Монгол Улсад 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Коронавируст халдварын (Ковид-19) дотоодын анхны тохиолдол бүртгэгдэж, цаг хугацаа, газарзүйн байршил, тархвар судлалын хувьд хоорондоо холбоотой болон холбоогүй халдвар кластер хэлбэрээр тархсан. Халдварын тархалт нэмэгдэж, аймаг дамжин тархах эрсдэл өндөр байсан тул халдварын голомтод шуурхай хариу арга хэмжээг цаг алдалгүй зохион байгуулж, тархалтын цар хүрээг хязгаарлах, голомтыг цомхтгон таслан зогсоох хүрээнд Эрүүл мэндийн сайдын А/539 тоот тушаалын дагуу бэлтгэгдсэн талбарын тархвар судлаачдыг орон нутагт томилон, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулсан.
Тэгвэл өнөөдөр үүргээ гүйцэтгэж байгаа томилгоот багуудтай Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица, Сайдын зөвлөх, Доктор О.Чимэдсүрэн болон холбогдох албаныхан цахим зөвлөгөөнийг зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөнөөр хариу арга хэмжээний зохион байгуулалт, ололт, амжилт, тулгамдаж буй бэрхшээлийг дүгнэн хэлэлцэж, цаашид талбарт ажиллах багуудын арга зүйг сайжруулах чиглэлээр хэлэлцсэн юм.
Энэ үеэр Эрүүл Мэндийн Сайд Т.Мөнхсайхан хэлэхдээ “Өнгөрсөн хугацаанд дотоодын халдварын улмаас тархвар судлаачид, эмчилгээ, оношилгооны багууд халдварын тохиолдол бүртгэгдсэн нийслэл болон зарим аймаг, сумдад томилогдон ажилласан. Энэ удаагийн зөвлөгөөнөөр бодит байдалд дүгнэлт хийх, процессын туршлага солилцох, цаашид авч хэрэгжүүлэх ажлууд дээрээ анхаарах зэрэг олон асуудлыг хэлэлцэж байна. Судалгаа, нотолгоо, дүн шинжилгээнд тулгуурлан халдварыг богино хугацаанд, эрсдэл багатай, даван туулах боломж бидэнд байна. Энэхүү зөвлөгөөний үр дүнд нэгдүгээрт 2021 оны нэгдүгээр сардаа багтаан үлдсэн аймгуудад молекул биологийн лаборатори байгуулагдах тул энд ажиллах багийг чадавхижуулах, сургаж дадлагажуулах, хоёрдугаарт аймгууд байнгын болон идэвхтэй тандалтын үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, сумдын түвшинд тандалтын багийг дадлагажуулах, гуравдугаарт тусгаарлах байрны нөөцийг нэмэгдүүлэх, дөрөвдүгээрт эрүүл мэндийн байгууллагууд дотооддоо халдвар тархахаас сэргийлэх, эрсдэлт бүлгийг хянах, шинжлэх, тусгаарлахад анхаарах шаардлагатай” хэмээн онцоллоо.
ДЭМБ-ын суурийн төлөөлөгч Сергей Диордица дараах зүйлийг тодотгож байсан юм. Тэрээр “энэ удаагийн зөвлөгөөнөөр бид Коронавирусийн халдварыг хянаж, тогтоох бүрэн боломжтой гэдэг нь харагдаж байна. Халдварыг амжилттай тогтооход салбар хоорондын хамтын ажиллагаа ихээхэн чухал үүрэгтэй. Эрт илрүүлэг, хавьтлын тандалт, эмчилгээ, тусгаарлалт зэрэг олон талт хамтын ажиллагааны хүрээнд халдварыг хумьж байна. Бүс нутагт харилцан адилгүй стратеги хэрэгжүүлэх нь хэр үр дүнтэй бэ гэдгийг үнэлж харьцуулах боломж энэ удаагийн зөвлөгөөнөөр бий боллоо. ДЭМБ-аас хоёр стратегийг зөвлөж байгаа. Нэгдүгээр эрт илрүүлэг, хоёрдугаарт эрсдэлт бүлгийн дундах идэхвтэй тандалт юм. Ирэх оны 1 болон 2 дугаар улиралд Монгол Улсад Коронавирусийн эсрэг вакциныг оруулж ирэх боломжтой. Хэрэв вакцин оруулж ирсэн тохиолдол эрсдэлт бүлэг болох галын шугаманд ажиллаж байгаа ажилтан албан хаагчдаа вакцинжуулах шаардлагатай. 2021 оны төгсгөл гэхэд нийт хүн амын 20 хувийг вакцинжуулах төлөвлөгөөтэй байна. Гэхдээ вакцин орж ирсэн ч бид одоо хийж байгаа үйл ажиллагаагаа зогсооно гэсэн үг биш. Вакцинжуулалтын үеэр ч гэсэн Коронавирусийн халдвар хэвээр байх учраас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээний үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах шаардлагатай. Тэр утгаар энэ удаагийн зөвлөгөөнөөр харилцан туршлага солилцож байгаа нь цаг үеэ олсон чухал зүйл” хэмээсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )