КОВИД 19 I Өмнөд Солонгост шинэ вирусээр гурван хүн өвчилжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 28

Их Британид амьдарч байгаад БНСУ-д ирсэн гурван хүнээс коронавирусний шинэ хувилбарын халдвар илэрсэн талаар тус улсын Халдварт өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдэгджээ.

Их Британиас энэ сарын 22-нд ирсэн гурван хүний шинжилгээний сорьцод генетикийн шинжилгээ хийхэд хувьссан вирус илэрсэн байна. Их Британид коронавирусний өмнөхөөсөө илүү хурдан халдварладаг шинэ хувилбар энэ сарын дундуур илэрсэн юм.

Коронавирусний уг шинэ хувилбар найман оронд бүртгэгдсэн байна. Дэлхийн хэд хэдэн улс Их Британитай нислэгээ зогсоожээ.

БНСУ-ын Хүнс, эмийн аюулгүй байдлын яам “COVID-19”-ийн эсрэг вакцин, эмчилгээнд зөвшөөрөл олгох хугацаагаа богиносгоно гэдгээ мэдэгдсэн байна. Тус улсад аливаа вакцинд зөвшөөрөл олгоход 180 хоногийн хугацаа шаардагддаг ч цар тахлын онцгой нөхцөл байдалтай холбоотойгоор уг хугацааг 40 хоног болгон бууруулахаар ажиллаж байгаа аж.

Өмнөд Солонгос “Janssen” болон “Pfizer” компанитай 16 сая тун вакцин худалдан авах гэрээ байгуулжээ.

 

Top