“Роснефть”-ийн Монгол хүүхэлдэй нь С. Баяр юм уу

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 22


 

Оросууд шатахуун нийлүүлэхгүй зовоож байна. Ганцхан хойд хөршөөсөө бензин шатахууны хараат байдалтай байдаг манайхны хувьд энэ нь мөхөл гэсэн үг. Орос ах нар сүүлдээ монголчуудын хүзүүг шатахуунаараа базаж тавьдаг уламжлалтай боллоо. Жаахан дургүй нь хүрэхээрээ нийлүүлэлтээ хязгаарлана. Тэгмэгц нь Монголд том, жижиггүй  амь тавих шахна. С.Баярын Засгийн газрын үед Оросууд яг өнөөдрийнх шигээ монголчуудыг “чангалж” үзсэн. Манай дарга нар нефть бүтээгдэхүүн импортолдог хэдэн компанийхаа улыг долоох шахам юм болж байлаа. “Шунхлай”-н Батхүү, “Петровис”-ийн Оюунгэрэл мэтийн хүмүүс жинхэнэ үнэд орсон. Тэд Засгийн газарт шахалт үзүүлэн компаниуд маань алдагдалд орох гээд байна хэмээн 20 гаруй тэрбум төгрөг улсын нөөцөөс гаргуулж авсан гэдэг. Хариуд нь шатахууны үнэ харин олигтой буураагүй. Тэр үед бас нэг сонин үзэгдэл болсон. Юув гэвэл Оросын нефть бүтээгдэхүүний арилжааны акулуудын нэг, манай гол ханган нийлүүлэгч “Роснефть” компани өөрсдийн шатахуун түгээгүүрийн станцуудаа манайд байрлуулахыг тулган шаардсан юм.  Энэхүү тулгалтыг С.Баярын Оросуудтай хийсэн хуйвалдаан хэмээн тайлбарлах хүн ч цөөнгүй гарч байв. С.Баяр өөрөө ч  УИХ-д  хандан “Роснефть” компаний 100 түгээгч станцыг Монголын нутагт тараан байршуулах санал тавьсан. Харамсалтай нь дэмжлэг аваагүй. Яалаа гэж дэмжихэв. Өөрийн хэдэн компаниа тэжээд чадахгүй шахам байж өрөөлийн компанийг оруулж ирээд юугаа бодож суухав. Гэсэн ч улс төржүүлсэн, нэр төр гутаасан юм ярилаа гэж С.Баярыг өмөөрөгч бүлэглэлүүд нь дуугаа нийлүүлэн хашгирч өгсөн дөө. Ингээд энэ яриа түр намжиж билээ. Тэгвэл “Роснефть” компаний удирдлагаас манай төр, засаг, газрын тосныхонд хаягласан захидлаа саяхан ирүүлсэн байна. Уг захидалдаа “Хэрвээ “Роснефть”-ийг Монголын зах зээл рүү оруулахгүй бол танайхан АИ-92, дизель түлшний хомсдолоосоо гарах боломжгүй” гэсэн утгатай юм бичжээ. Тэд анх удаа ч ийм бичиг илгээж буй хэрэг биш юм. Тус компаний гүйцэтгэх захирал Э.Ю.Худайнатов С.Баярыг Ерөнхий сайд байх үед мөн ирүүлж байжээ. Тухайн үед ийнхүү оросын компаний шахалтанд орсондоо тэр үү, эсвэл ашиг хүртэх сонирхолдоо хөтлөгдсөн үү, ямартай ч С.Баяр Э.Ю. Худайнатовын дохио зангаагаар хөдлөх гэж оролдож байв. Гэхдээ УИХ-аас түүнд ийм боломж олгоогүйг дээр товч өгүүллээ. Тэгвэл одоо “Роснефть” дахиад Сү.Батболдод шахалт үзүүлэв. Хэрхэхийг УИХ-ын гишүүд л шийдэх болж байна. С.Баяр “Роснефть”-ын хүүхэлдэй юм уу гэсэн яриа дахиад л төрийн ордон дотроос хальж гудамж хэрэн тэнүүчилж эхэллээ.   

Сэтгүүлч Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top