Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.01.13) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 09 цаг 14 минутад эхэллээ.
Ажлын хэсэг байгуулав
Хуралдаанаар эхлээд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулав.
Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.26-д бэлгийн дарамт учруулах гэсэн зүйлийг нэмж оруулах саналтай байгаа гэв. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хөдөлмөрийн харилцаанд оролцогч аль нэг тал нөгөө талдаа бэлгийн харилцаанд орохыг тулгах, энэ сэдлээ ямар нэг хэлбэрээр илэрхийлэх, давуу байдал бий болгох нөхцөл тавьж дарамт учруулахыг хориглох зохицуулалт тусгасан бөгөөд үүнтэй холбоотой хариуцлагын зохицуулалтыг Зөрлийн тухай болон Эрүүгийн хуульд заалт болгон тусгах нь зүйтэй хэмээн үзжээ. Тодруулбал, ажил албаны хамааралтай этгээдэд бэлгийн харилцааны шинжтэй үйлдлээ үгээр, биеэр, цахим болон бусад хэлбэрээр илэрхийлж, эсхүл хууль бус давуу байдал бий болгож дарамт учруулсан бол хүнийг 1 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл албадан сургалтад суулгах, 7-30 хоногийн баривчлах шийтгэл оногдуулах өөрчлөлтийг Зөрчлийн тухай хуульд тусгах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн тохиолдолд оногдуулах хариуцлагын зохицуулалт бүхий Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийг бүхэлд нь шинэчлэн найруулах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Ажилд орох гэж байгаа хүн болон ажилтнаас мөнгө, үнэ бүхий зүйл, хувийн бичиг баримтын эх хувийг шаардан авч барьцаалсан албан тушаалтан, аж ахуйн нэгжид торгууль оногдуулах, Үйлдвэрчний эвлэл байгуулах эрхийг зөрчсөн тохиолдолд, ажил хаялтад оролцох эрхийг хязгаарлах, ялгаварлан гадуурхах, хамтын хэлэлцээ хийх явцад хөндлөнгөөс оролцох, эсхүл саад учруулсан бол торгууль оногдуулах зохицуулалтыг тусгах нь зүйтэй хэмээн 24 заалт бүхий төслийг боловсруулжээ. Одоо мөрдөгдөж буй Зөрчлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтууд томьёоллын хувьд өөрчлөгдөж байгаа ч торгуулийн хэмжээ хэвээрээ байгаа гэдгийг тэрбээр дурдав.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Б.Энхбаяр, Б.Дэлгэрсайхан, Ш.Адьшаа, Б.Энх-Амгалан нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, тайлбар авав. Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд ажил олгогчдод ихээхэн хүндрэл учруулахуйц зохицуулалтууд туссан байгааг зарим гишүүн шүүмжлээд, ажлын хэсэг дээр нягталж ярилцах саналыг хэлж байв. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байгаа монгол иргэдийн хөдөлмөрийн харилцааг зохицуулах, тэдний нийгмийн баталгааг хангах асуудлыг анхаарах шаардлагын талаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн хэлж, санал хэлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ажил олгогчийг гадаад, дотоод гэж ялгаварлахгүй, мөн ажил, хөдөлмөр эрхлэгчийг ч ингэж ялгаварлахгүйгээр хууль тэгш үйлчилдэг байх зарчмыг баримталсан болохыг Ц.Мөнх-Оргил гишүүн тайлбарласан. Хөдөлмөрийн хуулийг зөрчсөн тохиолдолд албадан хөдөлмөр эрхлүүлэхгүй, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн талаарх Эрүүгийн хууль дахь хоёр заалт, мөн Зөрчлийн тухай хуулийн дээрх зохицуулалтаар л хариуцлага тооцдог гэдгийг тодруулсан юм. Хөдөлмөрийн тухай хууль нь бүх талын оролцоог хангаж, нийгмийн зөвшилцлийн дүнд боловсруулж, баталдаг онцлогтой гэдгийг тэрбээр тайлбарласан.
Ийнхүү гишүүд асуулт асууж, холбогдох тодруулгыг хийсний дараа төслийг нягтлан хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн тул төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, холбогдох санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ.
Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
“Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгийн танилцуулгыг Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулсан.
Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Д.Ганбат, Б.Дэлгэрсайхан, Ц.Мөнх-Оргил нар ажиллаж, хоёр удаа хуралджээ. Ингээд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоол дахь хууль тогтоомжийн жагсаалт бүрэн туссан эсэх, Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан зорилт, зорилгуудыг туссан эсэхийг нягталсан болохыг танилцуулгадаа дурдав. Ингээд 11 хууль тогтоомжийг төсөлд нэмж тусгах, Улсын Их Хурлын 1 тогтоолд өөрчлөлт оруулах, 29 хууль тогтоомжийг өргөн мэдүүлэх хугацааг өөрчлөх саналыг боловсруулжээ. Түүнчлэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн, давхардсан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан Улсын Их Хурлаас батлах бодлогын баримт бичгийн төрөлд нийцээгүй 14 хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг хасах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Мөн Засгийн газраас 2020 онд өргөн мэдүүлэхээр тусгасан ч тухайн ондоо өргөн мэдүүлээгүй хууль, тогтоолын төслийг өргөн мэдүүлэх хугацааг өөрчлөн, 2021 он болгосон байна.
Түүнчлэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тус тус танилцуулсан юм.
Ажлын хэсгийн танилцуулга, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын 27 томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Ингээд энэ талаарх санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр ажлын хэсгийн танилцуулгыг танилцуулсан юм.
Ажлын хэсэг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1, 42.2.3-т заасны дагуу холбогдох зарчмын зөрүүтэй саналуудыг боловсруулсан байна. Тухайлбал, шүүгчийн хараат бус байдлын нэг баталгаа болсон цалин, нэмэгдлийг төсөлд тодорхой тусгах, Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг чөлөөлөх үндэслэлийг тусгах болон хуулийн төслийн уялдааг хангах саналыг тус тус гаргажээ. Улсын дээд шүүхийн шүүгчийг Улсын Их Хуралд танилцуулах талаарх төслийн заалтыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд шилжүүлэх, үүнтэй уялдуулан Нийтийн сонсголын тухай хуульд холбогдох өөрчлөлтийг оруулах шаардлагын үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн сонсголын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан “Шүүгчид нэмэгдэл олгох журам батлах тухай”, “Хууль баталсантай холбогдуулан хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг мөн боловсруулжээ. Түүнчлэн төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэсэн гэв.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд зарим зүйлийг тодруулж, хариулт мэдээлэл авав. Тухайлбал, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль тогтоомжтой зөрчилдөж байгаа учраас шүүгчийн тэтгэвэрийг цалингийн 80 хувиар тогтоох, Төрийн албаны тухай хуультай зөрчилдөж байгаа тул 5-аас дээш жил ажилласан шүүгчийн цалин жил тутам 2 хувиар нэмэгдэх зохицуулалтыг чуулганы анхны хэлэлцүүлгийн үеэр дэмжээгүй. Ажлын хэсэг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үеэр шүүгч нарын зэрэг дэвийн нэмэгдлийг хассан. Ингээд хэлэлцүүлгийг явцад бие даасан институтийн цалин хөлсийг одоо авч байгаагаас нь дордуулах нөхцөл үүссэн учраас холбогдох зохицуулалтыг хийх шаардлага үүссэн талаар ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр гишүүн тайлбарлалаа. Ингээд төрийн тусгай албан хаагчдад олгодог ажилласан жилийн буюу 5-25 хувийн нэмэгдэл, онцгой нөхцөлийн 35 хувийн нэмэгдэл зэргийг авах зохицуулалтыг тусгахаар холбогдох саналын томьёоллыг боловсруулсан гэв.
Үргэлжлүүлэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Төслийн 4 дүгээр зүйлд “Шүүх нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн тухай маргаантай асуудлыг болон Засгийн газрын улс төрийн шийдвэрийг хянан хэлэлцэхгүй” гэсэн агуулга бүхий 4.2 дугаар зүйл нэмэхийг гишүүдийн олонх дэмжсэнгүй. Төслийн 25 дугаар зүйлд “Улс төрийн намын бүртгэл хөтлөх” гэсэн агуулгатай 25.8.8 хэсэг нэмэхийг гишүүдийн 76.9 хувь нь дэмжив. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу ажлын хэсгээс боловсруулсан саналын томьёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Дараа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Гишүүд төсөлтэй холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул төслийг зүйл бүрээр хэлэлцсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргахад гишүүдийн олонх буюу 91.7 хувь нь дэмжлээ. Иймд холбогдох санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Дараа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан Нийтийн сонсголын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Гишүүд төсөлтэй холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул төслийг зүйл бүрээр хэлэлцсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргахад гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн. Ингээд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Шүүгчид нэмэгдэл олгох журам батлах тухай”, “Хууль баталсантай холбогдуулан хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн, Ш.Адьшаа, Б.Энх-Амгалан, Д.Ганбат нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт мэдээлэл авав. Дараа нь тогтоолын төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд энэ талаарх санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон.
Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Засгийн газраас ар 2020 оны 12 дугаар сарын 01-ний өргөн мэдүүлсэн Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.
Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон улсын гэрээ, конвенц, Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагаас гаргасан заавар, зөвлөмж, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд нийцүүлэн доор дурдсан зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ. Тухайлбал, хуулиар тодорхойлсон газар зүйн заалт, хамтын тэмдэг нэр томьёог Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээрт заасантай нийцүүлэн шинэчлэн тодорхойлсон байна. Хуулиар тогтоосон барааны тэмдгийг бүртгэхээс татгалзах үндэслэлд барааны тэмдгийг “шударга бусаар давуу эрх эдлэх зорилгоор бүртгүүлэхээр мэдүүлсэн” бол тухайн барааны тэмдгийг бүртгэхгүй байх нөхцөлийг нэмж тусгасан байна.
Түүнчлэн барааны тэмдгийн шүүлтийг чанаржуулах, барааны тэмдэг, газар зүйн заалт бүртгэгдсэний дараа маргаан гарах асуудлаас урьдчилан сэргийлэх зорилгоор мэдүүлгийн шүүлтийн шатанд гуравдагч этгээдээс эсэргүүцэл гаргах боломжийг бүрдүүлэхээр холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан байна.
Монгол Улсын нэгдэн орсон Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенци, Худалдаанд хамаарах Оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээрт нийцүүлэн барааны тэмдэг эзэмшигч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр барааны тэмдгийг 5 жилийн турш ашиглаагүй бол хүчингүй болгох тухай зохицуулалтыг тусгасан. Барааны тэмдэг эзэмшигч өөрийн нэр, хаяг өөрчлөгдсөн тохиолдолд тухай бүр хүсэлт гарган барааны тэмдгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах шаардлагыг үүрэгжүүлэх нь зүйтэй хэмээн үзжээ.
Газар зүйн заалтын хэрэглэгч өөрийн нэр, хаяг өөрчлөгдсөн, эсхүл эрхээ шилжүүлсэн тохиолдолд тухай бүр хүсэлт гарган газар зүйн заалтын улсын бүртгэлд өөрчлөлт оруулах шаардлагыг үүрэгжүүлсэн байна. Мөн бүртгэгдсэн барааны тэмдгийн анхдагч огнооноос өмнө уг барааны тэмдэгтэй адил тэмдгийг адил бараа, үйлчилгээнд шударгаар хэрэглэж байсан этгээдийн хувьд үйлчлэх онцгой эрхийн зохицуулалтыг нэмж тусгажээ. Барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцоход үйлчилгээний хураамж төлөхөөр зохицуулсан болохыг Х.Нямбаатар сайд танилцуулгадаа дурдав.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн.
Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулсан.
Монгол Улсын онцлог, зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн хамгаалалтын олон улсын гэрээ, конвенц, Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагаас гаргасан заавар, зөвлөмж болон бусад улс орны нийтлэг зохицуулалт, чиг хандлагыг харгалзан төслийг боловсруулжээ. Нэн тэргүүнд хуулийн нэр томьёоны тодорхойлолтыг нэмж, өөрчлсөн байна. Мөн зохиогчийн эрхийн хамгаалалтын хугацааны талаарх зохицуулалтыг нарийвчлан тусгах нь зүйтэй хэмээн төсөл санаачлагч үзжээ. Зарим бүтээлийн зохиогчийн эрхийн онцлогийг дэлгэрэнгүй тусгасан. Үүнд үүсмэл бүтээл, албан үүргийн дагуу туурвисан бүтээл, кино урлагийн болон дуу авиа бүхий дүрст бүтээл, компьютерийн програм, мэдээллийн сан, дүрслэх урлагийн бүтээл, архитектурын бүтээлийн зохиогчийн эрхийг нарийвчлан тодорхойлсон байна.
Бүтээл ашиглах онцгой эрхийг шилжүүлэх, эсхүл бүтээл ашиглах онцгой эрхийг лиценз олгох замаар бусдад бүтээл ашиглуулах үндсэн арга хэлбэрийг тодорхойлсон. Түүнчлэн бүтээл ашиглах эрх шилжүүлэх гэрээ болон лицензийн гэрээний үндсэн нөхцөлийг нарийвчлан тусгажээ. Зохиогчийн эрхийн зөвшөөрөл шаардагдахгүй байх онцгой нөхцөлийг буюу бүтээлийг зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчийн зүй ёсны ашиглалттай зөрчилдөхгүйгээр, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөлгүйгээр бүтээлийг төлбөргүйгээр болон зөвшөөрөлгүйгээр ашиглах тохиолдлуудыг нарийвчлан тодорхойлсон байна. Түүнчлэн бүтээлийг төлбөргүйгээр болон зөвшөөрөлгүйгээр ашиглах “шударга ашиглалт”-ын Нөхцөлийг тодорхойлсон болохыг төсөл санаачлагч илтгэлдээ дурдсан.
Дүрслэх урлагийн бүтээлтэй холбоотой зохицуулалтыг нарийвчилж, хэвлэн нийтлэгдсэн бүтээлийг тусгай хэрэгцээт хүмүүст зориулан хөрвүүлж, хуулбарлах, хуулбарыг хил дамнуулан солилцох, нийтэд түгээх болон нийтийн хүртээл болгоход зохиогчийн эрхийг хязгаарлахтай холбоотой зохицуулалтыг нэмж тусгажээ. Цахим орчноос гадна харилцаа холбооны бусад сүлжээнд зохиогчийн эрхийг хамгаалах, бүтээлийг зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашиглахаас урьдчилан сэргийлэх технологийн хамгаалалтын арга хэмжээний талаар нэмж тусгасан байна. Бүтээл ашиглалтын тарифыг хянаж батлах, бүтээл ашиглах, төлбөр төлөх, хуваарилахтай холбоотой гомдлыг урьдчилан шийдвэрлэх, маргаан бүхий талуудыг эвлэрүүлэн зуучлах чиг үүрэг бүхий Зохиогчийн эрхийн зөвлөлийг байгуулах эрх зүйн үндэслэлийг тодорхойлсон байна. Зохиогч, эрх эзэмшигчдийн эрхээ төлөөлүүлэн хэрэгжүүлэх, хамгаалуулах үндсэн хэлбэр болох хамтын удирдлагын байгууллагын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгосон. Тодруулбал хамтын удирдлагын байгууллагад тавих шаардлага, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаандаа ил тод, шуурхай байдал болон үнэн зөв, бодит мэдээллийг хангаж ажиллах эрх зүйн орчныг бий болгож, уг харилцаанд оролцогчдын эрх, ашиг сонирхлыг тэнцвэртэй хангах боломжийг бүрдүүлсэн.
Зохиогч, зохиогчийн эрх эзэмшигч хүсвэл бүтээл болон бүтээл ашиглах онцгой эрхийг шилжүүлэх гэрээ, хэлцлийг оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад сайн дурын үндсэн дээр бүртгүүлэх, бүртгэл хийх журмыг оюуны өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар заасан.
Төсөл санаачлагчийн дээрх илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан асуулт асууж, ажлын хэсгийн гишүүдээс хариулт авсны дараа нь төслийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний 54.5 хувь нь төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулсан.
Монгол Улсын Их Хурлаас Патентын тухай хуулийг анх 1993 онд баталсан бөгөөд 1996, 1999 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд нийгэм, эдийн засгийн харилцааны шинэчлэлтэй уялдуулан 2006 онд шинэчлэн найруулсан байна. 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Оюуны өмчийн тухай хууль батлагдсан бөгөөд тус хуулийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заасан. Хуулиуд хооронд зөрчил, хийдэл үүсгэхгүй байх үүднэзс 2006 онд батлагдсан Патентийн тухай хуулийг Оюуны өмчийн тухай хуулийн үзэл баримтлал, зохицуулалтад нийцүүлэн шинэчлэх шаардлагатай үүсчээ.
Техник, технологийн өндөр хөгжлийг дагаад шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварын эрхээ хамгаалуулах, ашиглах сонирхол хурдацтай өсөж байгааг төсөл санаачлагч илтгэлдээ дурдав. Шинийг бүтээгч, үйлдвэрлэл эрхлэгчид мэдлэг, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг эрмэлзэхээс гадна бүтээгдэхүүнээ гадаадын зах зээлд гаргах, бизнесээ хөгжүүлэх асуудлыг ихээхэн анхаарах болсон байна.
Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас өгсөн саналыг үндэслэн патентын эрхийн хамгаалалтыг дэлхий дахины чиг хандлага, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гэрээ, хэлэлцээрт нийцүүлэн боловсронгуй болгох үүднээс Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. Төсөл нь нийт 9 бүлэгтэй байх бөгөөд шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар болон ашигтай загварыг бүртгэхээс гадна тухайн бүтээлийн онцгой эрхтэй холбоотой асуудлыг зохицуулах, лицензийн гэрээний зохицуулалтыг нарийвчлан тусгасан гэв. Мөн хуулийн зарим нэр томьёоны (шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, шинэ бүтээлийн түвшин агуулсан, зохиогч зэрэг) тодорхойлолт нь оновчгүй, ойлгомжгүй, эсхүл давхардсан агуулгаар тодорхойлогдсоныг бусад хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээтэй нийцүүлэн шинэчилсэн байна. Аж үйлдвэрийн өмчийн эрхийн гурван үндсэн обьект болох шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ялгаж, бүтээгдэхүүний загварыг тусад нь бүлгээр зохицуулахаар заажээ. “Мэдүүлгийн бүрдлийг хянах” болон “мэдүүлгийн бүрдлийн шүүлт хийх” ажиллагааны ялгааг тодруулж, “хайлт” хийх ажиллагаатай холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусгасан гэв. Мэдүүлэгт мөн чанарын шүүлт хийх, шинжээчийн дүгнэлт гаргах, патент олгох эсэхийг шийдвэрлэх хугацааг хуульд хэт богино тогтоосон, мөн патент олгох эсэхийг шийдвэрлэх хугацааг эргэлзээтэй байдлаар тогтоосныг өөрчилж, хугацааг оновчтой тогтоосон байна. Шинийг санаачлагч, мэдүүлэг гаргагчид хугацааны хөнгөлөлт эдлүүлэх боломжийг бүрдүүлж, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлгийг цахим хэлбэрээр гаргах зохицуулалтыг шинэчилж, мөн чанарын шүүлт хийлгэх хүсэлт гаргах, шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварын бүтээлийг нийтэд мэдээлэхтэй холбоотой зохицуулалтыг тусгасан байна.
Шинэ бүтээл, ашигтай загварыг бүртгэснээс хойш бий болох харилцаа зохицуулалтгүй орхигдож байгааг анхаарч, патент эзэмшигчийн мэдээлэлд өөрчлөлт оруулах асуудлыг зохицуулахаар тусгасан байна.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан асуулт асууж, ажлын хэсгийн гишүүдээс хариулт авсны дараа нь төслийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн тул төслийг хэлэлцэхийг дэмжсэн талаар Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон.
Дараа нь Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав.
Монгол Улсын Их Хурлаас 2015 онд Захиргааны ерөнхий хуулийг баталж, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд Захиргааны ерөнхий хууль хэрэгжиж эхэлснээс хойш уг хуулийг нэг мөр ойлгож, хэрэгжүүлэхэд зарим саад бэрхшээл, буруу практик гарч байгаа тул уг шалтгааныг эрт илрүүлэх, цаашид хуулийг боловсронгуй болгох зорилгоор Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Хууль тогтоомжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтад заасны дагуу “Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ”-г ХБНГУ-ын Ханнс Зайделийн сантай хамтран захиргааны эрх зүйн эрдэмтэн, судлаач, холбогдох албан хаагчдаас бүрдсэн судалгааны багаар, Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг хөндлөнгийн судлаачдаар хийлгэсэн бөгөөд хуулийн төслийг дээрх үнэлгээ, судалгаан дээр үндэслэн боловсруулсан байна.
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулиар захиргааны байгууллагаас иргэн, хуулийн эттээдийн гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай харилцааг зохицуулж байгаа нь хууль хоорондын давхардал, хийдлийг үүсгэж байгаа бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн уг харилцааг зохицуулж буй Есдүгээр бүлгийн зохицуулалт бодит байдал дээр хэрэглэгдэхгүй байх нөхцөлийг бий болгосон. Иймд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг хүчингүй болгож уг хуулиар зохицуулж байгаа харилцааг Захиргааны ерөнхий хуульд нэмж тусгах, ийнхүү тусгахдаа зарим зохицуулалтыг цаг үеийн шаардлага, Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн өөрчлөн сайжруулахаар боловсруулсан гэв.
Хуулийн төслийг боловсруулахдаа одоогийн хууль тогтоомжоор “өргөдөл”, “гомдол” гэх ойлголтыг хольж зохицуулсан байгааг өөрчилж, гомдол нь иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар захиргааны байгууллагад хандаж байгаа хэлбэр бол өргөдөл нь төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг сайжруулах, шинэчлэх талаар саналын шинжтэй, эсхүл Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид заасан өөрийн эрхийг хэрэгжүүлэхэд дэмжпэг үзүүлэх талаар хүсэлтийн шинжтэй байна гэж ялгаатай байдлаар төсөлд тусгажээ. Түүнчлэн гомдол нь өөрт хамааралтай буюу эрхийн зөрчил үүссэн гэж үзсэн тохиолдолд захиргааны байгууллагад хандаж байгаа бол өргөдөл нь өөрт хамааралтай боловч хүсэлтийн шинжтэй, эсхүл бүр хамааралгүй саналын шинжтэй асуудлаар хандаж болохоор ялгаатай байгаагаас хамааран тэдгээрийг шийдвэрлэх журам нь мөн өөр өөр байхаар Захиргааны ерөнхий хуульд тус тусдаа боловч харилцан хамааралгүй бүхий бүлгээр зохицуулахаар төслийг боловсруулсан байна.
Мөн одоогийн хууль тогтоомжоор зөвхөн иргэний өргөдөл, гомдол гаргах эрхийг баталгаажуулсан байгааг өргөжүүлж, хуулийн этгээдийн өргөдөл, гомдол гаргах эрхийг мөн хангаж өгөв. Техник, технологийн хөгжлийг даган төрийн байгууллагад иргэн, хуулийн этгээд өргөдөл, гомдлоо цахимаар болон бусад хэлбэрээр гаргах боломжийг хангаж, төрийн байгууллагын өргөдөл, гомдол шийдвэрлэх хугацааг богиносгосон болохыг Х.Нямбаатар сайд илтгэлдээ танилцуулсан.
Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийг сайжруулах буюу практикт хууль хэрэглээнд үүсэж буй хүндрэлийг арилгах зорилгоор сонсох ажиллагааны мэдэгдлийг шууд хүргүүлэх боломжгүй тохиолдлыг шийдвэрлэх, захиргааны акттай холбоотой зохицуулалтын хоёрдмол утга бүхий томьёоллыг нэг мөр ойлгох боломжтой болгож өөрчлөх, захиргааны хэм хэмжээний актын талаарх тайлбар нэмэх, хэм хэмжээний акт батлах талаарх материаллаг зохицуулалтыг нэмж оруулсан байна. Ерөнхийлөгчийн баталсан захиргааны хэм хэмжээний актыг Улсын Их Хуралд хүргүүлж байх тухай болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан захиргааны хэм хэмжээний актыг бусад субьектын баталсан захиргааны хэм хэмжээний актаас ялгаатай хугацаанд хянаж, бүртгэх эрх бүхий байгууллагад хүргүүлэх тухай өөрчлөлт тусгажээ. Мөн Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ болон уг хуулийг үйл ажиллагаандаа хэрэглэдэг байгууллага, судлаачидтай хийсэн хэлэлцүүлгээс нэг мөр хэрэглэхэд хүндрэлтэй, ойлгомжгүй, хоёрдмол утга бүхий бусад зохицуулалтыг тодорхой болгох холбогдох өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгасан байна.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, С.Бямбацогт нар асуулт асууж, ажлын хэсгийн гишүүдээс хариулт авсны дараа нь төслийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн тул төслийг хэлэлцэхийг дэмжсэн талаар Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
“Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолыг баталлаа
Хуралдааны төгсгөлд “Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг бүрэлдэхүүнийг батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Төслийн талаар Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулсан юм.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6 дахь хэсгийг үндэслэн дээрх ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх М.Үнэнбатаар ахлуулан байгуулахаар төсөлд тусгажээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн ажлын албаны хуулийн зөвлөх Б.Жамбал, Улсын Их Хурал дахь цөөнхийн төлөөлөл, Улсын Их Хурлын гишүүний зөвлөх Д.Батдорж, Монголын өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч М.Баасанбат, Нээлттэй нийгэм форум ТББ-ын Хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл-МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан нар ажиллаж, сонгон шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохио байгуулах үүргийг хүлээх юм байна.
Байнгын хорооны даргын танилцуулгатай холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжиж, “Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг бүрэлдэхүүнийг батлах тухай” Байнгын хорооны тогтоол батлагдлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл ( 1 )
Munhorgil gegk itgeed uyn yasan gej .Mongoliin huli zvig shiideed syydag hvn bilvv.Ene chini 7 sariin 1 nii mapyydiin alyyrchidiin gol hvn biz dee.Ene yaltaj baihgvi alyyrchin tur bylaaaltsasan juyjegchin.Mongolchyydaa bid negdej uy baigaagaa gartaa bariad vhetellee temtseh tsag ve irchiheed bna.Bid eh oronon Hoichiin Mongoloo avrah avch vldeh zaalshgvi shaardalga bidenii umnu irllee.Badamjynai.Nayamdorj.Elbegdorj.N.Enhbayar.Na.Bagbaind.P Ocherbat .H.Bttylaga nariin bolon mash nyyts aim shagtai 3 dahi mapiin etsen turiig 3 ydaa bylaaj baigaa .ME.Enhboldiin nam map arail hvchtei bna.\n