УИХ-ын чуулганы өнөөдрийн (2020.01.15) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг эцэслэн баталсантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт “Шүүхийн тухай хууль бол Үндсэн хуулийн нэг том салаа мөчир, хуулийн засаглал, шударга ёсны суурь юм. Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн зарчим энэ хуулиар бодитой хэрэгжинэ. Иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрх нь нээгдэж байна гэж үзэж байна. Засгийн газраас 2020 оны дөрөвдүгээр сард өргөн барьсан Шүүхийн тухай хуулийн төсөл дээр ажлын хэсэг дөрвөн сар гаруйн хугацаанд ажилласан. Шүүхийн тухай хуулийг хэлэлцэн батлахдаа үг, үсэг заалт бүрээр санал хураалт явуулсан. Энэ цагаас эхлэн эзэнтэй, эрх мэдэлтэй, эдийн засгийн хараат шүүгч хэрхэвч байж болохгүйг хуулиар хааж хязгаарлаж өгсөн. Шүүгч нар бие биедээ нөлөөлдөг, дарамталдаг байдал энэ хуулиар эцэс болж байна. Шүүгч нарын томилгоог нэг хүний гарт төвлөрүүлж, хонгил үүсгэх асуудал энэ цаг үеэс төгсгөл болж байна. Өмнө нь дөрвөн тусдаа хуулиар зохицуулж байсан хариуцлагыг Шүүхийн тухай багц нэг хуулиар зохицуулдаг боллоо. Шүүгчийн хариуцлагыг нэмэгдүүлж, шүүгчдэд хориглох 40 гаруй зөрчлийг тусгаж өгсөн. Хариуцлага алдсан ёс зүйгүй шүүгчид хариуцлага тооцох хараат бус Сахилгын хороо энэ хуулиар ажиллаж эхлэх бололцоотой боллоо. Шүүгчийг хамгаалах чиг үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, бүрэлдэхүүн, томилох журам, тавигдах шаардлагыг хуульд тусгасан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүний тавыг нь шүүгчдээс, мөн тавыг нь УИХ нээлттэй сонгон шалгаруулалт хийж томилно. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдэд тавигдах шаардлага ч нэмэгдэнэ. Эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан хууль зүйн өндөр мэргэжилтэй, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй зэрэг шаардлага тавина. Шүүхийн шийдвэр бүхэн үндэслэлтэй байж, ил тод байхыг энэ хуулиар үүрэгжүүлж байна. Сайн хуулийг муу хэрэгжүүлж, амийг нь тасалдаг алдаа гаргаж болохгүйг шүүгч нартаа сануулж байна. УИХ-аас баталсан Шүүхийн тухай хуулийн хувь заяа шүүгч нарын гарт очиж байна. Шүүх эрх мэдэл бол ард түмний хүсэмжлэлийн бодит биелэл байх ёстой” гэв.
УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр “1992 оны шинэ Үндсэн хуулийг эх баригч, Гавьяат хуульч агсан Б.Чимид багш маань "Сайн төрийн дээр хууль ноёлж байг" гэж хэлсэн байдаг. 1992 оны Үндсэн хуулиар бид хараат бус бие даасан шүүх байгуулахаар бичсэн. Гэхдээ ердийн хуулиар энэхүү үзэл санааг амилуулахдаа өнгөрсөн хугацаанд хангалттай ажилласангүй гэдэг дүгнэлт хийсэн байдаг. Хүнээс ердийн хуулиудаар Үндсэн хуулийнхаа үзэл санааг алдагдуулж, шүүх чухамхүү хараат бусаар ажиллах боломж алдагдсаныг ард иргэд ч, шийдвэр гаргагч УИХ, Ерөнхийлөгч, шүүгчид өөрсдөө хүртэл хүлээн зөвшөөрч ирсэн. Олон улсын хараат бус хөндлөнгийн үнэлгээгээр Монгол Улс шүүхийн хараат бус байдлаараа дэлхийн 140 улсаас 120-д жагссан. Бид шүүхийн энэ системийн гажуудал ердийн эм тариа, боолт хийгээд тос түрхээд арилгаж чадахааргүй хүндэрсэн байна гэдэг дүгнэлт хийсэн. Тиймээс хүнд хэлбэрийн хагалгаа хийх шаардлагатай гэж дүгнэсэн. Энэ утгаараа шүүхийн хууль тогтоомжийг цогцоор нь, иж бүрнээр өөрчилж шинэчиллээ. Тиймээс энэ хуулийн шинэчлэлийг шударга ёсны хувьсгал гэж үзэж байгаа. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл, гараа. Одоо сайн хууль амилах эсэх нь хүнээс хамаарна. Тэр дотроо Монгол Улсад шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа 500 гаруй шүүгчээс ихээхэн хамаарна. Бид хуулиа гаргахдаа тэдгээр шүүгчдийг хөтөч болгохын тулд ирээдүйгээ харж хийсэн” хэмээн хэлсэн юм.
Харин УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Ж.Сүхбаатар Шүүхийн тухай хуультай холбогдуулж хэн нэгний хэргийн асуудалд нөлөөлөх үндэслэл байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх процессын асуудлууд хуульд тусгагдаагүй. Шүүхийн тухай хуулиар “шударга бусын” гэх хонгилын нөлөөллийг үндсэнд нь устгахаар зорьсон, энэхүү үр дүнд хүрсэн гэж үзэж байна гэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл ( 4 )
Монгол улс монголын ард түмний эрх ашигаас урван тэрслэгчидийн хорогдож нуугдсан хана хэрэм нуран уналаа. Шудрага шүүх, шүүхийн зөв тогтолцоо нь монгол улсын хөгжил цэцэглэлт ард түмний ахуй амьдрал нэр төртэй бүрэн бүтэн оршин тогтнох зэрэг бүхийл зүйлд маш чухал ач холбогдолтой.Монгол улсын хууль тогтоох дээд байгуулага сайн үүргээ биелүүлээ гэж үзэж байна.
\nШүүгчид хоёр сонголт хийх боломж олгожээ?! хуулиа баримтлах уу?! эсвэл авилгалаа авах уу?! Бараг авилгал нь л дийлэх байхаадаа?! Нөгөө талаар эрдэм мэдлэг муутай туршлага жудаг муутай нөхдүүд яаж ч хүнийг хохироох хилмэгдүүлэх боломжтой болж байгаа юм байна?! Ер нь ухамсартай зөв хүнээ ерөнхийлөгчөөр сонгож чаддаг бол уул нь хуучин жишиг нь зүгээр байсан юмдаа?! Одоо нэг хэсэгтээ л иргэд нь шоронгийн хаалга татаастай байх шинжтэй боллоодоо?! Болгоомжлох хэрэгтэй болждээ?! хүмүүсээ?!