НДЕГ-ын 2020 оны онцлох 10 ажил

2020 оны 12 сарын 25

1. АЖИЛ ОЛГОГЧ, ДААТГУУЛАГЧДЫН ХАМРАЛТ ӨСЛӨӨ

Нийгмийн даатгалын байгуулага нийт 48.8 мянган ажил олгогч, 1 сая 16 мянган иргэнийг даатгалд хамрууллаа. Бид шинээр 3,8 мянган ажил олгогч, 111.0 мянган албан журмын даатгуулагч, 60.5 мянган сайн дурын даатгуулагчийг хамруулсанаар нийгмийн даатгалын хамрах хүрээ улам бүр өргөжин тэлж байна.

2. МОНГОЛ УЛСЫН 5 ХҮН ТУТМЫН 1 НЬ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ АВЧ БАЙНА

2020 оны эхний 11 сарын байдлаар нийгмийн даатгалын санд 1.7 их наяд төгрөгийн орлого бүрдүүлсэн бол зарлагын санхүүжилтэд 2.2 их наяд төгрөг зарцуулж, 644.2 мян.хүнд тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардал олгон үйлчилгээ үзүүллээ. Өөрөөр хэлбэл бид Монгол Улсын таван хүн тутмын нэгийнх нь санхүүгийн эрсдэлийг хуваалцаж, нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлж байна.

3. ХҮҮХДЭЭ АСРАХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙГАА ЭХЭД ШИМТГЭЛИЙН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЖ БАЙНА

Хүүхдээ 3 нас хүртэл асрах чөлөөтэй байгаа эхэд нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт үзүүлж эхэллээ. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх нь үүссэн сайн дурын даатгуулагч эхийн хүүхдээ асрах хугацаанд шимтгэлийн 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас; бусад эхийн шимтгэлийн 50 хувийг улсын төсвөөс хариуцан төллөө. Хуулийн үйлчлэлд 17140 эх хамрагдаж шимтгэлийн хөнгөлөлтөд 3.1 тэрбум төгрөг зарцууллаа.

4. САЙН ДУРЫН ДААТГУУЛАГЧ ЭХИЙН ЖИРЭМСНИЙ БОЛОН АМАРЖСАНЫ ТЭТГЭМЖИЙГ 100 ХУВИАР ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Сайн дураар даатгуулагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 2020 оноос эхлэн даатгуулагчийн шимтгэл төлсөн 12 сарын орлогын дунджаас 100 хувиар тооцон олгож эхэллээ. Өмнө нь 70 хувиар тооцдог байсан ба тус хуулийн үр дүнд  11.3 мянган даатгуулагч эх 3.0 тэрбум төгрөгийг тэтгэмж дээрээ нэмж тооцууллаа.

5. ЗАРИМ ИРГЭНИЙ ТЭТГЭВРИЙГ 50 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭГДҮҮЛЛЭЭ

Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийг 2020 онд хэрэгжүүлж  БНМАУ-ын Тэтгэврийн хуулийн дагуу 1991 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар 31-ний хооронд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зарим иргэнийг хамрууллаа. Хуулийн үйлчлэлд 37.0 мянган иргэн хамрагдаж, тэтгэврийн нэмэгдэлд 21.6 тэрбум төгрөг зарцууллаа.

6. МАЛЧИН, ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧИД ШИМТГЭЛЭЭ НӨХӨН ТӨЛЛӨӨ

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль 2020 оноос хэрэгжиж 8.7 мянган малчин 630 хувиараа хөдөлмөр эрхлэгч хамрагдан, 17.3 тэрбум төгрөгийн шимтгэл нөхөн төллөө. Хуулийн үр дүнд 6516 даатгуулагч тэтгэврээ тогтоолгон 9.8 тэрбум төгрөгийг тэтгэвэрт нь зарцууллаа.

7. ТӨРҮҮЛСЭН БОЛОН ҮРЧЛЭН АВСАН ХҮҮХДИЙН ТООГООР 1 ЖИЛ 6 САР НЭМЖ ТООЦЛОО

Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч, зургаан нас хүртэл  хүүхдээ өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцож эхэллээ. Хуулийн үйлчлэлд 22886 эх хамрагдаж, тэтгэврийн хэмжээ нь дунджаар 7.5 хувиар нэмэгдлээ.

8. БНСУ ДАХЬ ИРГЭДИЙНХЭЭ НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАНГАН АЖИЛЛАЖ БАЙНА

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн Нийгмийн даатгалын тасаг нь 2020 онд нийгмийн даатгалын санд нийт 1.5 тэрбум вон буюу 3.1 тэрбум төгрөгийн шимтгэлийн орлогыг төвлөрүүлж, хөдөлмөрийн гэрээтэй 5369 албан журмын даатгуулагч, 797 сайн дурын даатгуулагчийнхаа нийгмийн баталгааг ханган ажиллалаа. Тус тасаг нь үйл ажиллагаа явуулж эхэлснээсээ хойш 13 жилийн хугацаанд Монгол Улсын нийгмийн даатгалын санд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр болон бусад хэлбэрээр хөдөлмөр эрхэлж буй иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийн орлого нийт 17.8 тэрбум вон буюу 29.2 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна.

9. НИЙГМИЙН ДААТГАЛ ГАР УТАСНЫ АППЛИКЕЙШН 121.0 МЯНГАН ХЭРЭГЛЭГЧТЭЙ

Нийгмийн даатгалын орлого, зарлагаа хянах, сайн дурын даатгалд хамрагдах, шимтгэл төлөх боломжийг бүрдүүлсэн “НИЙГМИЙН ДААТГАЛ” гар утасны аппликэйшнийг 121.0 мянган даатгуулагч идэвхтэй ашиглаж байна.  Нийгмийн даатгалын үйлчилгээг гар утаснаасаа авах, хуулийн зөвлөгөө, мэдээлэлтэй танилцах, тэтгэвэр тэтгэмжийн тооцоолол хийх, санал хүсэлтээ илгээн шийдвэрлүүлэх зэрэг олон боломжийг энэхүү аппликэйшн нь бүрдүүлсэн.

10. НИЙГМИЙН ДААТГАЛЫН АРХИВЫГ БҮРЭН ЦАХИМЖУУЛЖ,  ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ ШУУРХАЙ БОЛГОЛОО

Архивт хадгалагдаж байсан 1995-2005 оны хоорондох 1.1 сая ажил олгогч, 42.4 сая даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 13 сая хуудас цаасан тайлан, маягтыг  100 хувь цахимжууллаа. Ингэснээр даатгуулагч архивын баримтаа чирэгдэлгүй шуурхай авах боломж бүрдэж байгаагаас гадна өөрийн шимтгэл төлж ажилласан жил, цалин орлогын мэдээлэлдээ тулгуурлан тэтгэврийн тооцооллоо хийх, нийгмийн даатгалын цахим хяналт сайжрах нөхцөл бүрдлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Л.Мөнхцэцэг(59.153.85.97) 2020 оны 12 сарын 26

Тэтгэвэр тогтооход сүүлийн 60сар биш84 сараар боддог ньямар учиртай хууль вэ.

0  |  0
Top