С.Чинзориг: Шимтгэл нөхөн төлөх боломжийг алдалгүй ашиглаарай, малчид аа

2021 оны 01 сарын 29

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.01.29/ үдээс өмнөх хуралдаанаар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Чинзориг дараах мэдээллийг өглөө.


УИХ-аар 2017 онд батлуулсан Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль өнгөрсөн онд хэрэгжээд дууссан.

Гэвч энэ хугацаанд зарим аймаг орон нутагт зуншлага оройтсоноос өвөлжилт хаваржилт хүндрэх эрсдэл үүсч малчид отор нүүдэл ихтэй, өвс тэжээлийн үнэ өндөр, мал нь тарга хүч авч чадаагүй, ашиг шим муутай байсан нь малчин өрхийн орлогод шууд нөлөөлсөн.

Мөн дэлхий дахинд дэгдсэн ковид-19 халдварын улмаас манай улсад хөл хорио тогтоож, хилээ хааж, ард иргэдээ бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсний улмаас хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагаа доголдож тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх хуулийн үйлчлэлд хамрагдах боломжийг эдэлж чадаагүй хүн олон байгаа.

Энэ талаар малчдаас, хувиараа хөдөлмөр эрхлэгчдээс маш олон санал ирсэн. Хөдөө тойрогтоо очиход, отрын малчдаа эргэж явахад олон хүн шимтгэлээ төлж чадахгүй байгаагаа хэлж ярьж байсан юм.

Тиймээс УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, С.Бямбацогт нарын хамт Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан УИХ-аар хэлэлцүүлж өнөөдөр эцэслэн батлууллаа.

Хуулийн хугацааг сунгаснаар 1995 оноос 2017 оныг дуустал хугацаанд малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байсан тэтгэврийн даатгалын шимтгэлээ тухайн хугацаанд нь төлж чадаагүй 15-60 насны иргэд хамрагдаж шимтгэлээ нөхөн төлөх боломжтой юм.

Шимтгэлийн хувь хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцүү байхаар Засгийн газраас тогтоосон бөгөөд малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгч байсан иргэн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хүсэлтээ өөрийн харьяалах нийгмийн даатгалын байгууллагад гаргана.

Тасарсан хугацааныхаа тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлснөөр 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн үүнийхээ 15 жилд нь малчнаар ажилласан эрэгтэй 55 нас хүрсэн бол, мөн хугацаанд шимтгэл төлсөн ба 12.5 жилийн хугацаанд малчнаар ажилласан эмэгтэй 50 насандаа тэтгэвэр тогтоолгох эрхтэй юм.

Тиймээс манай малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид хуулийн хэрэгжих хугацааг сунгасан энэ боломжийг алдалгүй ашиглаж төлж чадаагүй шимтгэлээ нөхөн төлөөрэй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
чимэд(124.158.83.178) 2021 оны 02 сарын 01

татвар төлж байсан баримт нэхсэн учир нөхөн төлөх зөвшөөрөл чинь молиго байсан. .Хэн тэр баримт үзүүлж чадах юмбэ тэр үечинь ёстой мөнгө байхгүй зээлийг дарга нар авчихдаг алдаг оног мөнгө олдвол хоёр гутал оёдог л байсан шүү дээ дандаа та нар шилний цаанаас чихэр долоолгоод доромжилчих юмаа Одоо баримт нэхдэг хэвээр ээ л батлагдсан байна шүүдээ Чинзориг чи амьдралогт мэдэхгүй хүн.мэхэлдэг

0  |  0
Top