Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнийг томилогдоход гишүүд юу захив

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 28

УИХ-ын чуулганы лхагва гарагийн ээлжит бус хуралдаанаар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэн гишүүдийн олонх дэмжсэн. Томилгоотой холбогдуулан чуулганы нэгдсэн хуралдаанд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн гишүүд юу хэлснийг сонирхоё


 

УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА:

-Өмнөх Засгийн газрын мөрийн хөтөлбөр, төмөр замын хөтөлбөр, Газрын тосны үйлдвэрийг цаашид үргэлжлүүлэх үү. Оюутолгой, Дубайн гэрээг зөв гольдрилд оруулах талаар шинэ Засгийн газар ямар байр суурь баримтлах вэ.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

-Төмөр замыг үргэлжлүүлнэ. Миний хувьд өмнө нь хоёр удаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажилласан. Таван толгойн төмөр замын ажлыг яаравчлах шаардлагатай. Нефтийн үйлдвэрийг үргэлжлүүлнэ. Таван толгой, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг дуусгахын төлөө ажиллана. Оюутолгойн хэлэлцээ амаргүй нөхцөлд байгаа. У.Хүрэлсүх Ерөнхий сайд Дубайн гэрээг өөрчлөх хатуу даалгавар өгсөн. Хөрөнгө оруулагч талд гэрээг цуцлах санал өгсөн.

УИХ-ын гишүүн Б.Бейсен:

-Коронавируст халдварыг дотоодод алдлаа, байдал хүндэрлээ. Одоо хүртэл бид мутацид орсон ямар хэлбэр вэ гэдгийг тогтоогоогүй байна. Ховдод халдвар гарахад тусгай үүргийн онгоцоор нийслэл рүү зөөж байна. Орон нутагт эмчлэх боломжгүй гэж байна. Жилийн хугацаанд бэлдлээ. Юу бэлдэв. Эрүүл мэндийн сайдыг авч үлдэх үү. Багш, эмч нарын цалинг нэмэх үү.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

-Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хоёр сая хүний амь насыг авч одсон ийм цар тахал гараагүй. Монгол Улс 10 сарын хугацаанд дотооддоо халдвар алдалгүй ажилласан. Бид нэн тэргүүнд вакцинжуулалт хийнэ. Ойрын хугацаанд вакцинжуулалтыг хийх боломжтой гэх хариу авсан. Вакцинжуулалт хийснээр эдийн засгаа аварна гэж бодож байна. Цар тахалтай холбоотой нэн тэргүүний зорилт эдийн засгийг анхаарах. 430 орчим мянган хүний ажлын байр эрсдэлд ороод байгаа тул хувийн хэвшил, бизнес эрхлэгчдэд илүү анхаарч ажиллана.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Залуу хүний аагаар төрийг удирддаггүй. Сэтгэл, туршлага, дутагдлыг чинь нөхдөг баг хэрэгтэй. Өөрийг чинь магтдаг хүнээр хүрээлүүлвэл магтсаар байгаад улс төрийн насыг чинь багасгана. Бид ч талбайд гарсан. Тэр үед цахилгаан тасалж, микрафоныг нь хааж новшроогүй шүү дээ. Шинэ үе үгэнд хууртахаа больсон. Бид сонгуулиар 65-уулаа гарч ирсэн. Бидэнд өгсөн итгэлийг зүтгэлээр хариулах ёстой. Улс төрийн үүрэг хариуцлагыг хэрэгжүүлэх нь Засгийн газрын үүрэг.

УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:

-Хууль засагладаг төртэй байхыг хүсч байна гэдэг үгэнд баяртай байна. Манай улсад төрийн өмчийн 1150, орон нутгийн өмчит 4862 нийт 6012 байгууллага байна. Эдгээрт 250 мянга орчим хүн ажиллаж байна. Нийт 64 их наядын хөрөнгө бүртгэлтэй байгаагаас 35 их наяд нь өр төлбөр байна. Төрийн байгууллагын хөрөнгийн талаас илүү нь өр төлбөр байгаа юм. Төрийн өмчит хэдэн компани байгааг Засгийн газраас асуугаад, гурван сар хариугаа авч чадсангүй. Төрийн өмчийн компаниудын ажилчдын цалингаас гадна урамшуулал өгч байна. Төрийн өмчит компанийн засаглал, хууль эрх зүйн орчныг сайжруулах асуудлыг хэзээ оруулж ирэх вэ?

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

-Төрийн өмчийн байгууллагыг анхаарч ажиллана. Хувийн хэвшлийн 30 хүний хийх ажлыг төрийн өмчит байгууллага 100 хүнээр хийдэг байдал өнөөдрийг хүртэл байсан. Энэ асуудлыг анхаарахгүй бол болохгүй.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:

-Цар тахлын үед боловсролын салбарт маш том эрсдэл нүүрлэж байна. Теле хичээл болон интернэт хичээлд хүүхдүүдийг тэгш хамруулж чадахгүй байна. Төрийн, хувийн сургуулийн ялгаа их байна. Өөрөөр хэлбэл, боловсролын салбар нийгмийн тэгш бус байдлыг бий болгоод байна. Боловсролын шинэчлэлд ямар зорилт тавьж байна вэ. Мөн дундаж давхаргыг дэмжих, хуримтлалын сан бий болгох чиглэлд ямар бодлого баримтлах вэ.

УИХ-ыг гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

-Оюутолгойтой холбоотой, 2051 он хүртэл ногдол ашиг хүртэхгүй байх зэрэг асуудал байсан. Одоо энэ асуудлыг яриад байгаа хүмүүс энэ асуудлын талд байр суурьтай байсан. Дубайн гэрээг хуулийн хүрээнд өөрчлөх үү, хуульд нийцүүлж өөрчлөх үү. Тэр үед олон хүн хууль зөрчөөгүй гэдэг дээр дүгнэлт гаргах талд байсан. Тиймээс бидний хэлсэн үг, цэг таслал бүрийг эргээд судалдаг нийгэм рүү явах хэрэгтэй. Улс төрийн өнгөц шоу хийх гэж байгаа бол өөр асуудал байх. Хэрэв тийм бол бид олон өдөр нойргүй хуралдах хэрэг гарна. Олон хайрцаг материалтай танилцах хэрэг гарна. Оюутолгойн баримт бичигтэй яс танилцсан хүн байдаггүй юм билээ. Гэхдээ энэ талаар яриад л байдаг.

Энэ бол манай үндэсний эрх ашиг. Тийм болохоор энэ бүх зүйл дээр нухацтай ажиллана. Хэд хэдэн том ажил хийж байгаа. Арбитрын шүүх хэрэг үүсгэсэн байгаа. Бид дэлхийн компанитай дэлхийн төвшинд тоглох хэрэгтэй. Үүнийг монголчилж болохгүй. Хэлцэл эхэлсэн өдрийн маргаашаас эхлээд л олон хүн энэ талаар ярьсан. Өмнө нь энэ талаар ярилцахаар надтай нэг ч хүн уулзаагүй. Бид уг нь энэ талаар сайн ярилцаж, мэдээллийн нэгдсэн байдалд хүрэх хэрэгтэй. Тэгээд хэн буруутайг тогтоож болно. Оюутолгойтой холбоотой хамгийн их мэдээлэлтэй хүн нь өнөөдөр Монголд би байгаа байх.

Монгол Улсын их сургууль одоогоор 3500-д жагсч байгаа. Таван жилд 500 байраар ухраад байж болохгүй. Дэлхийтэй өрсөлдөх талаар ярилцах цаг болсон. Тиймээс олон зүйл дээр ярилцах хэрэгтэй байгаа. Ордонд самбартай өрөө байхгүй байсан. Илүү бүтээлчээр хамтран ажиллахыг би хичээнэ. Боловсролын салбарт хэрэгтэй зүйлийг цаг алдалгүй хэрэгжүүлж ажиллах болно. Цар тахлын сэтгэлзүйд хөтлөгдөөд эдийн засаг, боловсролоо дүгнэж болохгүй.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Долоо хоногийн өмнө 1990 оны залуус талбайд жагссан. Үүний үр дүнд Засгийн газар нь огцорч, 1980 оны хүн Ерөнхий сайд боллоо. Энэ сайны дохио гэж бодож байна. Нам харгалзалгүйгээр, мэргэжлийн хүнээр нь кабинетаа бүрдүүлээрэй. Өмнөх Засгийн газар банкны эздийн түрэмгийллийг зогсоосон. Үүнд зоригтой алхам хийсэн. Мөн уул уурхайн засаглал руу ороод байсныг зогсоосон. Шүүхийг цэгцэлсэн. Энэ ажлуудыг нэр төртэй авч яваарай. Бизнесийг улс төрөөс тусад нь авч явж байгаа нь өөрт тань үлдээсэн өв. Үүнийг үргэлжлүүлээрэй.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

-Урьдчилсан тооцооллоор хоёр яам нэмж байгуулна гэж бодож байгаа. Нэг нь, Эдийн засгийн яам, хоёр дахь нь Цахим хөгжлийн яам. Ингэснээр асар их цаас хэмнэнэ. Төрийн бүх үйлчилгээг төвлөрүүлэх ажлыг ирэх гурван жилд хэрэгжүүлнэ. Ингэснээр төрийн хүнд суртал, авлига багасна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Хэрэггүй зүйлд цагаа зарцуулчих вий, харлуулчих вий гэж болгоомжилж байна. Энэ үед эдийн засагт цаг гаргаарай гэж хүсч байна. Хүний хөдөлмөр эрхлэх хүслийг яаж нэмэгдүүлэх вэ гэдэгт бодлого гаргаж ажиллаасай, халамжаас бүтээмж рүү шилжүүлээсэй гэж хүсч байна. Цар тахалд хүндэрсэн аж ахуйн нэгжүүдийн 94.4 хувь нь орлого буурсан, үүний 46 хувь нь 50 хувь буурсан гэж мэдээлсэн байна. Үүний ард 1.2 сая мянган иргэн ажиллаж байна. Эдийн засгийн байнгын хороо хэрхэн хамтран ажиллах вэ, юугаар дэмжих вэ?

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

-Монголбанк, эдийн засгийн байнгын хороо зэрэгтэй ойрын хугацаанд төлөвлөгөө гаргаж уулзана. Сангийн болон мөнгөний, эдийн засгийн гэсэн ойролцоо гурван бодлого тусдаа үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Ийм хүнд үед энэ гурван бодлого нэгдэхээс өөр аргагүй. Самбар тавьж, жинхэнэ ажил ярьдаг тогтолцоонд шилжинэ. Төрийн болон хувийн хэвшлийнхэнтэй уулзана. Хувийн хэвшлийнхэн яаж ажлын байраа авч үлдээх вэ гэдэг нь чухал. Үүнийг Эдийн засгийн байнгын хороонд хэлье.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Шинэ сайдаас маш их зүйл хүсч байгаа. Энэ нь таны санаачилсан "Алсын хараа 2050" бичиг баримт юм. Энэ хүрээнд хэдэн салбарт гоц анхаарах шаардлага байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа, Монгол Улсын эдийн засаг, хөгжлийн яам байгуулъя гэж ярьсан. Эдийн засаг нь хүн рүү чиглэсэн байх ёстой. Ажлын байрны цаана үйлдвэрлэл гэсэн маш чухал зүйл бий.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

-Эдийн засаг хөгжлийн яамыг Ардчилсан нам байгуулсан. Экспортыг нэмэгдүүлэхэд Эдийн засаг, хөгжлийн яамны бодлого чиглэнэ. Энэ бүтэц үе үеийн Засгийн газарт хэрэгтэй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top