УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Үүнтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд хууль санаачлагчдаас асуулт асууж, хариулт авч байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Шүүгчийн ажлыг өөр хүн орлоно гэж байдаггүй. Нийт 570 шүүгч бий. Тэтгэвэрт гарч байгаа насны завсар дээр цонх үүсч, шүүхийн тасралтгүй үйл ажиллагаа явуулах үйл явцад нөлөөлдөг. Энэ байдлаас болж бусад шүүгчдээ ачаалал үүсдэг. Хэрэв шүүгч тэтгэвэрч гарах гэж байгаа бол 90 хоногийн өмнө мэдэгдэх ёстой" гэв.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуульд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 6 дахь хэсгээр нэмсэн Шүүхийн сахилгын хороо, түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг тодорхой болгож тусгасан байна Мөн анхан болон давж заалдах шатны шүүхийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн тойргийн зарчмаар байгуулж болох зохицуулалтыг төсөлд тусгасны зэрэгцээ шүүгчид хүлээлгэх хариуцлага, үүнд шүүгчийн мэргэжлийн хариуцлагын зөрчлийг тогтоох, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх процесс, шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлтэй холбоотой өөрчлөлтийг зохицуулж өгчээ.
Шүүхийн мэргэшлийн хороо нь орон тооны бус есөн гишүүний бүрэлдэхүүнтэй байх одоогийн зохицуулалтыг хэвээр хадгалж, харин гишүүдийн бүрэн эрхийн хугацаа таван жил байсныг дөрвөн жил болгон өөрчилж, гишүүдэд тавих шаардлагад эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан байхаар, мөн шүүгч, хуульчаас гадна эрдэмтэн байхаар нэмж зохицуулсан байна.
Түүнчлэн шүүхийн захиргаа буюу Тамгын газар, шүүхийн захиргааны ажилтны эрх зүйн байдлыг боловсронгуй болгох, шүүхийн төсвийг бууруулахгүй байх, шүүхийн судалгаа, шинжилгээ, сургалтын асуудал хариуцах чиг үүрэг бүхий Судалгаа, сургалтын хүрээлэнтэй холбоотой зохицуулалтуудыг тусгасан болохыг уг хуулийн төслийн танилцуулгад дурджээ.
Мөн хуулийн төсөлд шүүгчид хүлээлгэх хариуцлага, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх процессыг тодорхой болгож, шүүгчид тавих болзол шаардлагыг өндөрсгөх, шүүхийн зохион байгуулалтын өөрчлөлтөөр шүүгчийг шилжүүлэн томилох, албан тушаалаасаа өөрчлөгдсөн шүүгчийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой зохицуулалт, шүүх хуралдааны тодорхой үйл ажиллагааг цахимаар зохион байгуулах зохицуулалтыг тусгасан байна.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ Б.Эрхэс гэдэг хүний бичсэн бүх нийтлэлд үг үсгийн төгсгөлд анхаараачээ.Унших гэхээр л төгсгөлгүй утгагүй юм бичээд байх юм.АНХААРАЛТАЙ БИЧ ГЭЖ ХЭЛМЭЭР БАЙНА.\n