Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2021.01.12/ хуралдаан 11 цаг 05 минутад ирц бүрдсэнээр эхэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлэг болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах гэсэн хоёр асуудал хэлэлцэхээр шийдвэрлэлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг эхлээд явуулав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулахдаа зүйл бүрээр хэлэлцэхээр заасны дагуу гишүүд Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зүйл бүрээр асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулж шийдвэрлэсэн юм.
Төслийн 1 дүгээр зүйлд “Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд 48.1.2 дахь заалт нэмж дугаарлалтыг өөрчлөх, “48.1.2 нээлттэй сануулах” гэж нэмэх” зарчмын зөрүүтэй саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нээлттэй, хаалттай сануулах гэсний ялгааны талаар, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд нээлттэй, хаалттай сануулах нь шийдвэр гаргах албан тушаалтны үзэмжийн, дур зоргын асуудал болчих эсэх талаар тодруулж, асуултад Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил нээлттэй, хаалттай гэсэн хоёр төрлийн сануулга Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд орж ирж байгаа учир Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлтөөр тусгах зохицуулалтын талаар болон гаргасан зөрчлийн шинж байдлаас хамаарах буюу хөнгөн, хохирол багатай зөрчил бол ганцааранд нь сануулах, зөрчлийн шинж хүнд, давтан гаргасан бол хамт олонд мэдэгдэж нээлттэй сануулах гэж ялгаж байгаа талаар тайлбарлав.
Мөн төслийн 1 дүгээр зүйлд “Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.5.1 дэх заалтын “Засаг дарга” гэсний дараа “сум, дүүргийн Засаг даргын орлогч” гэж нэмэх” зарчмын зөрүүтэй саналтай холбогдуулж Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил Засаг даргын орлогчийн цалинг цалингийн сүлжээнд оруулаагүй байсан алдааг залруулж буй зохицуулалт болох талаар тайлбар хийв. Ингээд дээрх томъёоллуудаар санал хураалт явуулахад гишүүдийн 63.5 хувийн саналаар санал дэмжигдлээ.
Түүнчлэн, төрийн албан хаагчид олгох ээлжийн амралт ажилласан хугацааг харгалзан нэмэгдэл амралт олгох зохицуулалтын талаар Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Ганбаатар, Н.Энхболд нар асуулт асууж, асуултад Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил, Хөдөлмөр, Ажлын дэд хэсгийн гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулийн заалтыг хэвээр үлдээх саналтай байгаа талаараа тайлбар өгөв. Төрийн албан хаагчид олгох ээлжийн нэмэгдэл амралттай холбоотой зарчмын зөрүүтэй санал гишүүдийн 62.5 хувийн саналаар дэмжигдлээ.
Мөн төслийн 2 дугаар зүйл. Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалтыг албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах түүнчлэн дарамт хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэх”” гэж өөрчлөн найруулах санал гишүүдийн олонхийн дэмжлэг авлаа.
Ийнхүү Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг явуулснаар Байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа
Байнгын хорооны хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулах Байнгын хорооны тогтоолын төслийг батлах тухай асуудлыг хэлэлцлээ.
Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Ганбаатар, Ц.Мөнх-Оргил, Б.Пүрэвдорж нарын бүрэлдэхүүнтэй байгуулах тогтоолын төслийг гишүүдийн 53.3 хувийн саналаар дэмжиж, тогтоол батлагдлаа. Ажлын хэсэгт хуулийн төслийг 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхийг Байнгын хорооны тогтоолоор даалгав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )