Гэр бүлийн хуулийн 80 гаруй хувьд өөрчлөлт оржээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 01 сарын 13

УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж буй хэд хэдэн хуулийн Ажлын хэсгийг ахалж буйн нэг нь Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.

Ажлын хэсэг өчигдөр (2021.01.12) хуралдаж, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд туссан асуудлуудаас гадна төсөлд тусгах шаардлагатай зарчмын зөрүүтэй саналуудын талаар ярилцлаа.

Энэхүү хуулийн төслийг 2019 оны хавар УИХ-д өргөн барьсан билээ.

Гэр бүлийг төрөөс дэмжих, залуу гэр бүлийг дэмжих, гэрлэгчид, эцэг, эх, асран хамгаалагч нарын үүрэг хариуцлага, хүүхдийн хүмүүжил, гэр бүл дэх хүүхдийн эрх, өмчлөл, хүүхдийн тэтгэлэг төлөлт, иргэдийн гэр бүлийн боловсрол, гэр бүлийн үнэт зүйл, угийн бичиг хөтлөлт, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн асрамж, хамгаалал, хүүхэд үрчлэлт, гэр бүлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагын чиг үүрэг, тогтолцоог хуульчлах асуудлууд яригдсаар олон жилийн нүүр үзэж байгаа.

1999 оноос мөрдөгдөж буй Гэр бүлийн тухай хууль нийт 10 бүлэг, 102 зүйлтэй том хууль юм. Шинэчилсэн найруулгаар үндсэндээ уг хуулийн 80 гаруй хувьд өөрчлөлт орж, “Гэр бүлийг дэмжих төрийн байгууллагын чиг үүрэг, тогтолцоо”, “Гадаадын иргэн болон харьяалалгүй этгээд оролцсон гэр бүлийн харилцаанд гэр бүлийн хууль тогтоомжийг хэрэглэх” гэсэн 2 бүлэг шинээр нэмэгдэж байгаа.

Хуулийн төсөлд гэр бүлийн харилцаа насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын сайн дурын харилцаан дээр үндэслэсэн байх, гэрлэгчид тэгш эрхтэй байх, гэр бүлийн асуудлыг гэр бүлийн гишүүд харилцан тохиролцож шийдвэрлэх, хүүхдийг гэр бүлд өсгөн хүмүүжүүлэхийг эрхэмлэх, төрөөс гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих, хүүхдийн ашиг сонирхлыг тэргүүн ээлжинд хамгаалах зарчмыг баримталжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top