Сүн улсын Хүйтэн уулын бичиг | 43 дугаар бүлэг

Админ | Zindaa.mn
2021 оны 02 сарын 01

Хятадын дөрвөн их сонгодог зохилын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.

Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.

Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
 

  • Зохиогч: Ши Най Ань
  • Хөрвүүлэгч: Д.Уртнаст
  • Редактор: В.Уянга, Сьү-Шаа

ТАВАН ӨНГИЙН ИРВЭС ДАЙ ЗҮН ЛУГАА НАРИЙН ЗАМ ДЭЭР ТОХИОЛДОХ
ӨВЧИН БҮХИЙ ГУАНСУА УРТ ЗЭЭЛД ШИ СЮ ЛУГАА УЧРАХ

Өгүүлэх нь, тэндээс Ли Күй хоёр гартаа хоёр сэлэм барьж Ли Юнтэй дөрөв таван удаа ноцолдоод хэн хэнээ дийлэхгүй байхад Жү Фү нэгэн сэлэм барьж тэр хоёрын дунд нь орж хориглон өгүүлрүүн: - Эрхэм дүү Ли Күй чи бүү ноцолдогтун. Ачит багш энэ тэнэг лугаа бүү өшөө санагтун. Би танд нэгэн үг өгүүлье. Миний үгийг сонссон хойно дураар бологтун хэмээгээд Ли Юнд: - би бага цагаас таны шавь болж цэргийн сургуульд ороод сэлэм жадыг эргүүлэх зэргийг цөм сурчиxуй. Иймийн тул багш танд гар хөдөлвөөс тэнгэр яахин үзмүй. Үүнд өчүүхэн шавийн ах Жү Гүй гэгч Лян Шань Фү уулын тэргүүлэгч дарга болоод эдүгээ гэртээ харьж ирэв. Ингэсэн учир нь Ли Күй Лян Шань уулнаас бууж хөгшин эхээ эргэх хэмээн нутагтаа ирсэнд Сүн Гүнмин хэмээх Сүн Жян үүнийг зальхай тэнэг тул ямар хэрэг гаргаж яахин түйвээх магадгүй. Түүний дээр бас хүнд сэжиглэгдэн баригдах болзошгүй хэмээн өчүүхэн миний ах Жү Фүг үүний хойноос тагнуулан илгээчихүй. Иймийн тул эдүгээ энэ гайхал тэнэг элдэв хэрэг хийж сэжиглэгдэн баригдсан учирт үүний амийг аврахыг эрхэлж олон цэргийг алж, арай таны аминд эс хүрэв. Үгүй бөгөөс бид Лян Шань уулын Сүн Гүнмингийн зарлигыг яахин зөрчиж Ли Күйг бариулах буюу. Хэрвээ бариулж амь бие хорлогдоход хүрвээс Чаогай, Сүн Жян нарын нүүрийг яахин үзэж чадмуй хэмээх зэрэг олон учир гаргаж хэлээд бас өгүүлрүүн: - Багш эдүгээ та бидний санааг дагаваас би басхүү нэгэн үг хэлье хэмээсэнд Ли Юн өгүүлрүүн: - Чи ямар санаа буй бөгөөс түргэн хэлэгтүн. Энэ газар бид ийнхүү удаж үл болмуй. Хүн мэдвээс муухай хэрэг хэмээсэнд Жү Фү өгүүлрүүн: - Багш чи биднийг даган Лян Шаньд очихоос өөр чамд явах зам хаана баймуй. Хэрвээ чи миний санааг эс дагаж сяний ноёнд хүрвээс чи энэ хэрэгт холбогдохоос өөр гэтлэх газар нэг ч үгүй хэмээсэнд Ли Юн нэлээд бодож өгүүлрүүн: -Мэргэн шавийн хэлэх нь зүйтэй боловч тэр Лян Шань Фү уулыг тэргүүлэгч Чаогай, Сүн Жян нар яахин намайг аврах буюу. Хэрвээ чиний санааг дагаж очоод намайг үл авах болбоос, би тэр цаг хаашаа явж, яахин хүмүүн болмуй. Үлгэрлэвээс, төөрсөн нохой адил зэрлэг болохоос гадна хүн танихгүй зам мэдэхгүй үнэхээр хэцүү хэмээсэнд Жү Гүй өгүүлрүүн: - Гэмгүй, Лян Шань Фү уулын Сүн Жян хэмээгч дэлхий дахинд сайн эрс бүгдийг хайрласан үнэхээр шударга баатар эр. Чи урьд үл сонссон буюу. Шаньдун мужид байх цагт “Хурдан хур оруулагч хуй салхи” хэмээх цолтой. Энэ нь амьтныг түргэн туслах, сайн эрсийг аргаар авах хэмээсэн үг. Тиймийн тул бид бүгдээр очиж болмуй. Гагцхүү гэрийн доторхи эмс хүүхдээ яахин аваачмуй? хэмээсэнд Жү Фү өгүүлрүүн: - Багш чи юунд худал хэлмүй. Урьд чи ер эмс охид, гэр оронгүй билээ. Одоо яахин гэр орон, гэргий хүүхэдтэй болов? хэмээсэнд Ли Юн аргагүй худал хэлснээ мэдэгдэж: - Тийм бөгөөс эдүгээ түргэн явсугай хэмээгээд Жү Гүйгийн хойноос довтлон ирэхийг Жү Гүй үзээд маш баярлан хүлээв.

Тэндээс Жү Фүгийн гэрийн гэргий хүүхдийг зам дээр дайран аваад Лян Шань Фүгийн зам хөөж өдөр шөнөгүй довтлон явтал Жэн Тяньшоу, Ма Линь хоёр зам дээр тохиолдож, бүгд нэгэн газар бууж амар мэндээ асуусны хойно Жү Гүй өгүүлрүүн: -Эрхэм хоёр дүү ямар хэргээр хаашаа очих буюу? хэмээсэнд Жэн Тяньшоу өгүүлрүүн: -Өчүүхэн хоёр дүүг Чаогай, Сүн Жян нар та хоёрыг тагнуулахаар илгээв. Эдүгээ харин энд учрав хэмээсэнд Жү Гүй өгүүлрүүн: - Тийм болбоос урьд биднийг ирж яваа мэдээг хүргэгтүн хэмээсэнд Жэн Тяньшоу, Ма Линь хоёр нисэх мэт ууландаа хүрч, Чаогай, Сүн Жян хоёрт энэ учрыг бүрнээ хэлсэнд, тэдгээр их бага жанжин нар маш баярлан угтахаар гарав. Үүнд Жү Гүй, Жү Фү, Ли Күй, Ли Юн нарын дөрвөн хүн дөрвөн тэргэнд эмс хүүхдийг суулгаж, удсангүй Лян Шань уулнаа ирэв.

Тэндээс “Алт хуваах ордон”-д хоёр талаас бүгдээр учирч, нэгэн хэсэг ёс ёслоод, тэр уулын орой “Жү И Тан” хэмээх ёслолын журам хийх ордондоо орж, бүгдээр мэнд мэдсэний хойно Жү Гүй дүү Жү Фүгээ дуудаж Чаогайд сөгдөн мөргүүлээд: - Энэ нь миний төрсөн гагц дүү, Жү Фү хэмээмүй. Цол нь “Маш инээгч барс” хэмээмүй. Бас Ли Юнг дуудаж болно. Энэ хүн болбоос И Шуй сяний захиргааны цэргийн дарга Ли Юн хэмээмүй. Цол нь “Хөх инээдэт барс” хэмээдэг хэмээсэнд тэдгээр олон жанжин бүгдээр ёслолцон дуусаад Ли Күйг Сүн Жян өгүүлрүүн: - Чи замд сайн явж хүрэв үү? Хэрэг гарсан үгүй буй за? хэмээсэнд Ли Күй өгүүлрүүн: - Эрхэм ахын зарлиг захиа дагаж замд архи уусангүй, хүн амьтныг хорлож юм дээрэмдсэнгүй. Гагцхүү хуурамч Ли Күй хэмээх хүмүүн И Шуй сяний их ууланд зам явах хүнийг дээрэмдэж маш түйвээж байтал би тэр замаар явж гэртээ харих гэтэл, харин тэр муу над лугаа учирч, миний авч явсан ваадантай юмыг дээрэмдэх хэмээн маш сүр үзүүлсэнд би түүнийг алах хэмээн өмнөөс угтан орвол, тэр муу зугтан зайлж явсны хойно би даруй түүнийг хөөж, сэлмээр гуяыг хатгаж газар унагасанд тэр айж, харин миний нэрийг зааж хуурамч Ли Күй болон нүүрээ хөөгөөр будаад, хоёр гартаа миний балт сүхний адил сүх барьсанд, би түүнийг алъя хэмээн санасан билээ. Тэр харин ерэн насны хөгшин эх буй хэмээсэнд би түүнд мөнгө арван лан шагнасан билээ. Тэр хуурамч амь гараад, гэдрэг миний биеийг хорлох хэмээсэнд би түүнийг даруй алав.

Тэндээс бас явж шөнө гэртээ хариад эхээн авч үүрэн явж, нэгэн их аглаг ууланд орвоос шөнө орой болж, эхийн ам цангаж ус эрэн явах хооронд миний эхийг барс идэж сүйтгэв. Үүнд миний уур хүрч, барсын үүрийг эрэн очиж их бага дөрвөн барсыг алав хэмээх зэрэг хэлсэнд Сүн Жян, Чаогай тэргүүлэн олон жанжин маш баярлалдан үнэхээр баатар сайн эр хэмээн магтав.

Тэндээс Ли Күй эхээн барсад идүүлсэндээ гомдож, нэг хэсэг уйлсанд Сүн Жян хориглон өгүүлрүүн: - Эрхэм дүү нэгэнт барс идсэн болбоос чи барсыг цөм алж хариу өсөөн авч. Одоо яахийм бүү уйл. Харин сайн дүү ууланд дөрвөн барс алсан нь эдүгээ манай ууланд дөрвөн амьд барс ирэв. Одоо бид их баяр хийж найр тавин хурим бэлдвээс зохимуй хэмээгээд даруй ширээ засан найр тавьж архидан буй ахүйд Сүн Жян өгүүлрүүн: - Эдүгээ бид нэг дүрэм тогтсугай.Энэ уулын“Жү И Тан” хэмээх ордны өмнө этгээд нэг өндөр мод босгож Чао, Сүн хэмээх хоёр үсэг бичсэн дарцаг хийморь байгуулагтун. Түүний гадна уулын дөрвөн зүг гурван их архины пүүс байгуулагтун. Баруун хойд этгээд нь цул их хөндий газар, хүн амьтан үгүй.Тэнд нэгэн архины пүүс нээгтүн. Үүнд Тун Вэй, Тун Мэн хоёрыг тэргүүлэгч болгоод арван хэдэн зардас өг. Өмнө этгээдэд нэгэн иргэний пүүс байгуулагтун. Үүнийг Ли Лиг тэргүүлэгч болгоод арван хэдэн зардас өг. Хойд этгээдэд Ши Юнг тэргүүлэгч болгон арван хэдэн зардас өг. Зүүн этэгээдэд Жү Гүйгийн пүүс буй тул дахин байгуулахыг хэрэгсэхгүй хэмээн тус тус байгуулсны хойно чухам ямар газраас юуны учирт цэрэг ба ямар хэргээр яваа зэргийг даруй хэл хүргэх, хурдан сум байгуулж цаггүй цагдан байцаагтун хэмээн тус тус тушаав. Тэндээс бас уулын өмнө этгээдэд гурван боомт хэрэм байгуулагтун. Үүнийг Дуцяньд өдөр шөнийн цагт чанд үзэж байгтун, өөр хэрэгт зарж болохгүй. Хэрэм байгуулсны хойно усан зам татахад Тао Зүнван ыг эеэр захируулж, шуудуу малтах, тоосго зэрэгт боловсорсон хүн Жанзинийг гаргаж боомт хэрэмний санг захируулъя. Сяо Ранг гаргаж боомт ба уулын дээр доор хэрэг зэргийг бичиг илгээх элдэвт тэргүүлэгч болгоё. Зинь Дазянийг тамга тэмдэг сийлэх ба элдэв сийлбэрийн үйлдвэрт гаргагтун. Хоузяниар цэргийн жанжин нарын өмсөх хуяг дуулга ба өнгө бүрийн дарцаг далбааны хэргийг захируулагтун.Ли Юн Лян Шань уулын байшин хүрээлэнг сэлбэж засах тэргүүтнийг даатгасугай. Ма Линь элдэв цэргийн мордох онгоц зэргийг захирсугай. Бай Шэн, Сүн Вань хоёр “Алт хуваах Жинь шан Тинд” очиж суугтун хэмээв. Ван Вайху, Жэн Тяньшоу “Яа Зүй Тан” хэмээх газар хүрээ байгуулж суугтун хэмээв. “Мү Чүнь, Жү Фү хоёр уулын цалин ба хүнс зүйлийг захирч суугтун. Люй Фан, Гуо Шэн хоёр “Жү И Тан” хэмээх журмын цуглах байшинг гаргаж захирагтун. Сүн Чинийг элдэв хурим бэлтгэх ширээ засах хэргийг эрхэлж даагтун хэмээн тус тус тушаагаад дараагаар гурван өдөр шөнөгүй найрлан жаргав. Үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь: Ляньшань По ууланд эдүгээ цаг нам гүм тайван сайхан, тус тусдаа цэргийн сургууль хийж, хэзээ ямагт цагдан байв.

Тэндээс онгоцны жанжин нар басхүү нарийн сургууль хийхдээ бие биесээ ялах дүрмээр нарийн сургууль хийж бүхүйг өгүүлэх юу. Гагцхүү Сүн Жян, Чаогай, Ү Шюэжү энэ гурав нэгэн өдөр энгийн үг хэлэлцэхийн улам” Одоо бидний ууланд сайн эрс цөм ирэв. Эдүгээ бид бас чухам нэгэн сайн дэс дараагаа олвоос сайн хэмээсэнд, Сүн Жян өгүүлрүүн: - Тэр ч гайгүй хожим болъё. Гагцхүү жанжин нарыг тус тус суулгаж тогтносон хойно бид зэрэг дэвээ олъё. Эдүгээ Гүн Сүньшэн уг нутагтаа буцаж эхээ авчрах хэмээсэн нь эдүгээ хүртэл мэдээ чимээ үгүй нь жигтэй хэрэг. Эс бөгөөс санаа урваж зайлав уу. Эс бөгөөс хэлсэн үгээ идэв үү? хэмээн хэлэлцэн байтал, Ү Шюэжү өгүүлрүүн: - Энэ хэрэг бус, түүний хойноос нэгэн гавшгай хүн илгээж тагнуулбаас зохимуй хэмээсэнд Чаогай өгүүлрүүн: - Эдүгээ хэнийг илгээх буюу. Тийнхүү хурдан явж чадах хүн хэн буй? хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Энэ Гүн Сүньшэнгийн хойноос очиход зам бөглүү хол бөгөөд басхүү хот хэрэм олон дайрмуй. Тиймийн тул чухам сайн идэвхтэй хүн сонгож явуулбаас зохимуй. Миний санаанд хувилгаан явдалт Дай Зүн дүү нэгэн өдөр явахдаа найман зуун газар явж чадмуй.Иймийн тул, түүнийг залваас зохимуй хэмээсэнд Чаогай, Ү Шюэжү маш баярлан даруй Дай Зүнг дуудаж энэ үгийг хэлээд, чи хурдан очоод чимээг чагнаж сайнаар үзэж ирэгтүн хэмээсэнд Дай Зүн -Би явах дуртай хэмээгээд өөрийн суух байшиндаан орж дээл хувцсаа авч, замын хүнс аваад Ляньшань уулнаас бууж Зижоугийн зам хөөж, зуураа заваан будаа идэж, удсангүй Юй Шүйзяний хотод орж сэмхэн явтал, олон хүн ийн өгүүлрүүн: - Хэй Сюаньфэн” урвасан хулгай Цао Тайгүнг барьж яаманд хүргэвэл харин өөрөө алагдаж, завсарт олон цэрэг сөнөж, хотыг түйвээв. Түүний дээр цэргийн дарга Ли Юн бас хамт урвав. Энэ нь эдүгээ цэрэг хэдэн зүг гарч эрэвч ер сураг танаг үгүй.” хэмээлцэх үгийг Дай Зүн сонсоод дотроо хүйтнээр инээж Юй шүйзянь хотоос гарч цааш явтал нэгэн хүн зам дээр тосч ирэв.Түүнийг үзвээс нэгэн сайн эр бололтой хүн. Тэр хүн ирээд ийн өгүүлрүүн: - Хувилгаан явдалтай Дай Зүн дарга ах хааш явж буй, ямар хэргээр аль газар хүрмүй? хэмээсэнд Дай Зүн өгүүлрүүн: - Би чамайг үзвээс урьд ер над лугаа учирч яваагүй атал, өчүүхэн миний нэр овог цолоор дуудах нь юу? хэмээсэнд тэр хүн сайтар ажиглаваас хоёр гартаа хулсан жад барьжухуй. Бие нь өндөр нарийн, дал мөр нь өргөхөн, нүд нь бүлтгэр, хамар ихтэй, хөмсөг шулуун цэвэрхэн. Үүнд, Дай Зүн өгүүлрүүн: - Эрхэм дүүгийн нутаг нь хаана? хэмээсэнд тэр хүн өгүүлрүүн: - Жандэ жоу хотод, нэр Ян, овог Линь хэмээдэг. Олон хүнээс олгосон цол нь “Зинь Ваозы” хэмээмүй. Тайлбаас “Таван өнгийн зүстэй ирвэс” хэмээмүй. Өчүүхэн дүү урьд таны нэр алдрыг сонсов.Түүний гадна бие байдал, явах янзыг үзвээс хувилгаан явдалтай мөн хэмээн танив. Энэ учрыг өчүүхэн дүү нь Лян Шань Фү уулнаас бууж ирсэн Гүн Сүньшэн хэмээгч хүнээс сонсож мэдэв хэмээгээд гартаа барьсан жадыг газар тавьж сөгдөн мөргөсөнд Дай Зүн даруй дээш босгож: - Гүн Сүньшэнтай хаана тохиолдож юу хэлэлцсэнээ надад хэлнэ үү хэмээсэнд тэр Ян Линь өгүүлрүүн: - Гүн Сүньшэн сяньшэн урьд над лугаа нэгэн архины пүүсэнд тохиолдож архи ууж байгаад надад хэлсэн үг нь Лянь уулнаас Сүн, Чао хоёр овгийн зарлигаар Зижоуд очиж, эцэг эхээ аваачихаар яваа хэмээсэнд өчүүхэн дүү би тэр үгийг сонсоод, би ч Лян Шань ууланд очих санаа байвч заяа дутжухуй хэмээсэнд Гүн Сүньшэн ах: - Чамайг очих бөгөөс би чамд нэгэн захиа хийх өгсүгэй. Чи урьд Ляншаний зүүн этгээдэд Жү Гүй хэмээх архины дянь пүүс буй. Түүнд урьд очиж миний захиаг өгөгтүн. Тэр чамайг удирдаж уулнаа аваачмуй. Манай Сүн, Чао хоёр овгийн ах нар хөндлөн голын аль сайн эрсийг авч хоршоолон үл нөхөрлөж ах дүү болов хэмээсэнд өчүүхэн би үнэхээр баярлаж, эдүгээ Лян Шаньд очихоор яваагаас гадна, чухам зам мэдэхгүй тул аргагүй энэ замаар ирэв хэмээсэнд Дай Зүн маш баярлаж, ийн өгүүлрүүн: - Би нь Сүн Чао хоёр ахын зарлигаар Гүн Сүньшэнгийн хойноос тагнуулруун ирэв. Эдүгээ энэ Зижоү хотын зам мэдэхгүй тул мөн энэ замаар ирэв хэмээсэнд Ян Линь өгүүлрүүн: - Ах та Гүн Сүньшэн ахын хойноос яваа бөгөөс би хамт зам удирдаж өгье хэмээн, Гүн Сүньшэн ахыг эрж олоод гурвуул хамт Лян Шаньд очвоос болох буюу хэмээсэнд Дай Зүн өгүүлрүүн: - Тийм бөгөөс үнэхээр сайн. Бид хоёр явж Зижоүд очоод Гүн Сүньшэнг олж авсан хойно бүгдээр хамт буцсугай хэмээв.

Тэндээс тэр хоёр нийлж Юй шүйсянь хотод орж, архины дяньд бууж архи ууж, Ян Линь ийн өгүүлрүүн: - Дай Зүн ах чи болбоос хувилгаан явдалтай, би нь угаас ийм хувилгаан явдал огт үгүй тул таны энг яахин гүйцэн явж чадмуй хэмээсэнд Дай Зүн инээн өгүүлрүүн: - Эрхэм дүү чи бүү зовогтун. Би нь хурдан явах хувилгаан увдисаа хурааж, аажим явбаас мөн болно.Үгүй бөгөөс чиний биеийг нэг үлээвээс мөн хурдан явах увдис оршуулж болмуй хэмээснийг Ян Линь өгүүлрүүн: - Үүнд хувилгаан яс үгүй хүнд яахин оршиж болох буюу хэмээсэнд Дай Зүн: - Болох учир буй хэмээгээд өгүүлрүүн: - Үүнийг хувилгаан явдлаар явъя хэмээвээс мах цусыг идэж болохгүй, гагцхүү заваан, махгүй хоол идмүй хэмээгээд заваан хоол идэж архи уугаад, тэр дяньд хоноод маргааш нь будаа идээд, архи хоолны мөнгийг Ян Линь өгч дяниас гарч, хоёр биений урьд хийж явсан хэргээ бие биедээ тоочин хэлж явсаар нар луу цаг болов. Гэнэт харж үзвээс дөрвөн их өндөр уул үнэхээр сайхан бөгөөд ус эргэн тойрон урссан эрхгүй энтэй уулын дундуур нэгэн их зам баймуй.Үүнд Дай Зүн өгүүлрүүн: - Эрхэм дүү энэ ямар нэртэй газар, энэ ууланд ямар хүмүүн байдаг? хэмээсэнд Ян Линь өгүүлрүүн: - Энэ уулын нэр нь Инь Мачуань хэмээх нэртэй уул. Урьд сайн эрс байсан. Одоо ямар хүн яахин байгааг чухам мэдэхгүй хэмээн хэлэлцэн явтал тэр уулнаас нэг хэсэг цэрэг мордож, тэр хоёрыг угтан ирэв. Үүнийг тэр хоёр үзээд айсан ч үгүй өмнөөс угтан очиж ойр хүрвээс, цэргийн өмнө хоёр сайн эр болтой хүн баймуй.

Тэдгээр хоёр цэргийн жанжин ирж ийн өгүүлрүүн: - Та хоёр аль газраас ирсэн зэрлэг хүн, хаашаа ямар хэргээр очмуй? Манай энэ замаар явахад эрхгүй замын гааль зоос өгмүй. Тиймийн тул зоос мөнгөө гаргагтун. Үгүй болбоос үл явуулах хэмээсэнд Ян Линь, Дай Зүнд өгүүлрүүн: - Ах би энэ хоёр хулгайг алж орхимуй, чи үзэгтүн хэмээн хулсан жадаа барьж тэр хоёрын өмнөөс эсэргүүцэн ирэв. Тэндээс тэр хоёрын тэргүүлэгч жанжин өгүүлрүүн: - Олон цэрэг гар бүү хөдлөгтүн. Энэ нь Ян Линь ах явж баймуй хэмээгээд мориноосоо бууж гартаа барьсан зэмсгийг газар тавьж, хойд бага жанжнаа дуудаж цөм танилцаад, Ян Линь ахад эсэргүүцэн элдэв үг хэлсэн муу сүр үзүүлсэн буруу ял олов хэмээн сөгдөн мөргөсөнд, Ян Линь даруй босгож, Дай Зүн ахаа дуудаж, цөм нэгэн газар цугларч, амар мэндээ мэдэж ёс ёслоод Янлинээс Дай Зүн асууруун: - Мэргэн дүү энэ хоёр бага жанжин нь хаана байсан, эдүгээ ямар газар оршин суудаг, нэр овог нь хэн, уг нутаг чухам хаана, аль муж сяний хүн, чам лугаа яахин танилцсан зэргийг асуусанд, Ян Линь өгүүлрүүн: - Энэ хоёр над лугаа хоршоолон нөхөрлөж явсан сайн эрс. Эдүгээ энд оршин суудаг. Нэгэн нь уг нутаг нь Сянфү хэмээгч хот. Овог Дэн, нэр Фэй, Дэн Фэй хэмээмүй. Үүний хоёр нүд нь улаан. Жинхэнэ баатар эр. Олноос олсон цол нь “Хун ян суоюй”.Үүнийг тайлбаас “Улаан нүдэт сармагчин” хэмээмүй.

Үүний хэрэглэдэг нь нэгэн төмөр шийдэм бөлгөө. Түүнийг хүн үзэх байтугай харваас нүд нь цочмуй. Бид урьд ханилж явснаас хойш таван жил учирсангүй. Харин эдүгээ энд учирсан нь тэнгэрийн баяр тохиолдов хэмээсэнд, тэр Дэн Фэй өгүүлрүүн: - Эрхэм ах таны хамт яваа энэ өндөр биетэй ямар хүмүүн буй, хаана суудаг? Үзвэл зүгээр хүн бус, эрхбиш нэгэн сайн эр болтой хэмээсэнд Ян Линь өгүүлрүүн: - Энэ нь Лян Шань Фү уулын “Шэнсин Дайбао” хэмээх Хувилгаан явдалт Дай Зүн хэмээсэнд тэр Дэн Фэй өгүүлрүүн: - Хүнээс сонсвол Жэньжоугийн гянданы дарга Шэнсин Дайбао нэг өдөр мянган газар явах хувилгаан явдалт хүн хэмээн сонслоо. Тэр нь та буюу? хэмээсэнд Дай Зүн өгүүлрүүн: - Өчүүхэн хүмүүн мөн хэмээсэнд, тэр Дэн Фэй даруй газар сөгдөж, ёс алдав, хилэгнэх хэрэггүй, таньсангүй тул буруу ял болжихуй хэмээсэнд, Дай Зүн өгүүлрүүн: - Нэгэнтээ үл таних тул арга буюу, дээш босогтун хэмээгээд татаж босгоод ийн асууруун: - Мэргэн дүү чи энэ хамт яваа өндөр сэрвээтэй хүн хэн гэгч нэртэй, хаана байдаг хүн буй? хэмээсэнд Дэн Фэй өгүүлрүүн: - Энэ нь Жэнь Динжоугийн хүн. Овог Мэн, нэр Кан, Мэн Кан хэмээмүй. Онгоц хийж сурсан хүн. Харъяат ноёндоо нэгэн их онгоц хийж өгсөнд тэр ноён нь үүнийг элдэв хоч тавин хэлсэнд, энэ уур нь хүрч ноёноо алаад хөндлөн голд урвав. Энэ хүний байдлыг үзвээс үнэхээр цав цагаан гоёмсог биет тул, олон хүн өгсөн цол нь Жюй Вангань хэмээмүй. Үүнийг тайлбаас “Хас багана” хэмээмүй. хэмээсэнд Тайзун өгүүлрүүн: - Үнэхээр сайхан цол. Эдүгээ дүү нар урваснаас хойш удав. Энэ газар ирээд хичнээн он болов? хэмээсэнд Дэн Фэй өгүүлрүүн: - Эрхэм ахаас нуух газар юун. Урваснаас хойш нэлээд он болов. Энд ирээд дэмий удсангүй хоёр жил шахам болов. Гагцхүү хагас жилийн урьд энэ баруунтаа нэгэн сайн эр лугаа танилцав.

Тэр хүний уг нутаг нь Дунжин хотод хэмээмүй. Төрсөн бие байдал нь үнэхээр цэвэрлэг бөгөөд сурсан эрдэм нь маш гайхамшигтай. Хоёр гарын ур нь үлгэрлэх газар үгүй. Энгийн хүн түүнд цол өгсөн нь “Темянь Гүнмү” хэмээмүй. Тайлбаас “Ширмэн нүдтэй бичгийн дарга” хэмээмүй. Энэ хүний ухаан нь сэргэлэнгийн дээр бас цэргийн эрдэм маш сайн сурч, сэлэм жадыг эргүүлэн наадах нь хар луу ороолдох мэт хурдан хуй салхин дэгдмүй. Энэ хүн анх Дунжинд байх цагтаа эзэн хааны дэргэд шадар байгч нэгэн их сайдыг алаад энэ Ша Мэнтоу хэмээх хотод цөлөхөөр хүргэгдэж ирэх замд, бид тэдгээр албаны цэргийг алж, үүнийг зам тосож булаан авав. Одоо манай ууланд буй. Нэр нь Пэй Сюань хэмээмүй.Үүний чадал нь цэргийн зэвсэгт хоёр ирт сэлэм хэрэглэмүй. Иймийн тул бид түүнийг нэгэд нас ах, хоёрт эрдэм ухаан нь тэгш тул тэргүүлэгч тавив. Үүнд гуйх нь, эрхэм хоёр ах манай энэ муу ууланд очиж, өчүүхэн дүү нарын сэтгэлийг гололгүй гэрт морилохыг хүсмүй хэмээсэнд Дай Зүн өгүүлрүүн: - Эрхэм дүүгийн тааллыг яахин гажуудуулан болох буюу. Бид хоёр очсугай хэмээсэнд Дэн Фэй, Мэнган хоёр цэргийн ардыг дуудуулж, морь авчруулан унуулж уулын зүг явав. Үүнд Дэн Фэй яаран цэргийн хүнийг илгээж Пэй Сюань тэргүүлэгчид энэ учрыг хэлүүлсэнд, Пэй Сюань хэдүйн үүдэндээ гарч тэдгээрийг угтан хүлээж, тэндээс Дай Зүн нарын дөрвөн хүн удсангүй уул давж, Пэйсюаний гэрт орж ёс ёслоод цай ууж, Дай Зүн Пэйсюанийг үзвээс өнгө зүс нь цав цагаан бөгөөд цаснаас юуны өөр. Бие нь тарган махлаг нь ууланд зоргоор явах гөрөөс адил.

Ааш авир нь намрын цэцэг салхинд найгаж ганхах мэт. Арван сайхан хуруу нь хулсны үе жигдэлсэн мэт. Бас ийм сайхан эр ертөнцөд буй ажгуу хэмээн маш их дотроон магтан байтал, Пэй Сюань өгүүлрүүн: - Эдүгээ хол газраас явж ирсэн хоёр ах нарт ширээ засаж, архи ногоо бэлдэж ах дүүгийн журам гүйцэтгэе хэмээн, даруй ширээ засаж найр тавьж, архи уун суух завсар Дай Зүн ийн өгүүлрүүн: - Эдүгээ манай Лян Шань Фү уулнаас танай энэ уул маш бага бөгөөд басхүү усан далайгүй, онгоц хэрэглэх замгүй. Манай Лян Шань уул урт нь найман зуун газар, өргөн нь таван зуун газар. Эргэн тойрон урссан ус нь хүмүүн гаталж чадах байтугай онгоц хэрэглэж хялбар явж чадах үгүй, дээр бас ургасан өвс цэцэг нь маш үзэмжтэй бөгөөд үнэр нь анхилуун. Бас хэдэн зүг харуул ихтэй. Манай Лян Шань уулын тэргүүлэгч хоёр дарга нь Чао, Сүн хоёр. Энэ хоёрын алдар сонсвол сайн эрс бүхэн аяндаан дагаж ормуй. Уулан дээр байгуулсан хороо нь Ваньшичэн хэмээх маш их үзэсгэлэнт хот, цугларсан газар газрын сайн эрс нь эдүгээ тавь шахам болж, цэрэг нь хэдэн мянгад хүрэв. Зүг бүрт архины пүүс нээж боомт байгуулав хэмээх зэрэг маш магтсанд Пэй Сюань өгүүлрүүн: - Мунхаг дүүгийн уул хэдий бага боловч мөн ч нэгэн хоёр зуун газрын эцэс урт, өндөр нь тавь жаран газар болмуй. Тийм сайхан цэцэг жимсгүй боловч мөн ургасан өвс сайн, урссан ус их гүнгүй боловч мөн гарч явахад амаргүй, цэрэг жанжин олонгүй хэмээвч бас хоёр гурван зуун цэрэг буй.

Гар доор зарах таван зуугаад хөвгүүн буй билээ. Иймийн тул эрхэм их буянт ах олдвоос биднийг тэр Лян Шань ууландаан аваачиж Чао, Сүн хоёр дарга лугаа танилцуулж, ах дүү болговоос болох уу? хэмээсэнд Дай Зүн өгүүлрүүн: - Эрхэм мэргэн дүү нар тийм санаатай болбоос би урьд Зижоүд Гүн Сүньшэнийг Ян Линийн хамт очиж эрж олоод, нааш эргэж та нарыг авсугай. Та нар юмаа бэлдэн төхөөрч хүлээгтүн хэмээсэнд тэдгээр маш баярлан, бас нэгэн цэвэрхэн байшинд нарийн ногоо зууш бэлдэж найрлан байтал Дай Зүн бие согтох мэт болоод архиа сэргээх хэмээн гадагш явж сайтар шинжлэн үзвээс тэр уул мод цэцэг хад чулуу нь үнэхээр үзэсгэлэн маш сайхан, чухамхүү нэгэн бурханы хувилгаан суух агуйт уул тул дотроон гайхаж нэлээд үзээд, орж ирээд ширээн дээр сууж өгүүлрүүн: - Эрхэм дүү нар энэ ууланд суусаар он удав уу? хэмээсэнд Дэн Фэй, Мэнган хоёр өгүүлрүүн: - Мунхаг дүү нар энэ ууланд дэмий удсангүй. Таван жил шахам суув. Урьд энэ ууланд олон газраас цугласан муу хүн олон байсан. Тэд нарыг бид хоёр ирж хөөн зайлуулаад, энэ уулыг эзлэв хэмээлцээд таван сайн эрс ширээ хавчин нэгэн шөнө турш найрлаж, маргааш нь Дай Зүн, Ян Линь хоёр Гүн Сүньшэнг эрэхээр Зижоүд очих, бас тэдгээр гурван сайн эрс юмаа бэлдэж хүлээхийг захиад шууд уулнаас бууж явав.

Тэндээс тэр хоёр уулнаас үдэж гаргаад гэртээ орж элдэв юмаа төхөөрөн бэлдэж, Дай Зүн, Ян Линь нарыг хүлээснийг бүү өгүүлэн өгүүлэх нь, Дай Зүн, Ян Линь хоёр явж Зижоү хотын хэрмийн гадна хүрч үзвээс нэгэн архины дянь баймуй. Тэр дяньд орж Гүн Сүньшэнг асуусанд тэр дянь “үл танимуй “ хэмээснд Ян Линь өгүүлрүүн: - Дай Зүн ах Гүн Сүньшэн ах тийм алдартай сайн эр тул өөрийн хотод цол олж олонд алдарших тул юунд үл мэдэх буюу. Үгүй бөгөөс тэр аглаг уул сүмд сууж байх болзошгүй. Юу ч болов би хэрмийн гадуур гарч олон хүнээс сураглая хэмээн гадагш гарч хүнээс хоёр өдөр сураглаваас ер таних хүн үгүй тул дахин тэр дяний пүүсэд ирж, Дай Зүнд “Ер чимээ сонсдохгүй хэмээсэнд Дай Зүн өгүүлрүүн: - Тийн бөгөөс хэрмийн дотор орж бас сураглая хэмээгээд хэрмийн дотор орж настай, залуусаас асууваас цөм мэдэх хүмүүн үгүй тул, арга үгүй гарч явсанд хойноос гэнэт хэнэгэрэг харанга дэлдэх чимээ гарсанд Ян Линь үзвээс, хэдэн тэргэнд ачаа ачсан, бэлгийн юм бололтой тул түүний хойноос дагасан эрүү баригч хүмүүн, алах хүмүүн сэлэм барьж дагажухуй. Үүнийг үзвээс зүс нт хав хар, бие байдал нь үнэхээр тэгш төрсөн сайн эр болтой тул Ян Линь гайхаж, дотроон сэтгэрүүн: - энэ хүн нь эрхбиш зүгээр хүн бус. Гагцхүү учрыг хянаваас үүний өмссөн нь хатгамал дээл нүүр царай нь хар боловч бас биендээ цэвэрхэн хувцас өмсчүхүй. Үүнд энэ нь Хунань газрын хүн. Овог Ян, нэр нь Сюн хэмээмүй. Энэ хүн угаас шударга шулуун бөгөөд гагцхүү үүний ах Зижоүгийн ноён байсан тул ахдаан учрах хэмээн ирсэн билээ.

Ах нь хэдүйн тушаалаас огцорч уг нутагтаа буцажухуй. Үүнд Ян Сюн арга үгүй авчирсан бэлгийн юмаа авч, нэгэн дяньд бууж хэдэн өдөр болсон хойно тэр Зижоүд шинэ тушаал хүлээн авсан ноён ба басхүү гянданы дарга нар “Ян Сюн хэмээгч сайн эр ирэв” хэмээн хэлэлцэхэд тэр шинэ тушаалын ноён дотор нь зэвүүрхэж машид зовов.Үүнд гянданы хоёр дарга тэр Ян Сюнийг залж урих учиртай болов. Үүнд энэ Ян Сюний биед өвчин тохиолдоод байх цаг билээ.Чухам ямар өвчин тохиолдсоныг үлгэрийн эцэс тайлж өгүүлж.Эдүгээ хэлвээсээн “гуансу” хэмээх өвчин болой. Үүнд тэр хоёр дарга дахин дахин урьсанд өвчин бүхий хүн тул яахин очмуй. Энэ тохиосон өвчин болбоос боомтны үүдийн оньслох төмөр дээс хэмээжихүй. Энэ нь гэдэсний дотор элэг зүрхийг бүрсэн цус лугаа адил болой. Үүнд Ян Сюн ер очсон үгүй. Тэндээс эдгээр учрыг Ян Линь харж, дотроон ийн сэтгэрүүн: - “Энэ нэгэн сайн эрийг үзэхүл чухамхүү хүнд бэлэг хүргэх ёс бус харин хүнийг алаад ирсэн хэрэг болов хэмээн дотроон маш их сэжиг төрж байв. Гэтэл Зижоү хотын хэрэм сахисан цэргүүд цэрэглэж ирэв.Үзвээс тэргүүн нь Жанбао хэмээгч дарга. Энэ нь хонийг өшиглөж алах чадалтай хүн.

Үүнд Ян Сюн хүн алаад харъяат ноёноос шагнал хүртэж, зээл дээр эд бараа авах хэмээн явтал, тэр хэрмийн дарга Жанбао ирж, зам хөндлөн зогсож, Ян Сюнг тосож ороод, ийн өгүүлрүүн “Эрхэм эрүү баригч ноён таныг сонсвоос, энэ өдөр цааз дагаж хүнийг алав. Түүний гадна мөнгөөр шагнуулав.”гэнэм. Иймийн тул өчүүхэн дүүдээ хэдэн лан мөнгө өгөх ажаамуу хэмээн гуйсанд Ян Сюн өгүүлрүүн: - Чи урьд надаас ер мөнгө зоос зээлэн авсангүй бөлгөө. Эдүгээ яахин надаас мөнгө зээлэх болов? хэмээсэнд Жанбао өгүүлрүүн: - Чи мөнгө зоос байвал би зарах, би мөнгө зоос байвал чи над зарах билээ. Чи одоо мартав уу? хэмээсэнд Ян Сюн өгүүлрүүн: - Өчүүхэн нохой мэт ард чи яахин миний олсон юмнаас горилмуй. Чамд хүртэх хишиг үгүй хэмээсэнд Жанбао даруй уур нь хүрч Ян Сюнийг барин авч ноцолдоход тэдгээр цэргийн ард чухам цөм тархаж, гагцхүү Ян Сюн үлдсэнд түүний авч яваа юмыг бүгд Жанбаогийн дагасан цэрэг хураан авав. Үүнд тэр хоёр хэвээр ноцолдсоор байтал нэгэн дамнуур дамнасан юм худалдах баатар эр ирж, Ян Сюнийг өмгөөлж Жанбаод өгүүлрүүн: - Чи ямар хүмүүн, яахин Гүй Шишу даргыг дарлаж юмыг дээрэмдмүй хэмээсэнд Жанбао өргүүлрүүн: - Чамд огт хамаарах газаргүй. Чи өлсвөөс гэдсээн тэжээхийг бодогтун. Жигүүртэн таарваас галд дулаацахыг санагтун.Чиний мэт муу ард бидний хэрэгт хамаармуй хэмээн зандарахад, тэр дамнуур дамнасан хүн маш уур нь хүрч дамнуураан барьж шууд Жан баогийн дагасан цэргийн ардыг цөм цохиж алахаар ороход Ян Сюн басхүү дотроо баярлаж, бид эдүгээ гагцаар дийлэхгүй болсон тул бурхан тэнгэр өршөөж нэгэн баатар эр туслахаар ирэв хэмээн Жанбаотай ихэд ноцолдон байтал, тэр хүн Жан баогийн цэргийн хагасыг дийлж алж, хагасыг оргуулж сүйтгэв.

Тэндээс тэр дамнуурч хүн ирж Жанбао лугаа занчилдах хэмээсэнд, Жанбао Ян Сюнийг тавьж, даруй зугтан явж, оргосон цэргийн хойно эрж учрав. Үүнд үзвээс Жанбаогийн оргосон цэрэг Ян Сюний буй бүхий юмыг авч явжихуй. Тэндээс Ян Сюн юмаа үгүйд бачимдаж уур нь хүрээд, мөн Жанбаог хөөн явж юмаа авах хэмээн явсаар энэ нэгэн нарийн зээлээр хөөж ирэв. Үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь: Дай Зүн, Ян Линь энэ учрыг сонсоод тэр дамнуурч Ян Сюн,Жанбао нарыг үзэх хэмээн зээлд очвоос Ян Сюн, Жанбаог хөөж явжихуй.Үүнд тэр дамнуурч хамаагүй хүнийг ийш тийш хөөн занчихад Дай Зүн, Ян Линь хоёр үзээд, даруй учрыг нь мэдэж, тэр дамнуурчийг барьж ийн өгүүлрүүн: - Мэргэн дүү уураан түр намруулагтун. Бидэн лугаа явж хамт архины пүүсэд очиж хэдэн үг хэлэлцье. Чиний урамтай ба сайн чадалтайг бид хоёр үзэв. Эдний зэрэг доордыг дарлаж яахим хэмээн Ян Линь дамнуурыг түүний түлээг дамнаж, Дай Зүн түүний гараас нь хөтөлж архины пүүсэд ирж, ширээ засаж найрлаж жаргаад, тэр хүн өгүүлрүүн: - Эрхэм хоёр ахын алдар нэр, овгийг сонсоогүй боловч нэгэнтээ та нарын байдлыг үзвээс үнэхээрийн баатар эрс байна.

Иймийн тул аймшиг үгүй үг өгүүлж үл чадмуй. Гагцхүү архи ууж, элдэв нарийн ногоо бэлдэж идвээс зохих билээ хэмээн өгүүлээд, даруй архины зардасыг дуудаж, шинэ сайхан нарийн ногоо зууш бэлтгэ. Чухам хүч сайн архи хэдэн лонхыг авчрагтун. Бид гурав сайн эрс найрлан жаргамуй хэмээн хэлээд, цөм тооны ёсоор бэлдэж, тэр дамнуурч хүн ёс ёсолж, Дай Зүн, Ян Линь хоёрт хундага барьсанд, тэр хоёр өгүүлрүүн: - Эрхэм дүүгийн өндөр овог, нэрийг сонссонгүй, гагцхүү архийг хүлээж авахад үнэхээр бэрх хэмээсэнд, тэр дамнуурч өгүүлрүүн: - Ах нар үүнд бүү зовогтун. Юун бэрх хэмээн өгүүлмүй. Мунхаг дүү нь уг нутаг Зянькан Фү хэмээх хотод, овог Ши, нэр Сю, Ши Сю хэмээмүй. Өчүүхэн дүү нь бага цагаас цэргийн эрдэм сурсан бөгөөд сэлэм жад эргүүлэх нь энгийн хэрэг. Гагцхүү миний жинхэнэ олонд алдаршсан нэр нь Пинмин салань хэмээн цол олжухуй. Энэ нь амийг тавьж алалдах дайсан лугаа эсэргүүцэн чадмуй хэмээсэн үг болой. Үүнд Дай Зүн өгүүлрүүн: - Эрхэм мэргэн дүү чи тийн аваас уг нутгаас яахин гарч энэ Зижоу хотонд ирэв? хэмээсэнд Ши Сю өгүүлрүүн: - Мунхаг дүү уг нутгаас ахаан дагаж Зижоу хотод хонь мал тууж, худалдаа гүйлгэн явдаг билээ.

Тиймийн тул ах нь бие нөхчиж, үлдсэн юмаан архи, эмд бүрэлгэн дуусгаад эцэст хоосроод ядарч амь зуух аргагүй болмогц асар их уулнаа гарч арав таван түлээ ар мөрөн дээрээ авч үүрэн авчраад, энэ хотын ах дүүд арав таван зоосоор арилжин худалдаж амь зуудаг билээ. Аймшиггүй амьтныг хорлосонгүй, аль муу зальхай хүнийг засч, авч явсан дамнуураан алмааз очир мэт санаж хэрэглэдэг хэмээх зэрэг хэлсэнд Дай Зүн өгүүлрүүн: - Мэргэн дүүг үзвэл үнэхээр сайн эр асан, гагцхүү энд гагцаар болж үлдсэн нь үнэхээр зовлон болжихуй. Өчүүхэн би санаваас өнөө өдрөөс эхлэн бид лугаа журмын ах дүү болж, үнэн санаагаар явбаас үүрд амь зуух ба жарган явах замыг би зааж болох хэмээсэнд Ши Сю мөргөн өгүүлрүүн: - Тийм бөгөөс эрхэм мэргэн ах өчүүхэн над чин үнэн санаагаа тодорхойлон илтгэж хайрлах.Би нь таны нэг үгнээс гажих газаргүй хэмээсэнд Дай Зүн өгүүлрүүн: - Чи тийнхүү санаа шулуудан эрс бодвоос одоо даруй Лян Шань Фү хэмээх уул мэдэх буюу? Тэр уулыг мэдвээс чи тэнд очиж, журмын ах дүү бологтун хэмээсэнд, тэр Ши Сю маш их баярлан, ийн өгүүлрүүн: - Өчүүхэн дүү нь Лян Шаньд очиж болох боловч, орох замаа мэдэхгүй хэмээсэнд Дай Зүн өгүүлрүүн: - Мэргэн дүү чи үнэхээр очвоос зам засах хэрэг надад бий. Чи тэнд очвоос их жингээр алт мөнгө хуваах, тэргээр дээл хувцас авах, тийм их жаргалтай болно хэмээсэнд Ши Сю өгүүлрүүн: - Эрхэм ах би гагцаар очих чадал үгүй, тийм толгой байхгүй хэмээсэнд Дай Зүн өгүүлрүүн: - Тийм бөгөөс чамд хэдэн лан мөнгө өгье.Чи үүгээр наймаа худалдааны бэл болгогтун хэмээсэнд Ян Линь ваадангаас мөнгө арван таван лан гаргаж Ши Сюд өгсөнд, Ши Сю хүлээн авахгүй хэмээсэнд Ян Линь өгүүлрүүн: - Ши Сю дүү чи эрхгүй хүлээн авах зүйтэй бөлгөө. Юунд ийн тийн хэмээн түлхэцмүй хэмээсэнд Ши Сю аргагүй хүлээн авав.

Тэндээс тэр гурвуул архины пүүсэд архи ууж суун байтал нэгэн сайн эрийн бараа харагдаж ойр хүрч ирэв. Үүнд Зүн яаран гарч Гүн Сүньшэн ирэв, за хэмээн угтан гарч үзвээс тэр нь Ян Сюн хэдэн цэрэг дагуулан тэр гурав дээр орж ирэв. Үүнд Дай Зүн, Ян Линь хоёр үзээд маш айн цочиж зайлан явав. Тэр Ян Сюн орж ирээд Ши Сюд ёслон өгүүлрүүн: - Мэргэн ахын өчүүхэн дүүдээ тусалсныг санаж нэлээд эрсэн боловч ер олдсонгүй тул, эдүгээ харин дам хүнээс сонсвоос энэхүү архины пүүсэд хоёр зочин лугаа архидан найрлаж баймуй хэмээн сонсоод таны хойноос ирэв.Өчүүхэн дүү Жан баод булаагдсан юмаа нэгэнт олж авав. Эдүгээ танд учирч, энэ учраа сонсгож, таны ач тусыг хариулах төдий хэдэн хундага архи барих хэмээн ирэв хэмээсэнд Ши Сю маш баярлан өгүүлрүүн: - Мэргэн ах нь угаас төрсөн нь хүнийг хамгаалах ба өмгөөлөх зэргийн хэрэгт маш дуртай, дээр басхүү цэргийн эрдэм боловсруулан чадав. Энэ өдөр үзвэл эрхэм дүүг зальхай хүн нар мэхлэж юмыг дээрэмдэх хэмээсэнд уур хүрч, тэд нарыг занчиж зайлуулав. Тийн атал гадаад мужийн хоёр хүн лугаа учирч, энд архидан суумуй хэмээсэнд Ян Сюн өгүүлрүүн: - Эрхэм ах чиний өндөр овог хэн, алдар нэр юу хэмээсэнд Ши Сю өгүүлрүүн: - Өчүүхэн хүн Зянькан Фүгийн хүмүүн. Овог Ши, нэр Сю, Ши Сю хэмээмүй. Гагцхүү мунхаг ах нь угаас төрсөн зан түргэн бөгөөд ямагт хүмүүнийг тусалмуй. Гажуу замыг засмуй. Тиймийн тул мунхаг ахад олны өгсөн цол нь “Пинмин Саньлань хэмээн өргөжүхүй. Энэ нь “Амийг тавьж алалдах дайсан лугаа эсэргүүцэн чадах” хэмээмүй. Үүнд Ши Сю бас дахин өгүүлрүүн: - Мунхаг ах нь уг нутагтаа байх цагт баялаг бөлгөө. Ах Ши овогт лугаа Зижоү хотод хонь мал туух зэргээр худалдаа гүйлгэж байтал гэнэт ах Ши овогт наснаас нөгчиж бие барав. Үүнд мунхаг ах нь буй бүхүй юмаан архи эмд бүрэлгэн дуусаад, арга бармагц, уулнаа давж түлээ түүж амь зууж аж төрөн суумуй хэмээсэнд Ян Сюн өгүүлрүүн: - Тийн бөгөөс надад туслах арга буй. Гагцхүү таны хамт архи ууж байсан хоёр зочид хаашаа явав? хэмээсэнд Ши Сю өгүүлрүүн: - Эрхэм дүүг олон цэрэг дагуулан ирмэгц айн цочиж зугтан зайлав хэмээсэнд, Ян Сюн аргагүй дагуулсан цэргээ энэ өдөр буцаан “маргааш ирэгтүн хэмээн тушаав. Цөм буцав. Тэндээс Ян Сюн архины пүүсний зардсаа дуудаж, хоёр ваар архи авчруулан тэр шөнө Ши Сю лугаа найрлав.

Үүнд Ян Сюн өгүүлрүүн: -Өчүүхэн хүмүүн үзвээс чамд энд сувилах ургийн ах дүү үгүй, гагцхүү бие ганц мэт буй хэмээсэнд Ши Сю өгүүлрүүн: - Үнэхээр тийм. Уг нутагт буцах хэмээсэн билээ. Гарт мөнгө үгүй яахин буцаж чадах буюу хэмээсэнд Ян Сюн өгүүлрүүн: - Мэргэн чи миний үгийг дагаваас би чамд хэлсүгэй. Хэрвээ эс дагаваас хэлэх юун тус хэмээсэнд Ши Сю өгүүлрүүн: - Мэргэн дүү чи бүү гадуур санагтун. Эр хүнд эм зан байж болох буюу. Юунд үл дагах билээ хэмээсэнд Ян Сюн маш баярлан өгүүлрүүн: - Тийм бөгөөс бид хоёр маш журмын ах дүү болж, тэнгэрт мөргөвөөс ямар? хэмээсэнд Ши Сю нэн ч баярлан даруй хоёул зөвлөж, тэнгэрт хүж барьж ёслон мөргөөд, насаан асуусанд Ян Сюн хорин есөн настай, Ши Сю хорин найман настай тул арга үгүй Ян Сюнийг ах хэмээн дуудаж, дахин ширээ засаж Ян Сюн ахаан өргөн хүндэлж, ширээний төв дунд суулгаад энгийн үг хэлэлцэн байтал Ян Сюний хадам эцэг Паньгүн ирэв. Үүнд Ян Сюн босож ёсолсонд Паньгүн өгүүлрүүн: - Сонсвол чамайг хүмүүн лугаа хэрэлдэн занчилдаж баймуй хэмээн сонсоод би хэдэн хүн дагуулан туслахаар ирвээс хэдийн тархаж, эдүгээ чамайг энд архи ууж баймуй хэмээн сонсоод ирэв хэмээсэнд Ян Сюн өгүүлрүүн: - Мунхаг хүргэн нь Жанбао хэмээх нэгэн хулгайд юмаа дээрэмдүүлж, ноцолдон буй атал энэ мэргэн дүү очиж туслан түүнийг хөөж зайлуулаад, юмаа бүрэн авав хэмээсэнд Паньгүн өгүүлрүүн: - Тийн бөгөөс маш сайн, одоо намайг дагаж ирсэн хэдэн хүмүүнийг гэдрэг архи өгч буцаагаад, бид гурав архи ууж найрлан сууя хэмээн, тэр хэдэн хүнд тус тус гурван хундага архи өгч буцаав. Тэндээс дахин ширээ засаж архи ногоо бэлдүүлэн, ширээн дээр Паньгүнг эхэнд суулгаж, хоёр хажууд Ян Сюн, Ши Сю хоёр зэрэгцэн сууж, архи ууж найрласан хойно Паньгүн өгүүлрүүн: - Энэ Ши овгийн дүүг үзвээс үнэхээр баатар эр бөгөөд бие нь урт, толгой нь бүдүүн. Гагцхүү миний хүргэн Ян Сюнтэй хүж барьж журмын ах дүү болсон нь маш тулгар ашигтай болжихуй. Одоо яахин хүнд дарлагдмуй. Тиймийн тул мэргэн дүүгийн өндөр овог нэрийг эдүгээ сонсов.

Уг нутаг ба сурсан эрдэм буй буюу? хэмээн асуусанд, нутаг нь Зянькан Фү хэмээх хотод, эцэг нь хонь алж мах худалдах хүмүүн. Эдүгээ би Ши ах лугаа хонь мал тууж, Зижоуд худалдахаар ирээд ах нь наснаас нөчив. Эдүгээ би гагцаар тул энэ Ян Сюн ахтай тэнгэрт мөргөж хүж барин ёс ёслов хэмээсэнд Паньгүн өгүүлрүүн: - Мэргэн дүү тийм бөгөөс эцгийн үйлдэж байсан ажлыг сурав уу? хэмээсэнд Ши Сю өгүүлрүүн: - Яахин үл сурах буюу. Хонь алах байтугай үхэр алж чадахаас гадна заан ч болов мөн алмуй хэмээсэнд Паньгүн маш баярлан өгүүлрүүн: - Би бас мал алах ажил хийж явсан хэмээсэнд Ян Сюн өгүүлрүүн: - Би болбоос ер тийм ажил мэдэхгүй. Бага цаг цэргийн дарга болж, яамны газар алба хааж явсан хэмээсэнд Ши Сю өгүүлрүүн: - Эдүгээ энэ сул үг өгүүлж яахим. Бид одоо буцаж Ян Сюн ахын гэрт очсугай хэмээн тэр архины пүүсийн зоос мөнгө бодож өгөөд, Ши Сю өөрийн дамнаж явсан түлээгээ тэр пүүсэд өгч, шууд Ян Сюнгийн гэрийн зүг очтол, Ян Сюн өөрийн гэрийн хаалгыг дуудаж бэргэнээ түргэн гарч бага авгайг угтагтун хэмээсэнд бэргэн нь өгүүлрүүн: - Дүү чи ямар бага авгайг угтагтун хэмээв? Хэмээсэнд Ян Сюн өгүүлрүүн: - Энэ Ши Сю хэмээгч хүн миний хүж барьсан журмын ах дүү болой хэмээсэнд тэр эхнэр үүдээ нээж харваас үнэхээр толгой бүдүүн, бие урт нэгэн баатар эр тул юун ч хэл үгүй байв.

Тэндээс тэр эхнэр долоон сарын шинийн долоонд төрсөн нь маш үзэсгэлэн. Царай нь цагаан гуа сайхан биетийг Ши Сю үзжүхүй. Үүний нэр нь Пань Чяо Юнь хэмээмүй. Энэ эхнэр угаас Ван овогт Зижоү хотын бичгийн дарга лугаа эм болж хоёр жил суусан нь, нөхөр нь бие нөгчсөн хойно, энэ Ян Сюн лугаа эр эм болж нэгэн жил шахам суув.

Тэндээс Ши Сю энэ эхнэрийн ааш авир, царай байдлыг үзвээс үнэн шударга эм бус байна хэмээн сэжиглэж. Дотоод гэрт орсны хойно Ян Сюн өгүүлрүүн: - Мэргэн гэргий чи түргэн цай авчирч дүүд өгөгтүн хэмээсэнд тэр эхнэр даруй гарч цай авчирч өгсөнд Ши Сю өгүүлрүүн: - Мэргэн бэргэн авгайг эдүгээ би хүндлэн ёслохыг мартав, бүү ундууцагтун хэмээгээд мөргөсөнд тэр эхнэр хариу ёслон өгүүлрүүн: - Би нь нэгэд,эм хүн, хоёрт, танаас бага тул яахин надад ёслон мөргөж болмуй хэмээсэнд Ян сюнь өгүүлрүүн: - Журам дагаж бэргэндээ ёслох нь зүй. Юунд нас бага хэмээн өгүүлмүй хэмээгээд, түргэн ширээ засаж архи бэлтгэгэтүн хэмээсэнд эхнэр даруй ширээ засаж ногоо бэлдэн тавьж, архи бэлтгээд, тэр хоёр бага архи ууж Ши Сюг нэгэн цэвэрхэн байшин засаж тэнд суулгав. Маргааш нь ах Ян Сюн яамны зүг ирж албан хэргээ захирав.Үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь: Дай Зүн, Ян Линь хоёр тэр өдөр архины пүүсэд Ши Сю лугаа архидан байсанд, албаны цэрэг нэгэн даргатай ирсэнд айж зугтан гараад, өөрийн суух дяньд ирж, маргааш нь Гун Сүнвшэнг сураглаж хэрмийн дотор орж ирэв. Үүнд Гун Сүнвшэнг яахин эрэвч ер олдохгүй тул Дай Зүн, Ян Линь хоёр арга үгүй.Эдүгээ Лян Шаньдаа буцъя хэмээн зөвлөөд, даруй өөрийн суух дяниас юмаан авч гараад Инь Мачуань хэмээх ууланд ирж, Пэй Сюань, Дэн Фэй, Мэн Кан гурван сайн эр лугаа учирч, хэдэн хоног Гүн Сүньшэнг эрж олсон үгүй учраа хэлээд, “Эдүгээ бил Лян Шаньдаа буцъя хэмээн,гурван жанжин олж авсан ба бас олон цэрэг нарыг авч тэр Инь Мачуань хэмээх уулнаас бууж Лян Шань уулын зүг явж, удалгүй ууландаа ирэв. Үүнд Чаогай, Сүн Жян нар маш их баярлан, “Гагцхүү Гүн Сүньшэнг үл олсон нь муу, бусад нь их гавъяа бүтээв хэмээн, тэр Пэй Сюань, Дэн Фэй, Мэн Кан нарыг олон цэрэг лугаа жагсаал дээр суулгаж, хурим бэлтгэж найрласныг үл өгүүлэн өгүүлэх нь: Ян Сюнгийн хадам эцэг Паньгүн Ши Сю лугаа ийн зөвлөрүүн: - Мэргэн дүү эдүгээ зүгээр сууж яахим. Одоо махны пүүс нээж, худалдаа хийвээс зохимуй хэмээсэнд Ши Сю “мөн хэмээн зөвлөөд, хойд хүрээлэнд нэгэн хонь гахай хорих байшин барив. Бас Паньгүн урьд өөрөө яргачин явах цагт мах худалдан байсан нэгэн цэвэрхэн байшин дэлгүүр буй. Тэр дэлгүүрийг нээж хэдэн хонины мах гаргаж, үүдэн дээрээ хэдэн үсэг бичсэн улаан пайз даавуу зэрэг өлгөж, олонд үзүүлэв. Үүнд пүүс нээхдээ хотын бага олон танилаа дуудаж баяр хийгээд цөм тархав.

Тэндээс тэдний пүүсний махыг хүн бүр аваачих нь үлэмж болов. Тэр пүүсэд Ши Сю тэргүүлэгч, данс бичих болоод хоёр зарц мал алах зэрэгт сууж, хоёр сар болтол худалдаалан сууж байв. Тэр цаг нь намрын сүүл сар бөлгөө. Үүнд нэгэн өдөр Ши Сю гадна хотод явж, гахай хонь авах хэмээн яваад гурван хоног гэртээ ирсэнгүй. Дөрвөн хоногийн эцэс гэртээн харьж ирвээс дэлгүүрээ хааж, худалдаа хийсэнгүй. Үүнд Ши Сю байшин дотроо ороод үзвээс хоёр зарц бас үгүй. Түүний гадна багаж хэрэгслийг цөм хураажухуй. Үүнд Ши Сю дотроон сэтгэрүүн: - Энэ нь гагцхүү манай бэргэн хийсэн хэрэг болов.Эртний өгүүлсэн нь: - Хүмүүнд мянган өдрийн янаг сэтгэл үгүй, цэцэгт зуун өдрийн өнгө үгүй.” хэмээх лугаа адил болов.Эдүгээ би энд ирснээс хойш дээл хувцсаа сольж, басхүү данс харааг тэмдэглэж байсны дээр бас гурван өдөр эргэж ирсэнгүйд бэргэний уур хүрч, ийм хэрэг болсон буй за хэмээн сэтгээд, өөрийн суух байшиндаан орж дээл хувцсаа тайлж сольж дансаа засан бичиж, авчирсан хонь гахайгаа хашиж, хойд хаалгаар гарч Паньгүн лугаа учрах хэмээн ирэв.

Үүнд Паньгүн өөрөө, Ши Сю дүүтэй учирч архи уух хэмээн санаж байтал, харин өөрөө ирэв за хэмээн маш баярлан, архи халуулж хоёул энгийн үг хэлэлцэн байтал, Ши Сю өврөөс нэгэн данс гаргаж Паньгүнд өгч, ийн өгүүлрүүн: - Пань ах эдүгээ данс хараагаа авагтун. Энэ данс дээрээс илүү дутуу өчүүхэн ч явдал үгүй. Хэрвээ нэгэн зоос ташаарваас тэнгэр намайг алж газар намайг арилгах хэрэгтэй хэмээсэнд Паньгүн хүйтнээр инээн өгүүлрүүн: - Мэргэн дүү гэнэт яахин ийм болов? Ямар учирт энэ мэт хүнд үг өгүүлэв? хэмээсэнд Ши Сю өгүүлрүүн: - Өчүүхэн хүмүүн уг нутгаас гараад арван хэдэн жил болов. Үүнд эдүгээ би гэртээ харьж эцэг лугаа учраад, эргэн буцаж ирээд дахин худалдаа нээе хэмээсэнд Паньгүн өгүүлрүүн: - Энэ нь эрхбиш нэгэн учир бий. Чи ахаа баахан хүлээж, энэ шөнө учраад, маргааш явж буцваас болох буюу хэмээсэнд Ши Сю: - Үнэхээр зөв. Би ах лугаа үл учрах болуул журам алдах болно хэмээгээд ахаа хүлээв.

Энэ нь үлгэрлэвээс, сайн эр өсөө хариулан авах нь, нэгэн цагт шажин эвдэхүй дор хуушан үхэх лугаа адил хэмээжихүй. Тэндээс ах Ян Сюнээ хүлээж байтал, нар орой болоход ирсэнгүй. Үүнд Паньгүн бас хэдэн үг өгүүлье гэтэл ах нь хүрч ирэв. Эдгээр Паньгүн, Ян Сюн хоёр Ши Сюд ямар үг хариу өгүүлэхийг хойд бүлэгт үзэгтүн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top