Ерөнхийлөгчийн 14 дэх ХОРИГ ба АТГ-ын даргын томилгоо

2021 оны 01 сарын 22

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2021.01.22/  Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчилсэн ХОРИГ тавьсныг мэдээлсэн билээ.

Тэрбээр 2017 оны долоодугаар сарын 10-нд төрийн тэргүүний тангараг өргөснөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийтдээ 14 удаа хориг тавих шийвэр гаргаж байна.

Үүнээс өмнө 2020 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр 2021 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьсан нь төсөвтэй холбоотой ТАВ ДАХЬ хориг гэдгийг бид мэдээлж байсан.  Ерөнхийлөгчийн төсөвтэй холбоотой сүүлийн хоригийг УИХ хүлээн авч, хэлэлцэх боломжгүй гэж шийдвэрлэсэн юм.

 

Ерөнхийлөгчийн ХОРИГУУД

 

  • 2017.10.26- Улсын Их Хурлын шийдвэрт хэсэгчлэн хориг тавих тухай албан бичгийг УИХ-ын даргад илгээв.

 

  • 2017.11.02- Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль тус бүрт бүхэлд нь хориг тавьсан.

 

  • 2017.12.05 - 2018 оны төсвийг хэт үрэлгэн байна хэмээн үзэж Төсвийн тухай хуулийн зарлагын хэсэгт  хориг тавив. 

 

  • 2018.06.13- Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их Хурлын 45, 47 дугаар тогтоолуудад хориг тавив.

 

  • 2018.11.15 - Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиуд, УИХ-ын тогтоолуудад бүхэлд нь хориг тавьсан.

 

  • 2019.05.14 - Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавилаа.

 

  • 2019.05.30- Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа.

 

  • 2019.06.04- Улсын Их Хурлын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 51 дүгээр тогтоолд бүхэлд нь хориг тавилаа.

 

  • 2019.09.20 - Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 73 дугаар тогтоолд хориг тавилаа.

 

  • 2019.12.03- Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хэсэгчлэн хориг тавилаа.

 

  • 2019.12.03 - Өмгөөллийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хориг тавив.

 

  • 2020.05.26 - Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт хэсэгчлэн хориг тавьсан.

 

  • 2020.11.25- Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавилаа.

 

  • 2021.01.22- Монгол Улсын Их Хурал 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр баталсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан “Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно” гэсэн хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хэсэгчилсэн хориг тавилаа.

 

Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны долоодугаар сараас  хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийтдээ 14 удаа хориг тавьснаас  Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт хэсэгчлэн хориг тавьсныг  УИХ-ын гишүүдийн 77.9 хувийн саналаар хүлээн авч байсан. Мөн  2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, нийгмийн даатгалын шимтгэл нэмсэн заалтад тавьсан хоригийг нь хүлээн авч байсан юм. 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.185.31) 2021 оны 01 сарын 22

ЗГ нь АТ г томилдог байж болохгуй Гол том авилга баялгаа унэгуйдуулж улс орныхоо нэр хундийг их хэмжээгээр унагаж хариуцлага хулээхгуй байгаа хумуус нь ИХ д байдаг гэдгийг олон жилийн уйлдлууд харуулсан байна Иймд боломжгуй

0  |  0
ЗОЧИН(66.181.186.131) 2021 оны 01 сарын 22

АТГ-ын ГОЛ ҮҮРЭГ ФУНКЦИ НЬ ТӨР БАРЬЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ШАЛГА жЖХЯНАЖ БАЙХ ҮҮРЭГТЭЙ. ГЭТЭЛ ЗАСГИЙН ГАЗАР НЬ ДАРГЫГ НЬ ТОМИЛООД БАЙДАГ НЬ ЯМАР Ч ЛОГИК АЛГА. СОЛИОРОЛ. АТГ-ЫН АЧ ХОЛБОГДОЛ, ҮҮРГИЙГ ЭНЭ ИХ ХУРЛЫН ГИШҮҮД ОГТ ОЙЛГОДГҮЙ ЭСВЭЛ ХАРИН Ч ОЙЛГООД ИНГЭЖ АРД ТҮМНИЙГ БАСАМЖЛАН ДОРОМЖИЛЖ БАЙГАА ЮМ БОЛОВ УУ? ХОРИГ ТАВИХ НЬ ЗӨВ. ХОРИГИЙГ ХҮЛЭЭЖ АВАХ ЁСТОЙ.ЭС БӨГӨӨС АВЛИГАЛЫГ ДЭМЖИГЧ ӨӨГШҮҮЛЭГЧ ИХ ХУРАЛ БОЛЖ ТААРААД ДАХИД ХАР ЖАГСААЛТАНД ОРОХ АЮУЛТАЙ

1  |  0
Top