Коронавирусний ШИНЭ ТӨРӨЛ бүртгэгдсэн орнууд

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 02

Их Британид өнгөрсөн сарын 14-нөөс эхлэн тархсан коронавирусний халдварын шинэ төрөл хэд хэдэн улсад бүртгэгдээд байгаа. Түүнээс гадна Их Британийнхаас өөр шинэ хувилбарууд зарим улсад илэрчээ. “COVID-19”-ийн шинэ хувилбарууд нь өмнөх төрлөөсөө илүү хурдан тархдаг ч өвчлөлийн байдал нь өмнөхөөсөө илүү аюултай биш гэж мэргэжилтнүүд үзэж буй.


Их Британи

Их Британид тархсан коронавирусний шинэ хувилбар нь өмнөхөөсөө 70 хувиар илүү хурдан тархаж байгаа аж. Тус улсад шинэ вирусний тархалтын талаар өнгөрсөн арванхоёрдугаар сарын 14-нд анх мэдээлсэн ч “B117” вирусийг есдүгээр сарын дунд үеэс тархаж эхэлсэн гэж үзэж байгаа аж.

Өмнөд Африк

Өмнөд Африкт өнгөрсөн долоо хоногт коронавирусний өөр нэгэн шинэ хувилбар илэрчээ. Тус улсад сүүлийн хоногуудад бүртгэгдэж байгаа халдварын тохиолдлуудын дийлэнх нь уг хувилбараар халдварласан болох нь тогтоогдсон байна.

Турк

Их Британид тархсан коронавирусний шинэ хувилбараар Туркт 15 хүн өвчилсөн талаар тус улсын Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа мэдээлжээ. Их Британиас ирсэн 15 хүнээс хувьсаж өөрчлөгдсөн коронавирусний хувилбар илэрсэн учир тус улсаас Турк руу нэвтрэхийг түр хугацаагаар зогсоогоод байна.

Канад

Их Британид илэрсэн шинэ хувилбар Канадын Альберта, Онтарио зэрэг мужид бүртгэгдээд байна.

Нигери

Нигерид коронавирусний өөр нэгэн шинэ хувилбар P681H тархжээ. Гэхдээ уг хувилбар өмнөхөөсөө илүү хурдан халдварладаггүй гэж одоогоор тогтоогоод байгаа аж.

Франц

Францад шинэ хувилбараар халдварласан тохиолдол өнгөрсөн сарын 25-нд бүртгэгджээ. Их Британийн нийслэл Лондон хотоос ирсэн францын иргэнээс уг халдвар шинж тэмдэггүй хэлбэрээр илэрсэн байна.

Итали

Италид Их Британиас ирсэн иргэнээс шинэ хувилбар илэрсэн байна.

Япон

Японд коронавирусний шинэ хувилбараар таван хүн өвчилсөн талаар долоо хоногийн өмнө мэдээлсэн. Халдвар Их Британиас ирсэн хүмүүсээс илэрчээ.

Австрали

Австралид Их Британиас ирсэн хоёр хүнээс шинэ хувилбар илэрсэн талаар өнгөрсөн сарын 21-нд мэдээлжээ.

Дани

Данид шинэ хувилбараар есөн хүн өвчлөөд байна.

Ливан

ДЭМБ-ын мэдээлснээр Ливанд Лондоноос ирсэн хүмүүсээс халдварын анхны тохиолдол илэрсэн байна.

Нидерланд

Амстердамын бүсээс Их Британид илэрсэн хувилбараар халдварласан хоёр тохиолдол илэрсэн талаар Нидерландын Эрүүл мэндийн сайд Уго де Йонге мэдээлжээ.

Сингапур

Сингапурт арваннэгдүгээр сарын 17-ноос арванхоёрдугаар сарын 17-ны хооронд өвчилсөн хүмүүсийн сорьцноос “В117” хувилбар илэрчээ.

БНСУ

Өмнөд Солонгост Лондоноос ирсэн гэр бүлээс шинэ хувилбар илэрсэн юм. Өвчтөнүүдийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд тусгаарлан ажиглаж байна.

Швед

Их Британиас ирсэн зорчигчоос шинэ хувилбар илэрсэн талаар Шведийн Эрүүл мэндийн агентлаг мэдээлжээ. Уг зорчигчийг Шведэд ирснийх нь дараа тусгаарласан бөгөөд одоогоор нэмж тохиолдол бүртгэгдээгүй байна.

Энэтхэг

Их Британиас сүүлийн долоо хоногуудад ирсэн зургаан хүнээс шинэ хувилбар илэрчээ.

АНУ

АНУ-ын Колорадо мужаас Их Британид илэрсэн шинэ хувилбараар халдварласан анхны тохиолдол илэрчээ. Үүнээс нэг өдрийн дараа Калифорнид өөр нэгэн хүн өвчилсөн байна.

Дэлхийн 31 оронд коронавирусний шинэ хувилбараар халдварласан тохиолдол илрээд байна.

 

 

Top