо ажиллах хүч, мэргэжилтнүүдээ татахын тулд “Зөгийн үүр”, “Ажлын өдөрлөг” зэрэг төслийг санаачлан хэрэгжүүлж эхлээд байна. Монголчууд олноор байдаг гадны улс орнуудад ажлын байрны цуврал өдөрлөгүүдийг зохион байгуулж, тухайн компанийн хүний нөөцийн удирдлага, мэргэжилтнүүдийг аваачиж уулзалт ярилцлага хйижээ. Мөн тэдэнд цалин хангамж ажлын байрны нөхцөл сайтай ажилд орж, эх орондоо эргэн ирж амьдрах боломжийг бүрдүүлж өгөхөд чиглэсэн мэдээлэл, сурталчилгаа ч хийсэн байна.
“Монгол дахь ажлын байрны нээлттэй өдөрлөг 2011” төслийг БНСУ-д байгаа Монгол оюутны холбоо, Солонгосын Аж үйлдвэрийн Хүний нөөцийн албатай хамтарч энэ сарын 25-26-нд Сөүл болон Пусан хотод зохион байгуулах гэж байна. Энэ жил Солонгос улсад ажлын гэрээ нь дуусч байгаа 4000 иргэд эх орондоо ирэхдээ ажлын байртай байх сайхан боломж ч бүрджээ. Солонгос Улсын Аж үйлдвэрийн яам энэ жил 1000 монгол иргэдийг хүнд даацын машин, механизмын оператор, гагнуурчин зэрэг хэрэгцээ шаардлагатай мэргэжлүүдээр 3-6 сарын сургалт явуулж байгаа гэсэн таатай мэдээлэл ч байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )