Хүхэрлэг хий ахиу гарсан нь агаарын урсгал тогтуун байсантай холбоотой гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 12 сарын 23


Улсын Их Хурлын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны 01 дүгээр тогтоолоор байгуулсан Ажлын хэсэг өнөөдөр /2020.12.23/ цахимаар хуралдлаа.

Эхлээд Нийслэлийн Зохицуулах зөвлөлийн дарга /Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга/ Т.Гантөмөр төвлөрсөн бус хангамжийн дулаан үйлдвэрлэх, түгээх, дулааны эрчим хүчээр зохицуулалттай хангах зуухнуудыг шат дараатайгаар төвлөрсөн дулаан, цахилгаан, хийд холбох, сайжруулсан шахмал түлшээр галлах технологийн горимд шилжүүлэх зэргээр түүхий нүүрсээр галлахыг зогсоохоор явуулж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Дараа нь Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр улсын хэмжээний болон Улаанбаатар хотын агаарын чанарын талаар мэдээлэл өгөв. Тэрбээр 24 цагийн турш агаарын чанарыг хянах суурин харуул Улаанбаатарт 15, орон нутагт 25 ажилладаг, эдгээр автомат харуулууд агаар дахь түгээмэл тархалттай хүхэрлэг хий, азотын исэл, нүүрстөрөгчийн дутуу  исэл, озон, PM10, PM2.5, тоосонцор зэрэг бодисын үзүүлэлтийг тодорхойлдог. Улаанбаатарын агаарын чанар өнгөрсөн  аованнэгдүгээр сар болон сүүлийн долоо хоногт дундаж буюу бага бохирдолттой тодорхойлогдсон. Агаарын чанарын индексийг их бохирдолттойгоос эхлэн 6 түвшингээр авч үздэг бөгөөд сүүлийн жилүүдэд 4 зэрэглэлээр буурсан гэсэн мэдээллийг өгсөн юм.

Үргэлжлүүлэн Ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Г.Ганболд, Т.Аубакир болон Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Б.Саранчимэг нар асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням Улаанбаатар хотын агаарын бохирдол өнгөрсөн оны мөн үеийнхээс ихэссэн эсэх, тэр дундаа хүхэрлэг хийн агууламж ямар байгааг тодруулав. Асуултад Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр агаарын бохирдлын агууламжийг хэмждэг хүхэрлэг хий өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлтээр өнгөрсөн жилийн мөн үеийнхээс ахиу гарсан бөгөөд энэ нь галлагааны эрчим нэмэгдсэн, агаарын урсгал тогтуун байгаатай холбоотой гэсэн тайлбар хэллээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Нарангэрэл “Тавантолгой түлш”  ХХК-ийн сайжруулсан түлшнээс тогтмол авдаг шинжилгээгээр 1 байх ёстой хүхрийн хэмжээ 1-тэй тэнцүү буюу стандарт хэмжээндээ гарч байна гэсэн хариулт өгөв. 

Улсын Их хурлын гишүүн Б.Саранчимэг Улаанбаатар хот дахь төвлөрсөн дулаанд холбох боломжгүй байршлын хэчнээн уурын зуухыг түүхий нүүрсээр галлаж байгаагаас ирэх онд хэдийг нь зогсоож, цаашид хумих ямар бодлого барьж байгаа талаар тодрууллаа. Дээрх асуултад сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цагдаагийн хэсэг, онцгой байдлын алба, зэвсэгт хүчний цэргийн анги, төмөр замын өртөө, хувийн хэвшил зэрэг 181 аж ахуйн нэгж өнөөдрийн байдлаар түүхий нүүрсээр галладаг зуухаар халаалтаа шийдэж байгаа бөгөөд 2021 оны 5 дугаар сараас  Улаанбаатар хотын 2, 3 дугаар бүс дэхь 79 уурын зуухыг түүхий нүүрсээр галлахыг зогсоохоор төсөв хөрөнгийг шийдэн ажиллаж байна. Цаашид “Амгалан  дулааны станц” зэрэг томоохон дулааны станцаас бусад түүхий нүүрсээр галладаг уурын зуухны тоог жил бууруулна гэдэг тайлбарыг Нийслэлийн Зохицуулах зөвлөлийн дарга Т.Гантөмөр өгсөн юм.

Түүнчлэн сайжруулсан түлшний үнийг 75 хүртэл хувиар бууруулсан нь түлшний хангамж, түгээлт, нөөцөд нөлөөлсөн үү, Улаанбаатар хот болон хөдөө орон нутаг, аймгуудад түүхий нүүрсээр галладаг бүх уурын зуухуудад шүүлтүүр тавих боломж бололцоо байна уу, судалгаагаар агаарын бохирдол өндөр гарсан аймгуудад сайжруулсан шахмал түлшний үйлдвэр бүсчлэн байгуулах ажилд ямар ахиц байгаа талаар болон агаарын бохирдлыг бууруулах ямар ажилд хэдэн төгрөг төсөвлөсөнийг Улсын Их Хурлын гишүүд тодруулж хариулт авав. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Туяа(64.119.16.69) 2020 оны 12 сарын 23

Салхи,цас байгалийн үзэгдэл л хааяа цэлмүүлж байна даа.

0  |  0
Zelme(64.119.16.69) 2020 оны 12 сарын 23

11 сард цэвэр байсан гэнээ,учир нь олон удаа цас орж агаар цэвэршсэн,САЛХИ ЦАС 2 БИДНИЙ АВРАЛ БОЛООД БАЙНА.ТҮЛШ БИШ ХОРТ ХИЙ

0  |  0
Zelme(64.119.16.69) 2020 оны 12 сарын 23

Утаанаас салгачихсан аятай л ярих юм,цас орны дараа эсвэл салхитай үеийн агаар цэвэр үед хэмжиж худал хуцахаа болимоор юм.Сонгино хайрхан гэх мэт газар 100 метр харагдахгүй бөөн утаа л байна.Бас хоруу чанартай хийгээр дүүрэн.

0  |  0
Top