КОВИД 19 I БНСУ-д өвчлөл 69 мянга давлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 11

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусээр халдварласан тохиолдол хоногт 451-ээр нэмэгдэж, нийт 69114-д хүрчээ.

Тус улсад шинээр илэрсэн 451 тохиолдлын 32 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Хоногт 2143 хүн эдгэрч, нийт 52552 иргэн эдгэрсэн бол нас баралт хоногт 15-аар нэмэгдэж, 1140 болжээ.

БНСУ-д одоогийн байдлаар 4 751 685 иргэнийг шинжилгээнд хамруулснаас 4 492 808 иргэний хариу сөрөг гарч, 189763 иргэний хариу хүлээгдэж байна.

БНСУ-ын Засгийн газраас энэ сарын 8-ны өдрөөс эхлэн тус улсын хилээр зөвхөн сүүлийн 72 цагийн дотор Ковид-19-ийн PCR шинжилгээ өгч, сөрөг гарсан хариу бүхий хуудастай гадаадын иргэнийг нэвтрүүлэх шийдвэр гаргажээ. Монгол Улсын иргэдийн хувьд дээрх шинжилгээний хуудсыг Монгол Улсын эрх бүхий байгууллагаас англи хэл дээр авсан байх шаардлагатай ба хэрэв монгол хэл дээр байвал англи эсвэл солонгос хэлний баталгаат орчуулга хийгдсэн байх шаардлага тавигдаж байна.

Дээрх баримт бичиггүй тохиолдолд агаарын тээвэрлэгч компани зорчигчийг онгоцонд суулгахгүй бөгөөд хилийн шалган нэвтрүүлэх явцад шинжилгээний хариу нь 72 цагаас хэтэрсэн, эсвэл шинжилгээний хариугүй иргэдийг нэвтрүүлэхгүй аж.

2020 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс хойш БНСУ-руу зөвхөн тус улсад байнга оршин суух визтэй эсвэл эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авах шаардлагатай гадаадын иргэдийг нэвтрүүлж байгаа юм.

Top