Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Засаг даргын тамгын газрын дарга өндөр гэгээн Занабазарын урласан “Ногоон Дарь-Эх” бурханг нутгийн иргэн Пүрэвбат гэгчтэй үгсэн нийлж хулгайлжээ. Амьд Ногоон дарь эх бурхан хоёр оны заагт хулгайд алдагдсан бөгөөд одоогоор Монгол Улсын Эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа аж. Уг бурхныг Эрдэнэсийн сангаас 500 сая төгрөгөөр үнэлсэн байна. Бурхан алга болсныг хамгийн түрүүнд Боржигоны баруун жанжин Чойр хийдийн хамба лам мэдсэн гэнэ. Түүний зүүдэнд бурхан алга болж оронд нь өөр бурхан сольж тавьсан тухай их тодорхой зүүдлэгджээ. Өглөө сэрэнгүүтээ зүүднийхээ дагуу “Ногоон дарь эх” бурхан өөр бурхнаар солигдсон байхыг анзаарсан байна. Ингээд хамба лам цагдаад дуудлага өгсөнөөр уг хэргийг зангилаа тайлагдаж, хулгайч нар баригдсан нь сумын Засаг даргын тамгын газрын дарга, нутгийнханыхаа дунд “шилийн сайн эр “Хожиндоо”” хэмээн алдаршсан Пүрэвбат гэгч хоёр байж таарчээ. Гэмт хэрэгтнүүдийг эдүгээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 419 дүгээр анги буюу “Ганцхудаг”-ийн урьчилан хорих төвд хоригдож байгаа гэнэ. Тэд энэ хэргийг эртнээс төлөвлөн байж үйлдсэн бөгөөд амьд Ногоон дарь эх бурхны оронд 1.3 сая төгрөгөөр хуурамч бурхан хийлгэн авчирч тавьсан байжээ. Хуурамчаар хийлгэсэн бурхан түүшин нь арай урт байснаараа жинхнээсээ ялгарсан аж. Уг хэргийг Улсын мөрдөн байцаах газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )