Сүүлийн өдрүүдэд хуршиж, зарим нутагт үер буусан байна. Тухайлбал, Завхан аймагт үерийн гамшгийн байдал зарлаад байгаа аж. Үүнээс гадна Хөвсгөл, Булган, Баянхонгор аймагт усархаг бороо орсны улмаас зам гүүр эвдрээд байгаа. Тиймээс ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх талаар Ус цаг уур, орчин шинжилгээний газрын харьяа "Хурын шим" төвийн захирал Д. Чулуунбатаас тодрууллаа.
-Баруун аймгуудын нутгаар их бороо орсноор үерийн аюул нүүрлээд байна гэж дууллаа. Энэ талаар тодруулах гэсэн юм?
-Энэ сарын 16-наас эхлэн Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн нутгаар бороо орж эхэлсэн. Улмаар үргэлжилж 17-18-ны өдөр Говь-Алтай, Баянхонгор, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар хуршиж зарим нутагт үер буусан байгаа. Тодруулбал, дээрх өдрүүдэд Завхан аймагт 92 мл бороо орсон. Өөрөөр хэлбэл, нэг га газарт 920 тонн ус бууж байна гэсэн үг. Тиймээс Завхан аймгийн зарим газар үерлэсэн. Үүнээс гадна Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн нутгаар урсч өнгөрөх гол мөрөн үерийн хэмжээнд хүрээд байна.
-Тэгвэл цаашид аль нутгаар илүү бороо орох төлөвтэй байна вэ?
-18-21-ний өдрүүдэд Төв аймгийн нутаг болон Хөвсгөл аймгийн нийт нутаг, Архангай, Өвөрхангай зэрэг төвийн аймгуудаар бороо орж байна. Цаашид бороо зүүн аймгуудын нутгаар орох төлөвтэй байна. Гэхдээ Өмнөговь, Дундговь зэрэг аймгуудын нутгаар өчигдрөөс эхлэн хуршаад байна. Харин баруун аймгийн нутгаар тэнгэр онгойж байна.
-Дорнод аймагт аянга бууж олон түймэр гарсан. Үүнийг үул буудсанаас болсон гэх юм?
-Тухайн аймагт 17-ны өдөр үүл буудсан. Гэтэл тухайн бороо 19-ний өдөр орсон. Тэгэхээр дээрх цахилгаантай бороо байгалийн жамаар орсон гэж ойлгож болно.
-16-наас эхлэн баруун аймгуудаар орж эхэлсэн бороо байгалийн жамаар орсон уу. Үүлэнд нөлөөлснөөр орсон уу?
-Янз бүр байгаа. Тухайлбал, энэ сарын 20-21-ний өдөр 10 аймагт 16 удаа буудаж, 36 удаа үүлэнд нөлөөлсөн. Энэ өдөр нийт 98 пуужин үүл рүү харвасан байгаа. Үүнээс үүдэж бороо ороод байгаа гэж ойлгож болохгүй. Зарим газар байгалийн жамаараа орж байгаа гэдгийг дахин сануулмаар байна.
-Түүнчлэн Завхан аймагт их хэмжээний бороо орсон нь үүл буудсантай холбоотой юу?
-Одоо Завхан, Орхон, Булган, Дархан-Уул, Хөвсгөл, Архангай аймгийн зарим нутгаар үүл буудахыг зогсоосон байгаа.
-Энэ жил үүл рүү харвах хичнээн пуужин авсан бэ?
-Манайд 1500-2000 мянган пуужин хүрэлцдэг. Гэхдээ энэ жил харьцангуй цөөн, 900 пуужин авсан.
-Нэг пуужинг ямар өртгөөр худалдан авдаг юм бэ?
-Нэг пуужин 100 гаруй мянган төгрөгөөр орж ирдэг. Тэгэхээр бид үүл буудсаны дараа усыг нь ашиглах шаардлагатай байгаа юм. Манай улс үүл харвасны ашгийг тооцоход нэг төгрөг 10 төгрөгтэй тэнцэх ашигтай гэсэн судалгаа гарсан. Гэтэл Хятад улсад нэг юань нь 25 юаньтай тэнцэх ашигтай ажилладаг юм билээ.
-Цаашид цаг агаарын төлөв байдал ямар байх вэ?
-Ирэх долдугаар сар болон наймдугаар сард урьд жилүүдийнхээс илүү хална гэсэн төлөв гарсан байгаа.
Эх сурвалж: Монголын мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )