Өчигдөр Чингэлтэй дүүргийн шүүхээс нэгэн залилангийн хэргийн шүүх хурлыг дахин хойшлуулах шийдвэр гаргав. Солонгосын виз гаргаж өгөхөөр залилсан хэргийн шүүх хурал таван жил сунжирч, тав дахь удаагаа хойшиллоо. Өмнөд Солонгос руу явахаар Зуучлах товчоогоор бүртгүүлсэн ч тэнцээгүй хүмүүст виз гаргаж өгнө хэмээн нэр бүхий таван этгээд хулхиджээ. Энэ хэрэг 2006 оны гуравдугаар сараас эхтэй юм байна. Шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон тул энэ хэргийн хохирогч Ё.Туулаас хэдэн зүйл тодруулсан юм.
-Энэ хэрэг юунаас эхтэй юм бол?
-н.Цогтоо, н. Амаржаргал, н.Хажидмаа,н.Ариунхишиг, н.Ариунчимэг нарын хүмүүс 2006 оны гуравдугаар сард Зуучлах товчоогоор бүртгүүлээд тэнцээгүй хүмүүсийг найдвартай гаргаж өгнө, визний асуудлыг дор нь шийднэ гэж байсан. Бас бидний ард УИХ-ын гишүүн байгаа хэмээн итгүүлж чадсан юм. Тэгээд нэлээд олон хүнээс хамгийн багадаа л 2500 доллар, тэр бүү хэл 10 сая төгрөг авсан гэнэ билээ.
-Эдний ард хэн гэдэг УИХ-ын гишүүн байгаа юм бол, мэдсэн үү?
-Үгүй, мэдээгүй. Гэхдээ энэ шүүгдэгчид мөнгийг бүгдийг нь аваагүй юм шиг байна лээ. Дундаас нь жаахан юм авсан болов уу. Ард нь өөр хүн байдаг юм шиг байгаа юм. Чи өөрөө хараа биз дээ. Ямар ч гэмшсэн шинжгүй шүүхийн танхимд инээж хөхрөөд л сууж байгааг. Харахаас зэвүү хүрмээр цайчихсан хүмүүс.
-Танаас өөр хохирогчид бий юу?
-Байгаа, байгаа. Харин өнөөдөр хойшлогдоно гэж мэдээд ирээгүй бололтой. н.Хажидмаа гэгч нь алга болчихоод, тэр н.Ариунхишиг гэдгийг нь олж ирэхгүй бол хорино гэсэн юм гэнэ. Тэгсэн чинь нөгөөх нь бас айгаад алга болчихсон, тэгээд л хойшлоод байгаа юм. Тэр н.Хажидмааг нь эрэн сурвалжлах тухай ярьж л байна. Бүтсэн юм алга.
-Ингэхэд та хэдэн төгрөг залилуулсан бэ?
-н.Амаржаргал гэдэг хүүхэнд 2500 америк доллар өгөөд одоо хүртэл авч чадаагүй. Харин надад нэг сая төгрөг өгье. Тэгээд та хохирлоо барагдуулсан гэсэн бичиг хийж өг. Шүүх хуралд битгий ирээрэй гэж байгаа юм даа. Олон жил ингэж араас нь гүйгээд цөөн хэдэн төгрөг аваад тэгж гарын үсэг зурсан хүн хохирогчдын дунд байгаа гэсэн.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )