Хүний эрхийн төлөө тууштай тэмцэхийг хүсэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 02 сарын 02

Монгол Улсад хүний эрхийн үндэсний байгууллага байгуулагдсаны 20-н жилийн ойн өдрийг тохиолдуулан Улсын Их хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын хамт олонд мэндчилгээ илгээлээ.

Мэндчилгээг 2021 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр УИХ-ын даргын нийгмийн бодлогын зөвлөх Ц.Цогзолмаа Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунанд гардуулан өглөө.

 

ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ХАМТ ОЛОНД

МЭНДЧИЛГЭЭ

 

Хүний эрх бол ардчиллын үнэт зүйл юм. Монголчууд бид 1992 онд Үндсэн хуульдаа хүний эрх, эрх чөлөөг анх удаа хүний эрхийн олон улсын зарчим, хэм хэмжээтэй уялдуулан томьёолж, бодитоор баталгаажуулсан билээ. Шинэ Үндсэн хуулийн хүрээнд Монгол Улс эрх зүйн шинэтгэлийг шат дараатай хэрэгжүүлсээр байна. Үүний нэг жишээ нь тусгайлан хууль баталж, Хүний эрхийн Үндэсний Комиссыг байгуулсан явдал юм.

Нэгдсэн Үндэстний Байгууллага болон бусад олон талт дэмжлэгийн үр дүнд Улсын Их Хурал 2000 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг баталсан билээ. Ийнхүү Улсын Их Хурал олон улсын жишигт нийцүүлэн хүний эрхийн үндэсний байгууллагын эрх зүйн байдлыг тодорхойлж, Хүний эрхийн Үндэсний Комиссын анхны гурван гишүүнийг томилж, Комиссын анхны гишүүд 2001 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр тангараг өргөснөөр Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулагдсан түүхтэй.

Монгол Улсад хүний эрхийн үндэсний байгууллага үүсэж байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд, хамт олон, хүний эрхийг хамгаалахын төлөө тэмцэгчдэд баярын мэндчилгээ дэвшүүлж, ажлын амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе.

Өнгөрсөн хугацаанд Хүний эрхийн Үндэсний Комисс нь хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж, Парисын зарчимд бүрэн нийцсэн бие даасан, хараат бусаар чиг үүргээ хэрэгжүүлэгч, үндэсний байгууллага болохоо гурвантаа магадлан итгэмжлүүлж, бүс нутгийн, олон улсын хэмжээнд хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хүний эрхийн хөгжилд хувь нэмрээ оруулж чадахуйц үндэсний байгууллага болж төлөвшин хөгжиж байна.

Монгол Улсын Их Хурал тус Комиссын бие даасан, хараат бус байдлыг хангах, чадавхыг бэхжүүлэх, эрх зүйн үндсийг улам боловсронгуй болгоход чиглэсэн шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлж буйг энэ дашрамд цохон тэмдэглэж байна.

Комиссыг улс орон даяар чиг үүргээ хэрэгжүүлэх хүний нөөцийн болон санхүүгийн боломжоор хангах үүднээс Улсын Их Хурлын 2013 оны долоодугаар сарын 3-ны өдрийн 13 дугаар тогтоолоор орон нутагт ажиллах Хүний эрхийн Үндэсний Комиссын 21 ажилтны орон тоо, төсвийг улсын төсөвт тусгах үүргийг Монгол Улсын Засгийн газарт өгснөөр 2014 оноос аймаг бүрд тогтмол хүрч ажиллах боломжийг бүрдүүлсэн юм.

Эрх тэгш байдлыг шаардах, хүний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй аливаа нөхцөлийг арилгах, хүний эрхийг дээдлэх нь монгол төрийн эрхэм зорилт юм. Тиймээс Улсын Их Хурал Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2020 оны нэгдүгээр сард баталсан. Ингэхдээ өмнө нь тус Комиссоос жил бүр Улсын Их Хуралд өргөн мэдүүлдэг байсан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг Байнгын, Дэд хороогоор оруулж чиглэл өгсөн тогтоол гаргасан төдийгөөр хэлэлцсэн нэр зүүдэг практикийг өөрчилж, уг тайланг Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар заавал хэлэлцүүлдэг болсон. Мөн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийг анх удаа нээлттэй сонгон шалгаруулалтаар томилсон нь жишиг болохуйц алхам болсон билээ.

Улмаар Улсын Их Хурал Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль гаргахаар ажиллаж байгааг олон улсын байгууллагууд сайшааж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж байна. Энэ хууль батлагдвал Монгол Улс бүс нутагтаа ийм төрлийн хуулийг баталж хэрэгжүүлсэн анхны улс болох юм.

Монгол хүний эрх бол Монголын ард түмэн хүний дайтай амьдрах, Монгол орон улсын дайтай хөгжин дэвжих нэгэн баталгаа юм. Ардчилал, хүний эрх хоёрыг ялгаж салгах аргагүй. Хэрвээ бид ардчиллыг эрхэмлэдэг бол хүний эрхийг яг түүнтэй адил дээдлэх ёстой.

Тиймээс баталсан хуулийг хэрэгжүүлэх, хүний эрхийг хамгаалагчдын хүчийг нэгтгэж, хамтран ажиллахад Хүний эрхийн Үндэсний Комисс манлайлал үзүүлэх учиртай.

Хүний эрхийн төлөө тууштай тэмцэж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан монгол хүний эрх, эрх чөлөөг бүрэн дүүрэн хангахын төлөө цуцашгүй, чин шударгаар ажиллахыг Та бүхнээс хүсье.

Ингэж чадвал монгол хүний амьдрал тэгш дүүрэн болно. Монгол Улс хөгжин цэцэглэж, сэргэн мандана.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР

2021 оны хоёрдугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хот

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top