Цар тахалтай тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад анхаарч ажиллажээ

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 05

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад блдлогын байнгын хорооноос өнөөдөр (2021.02.05) хэвлэлийн хурал хийлгэж, Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Хэвлэлийн хуралд Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Улсын Их Хурлын гишүүн  Д.Цогтбаатар нар оролцов.

 

Намрын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлалын хүрээнд үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа, гадаад бодлогын хэрэгжилтийг хангах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслийн талаар болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тодорхой асуудлаар санал, дүгнэлт гаргах, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүрэг болон эрхлэх асуудлын хүрээний байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлэх, үүрэг чиглэл өгөх, Улсын Их Хурлын гишүүд болон Байнгын хорооны гишүүдэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэхэд  үйл ажиллагаагаа чиглүүлж ажилласныг Байнгын хорооны дарга Б.Баттөмөр мэдээллийнхээ эхэнд онцлов.


Байнгын хорооноос намрын чуулган хугацаанд хийсэн ажлын тоон үзүүлэлт

Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар:

Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулсан зарим онцлог хууль тогтоомж, олон улсын хэлэлцээрийн талаар хэвлэлийн хуралд оролцсон гишүүд танилцуулга хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Тухайлбал, тус Байнгын хороо коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулах чиглэлээр Засгийн газраас болон Улсын Их Хурлын гишүүдээс өргөн мэдүүлсэн хэ хэдэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж эцэслэн батлуулсан талаар Байнгын хорооны дарга сэтгүүлчдэд мэдээллээ.

Намрын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо Засгийн газраас өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нарын, Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан нарын 11 гишүүний, мөн Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүний өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай  хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулжээ.

Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар цар тахлын улмаас Монгол Улсад үүссэн эдийн засаг, санхүүгийн эрсдэлийг бууруулж, үйл ажиллагаа нь хязгаарлалтад орсон, зогссон, цалин орлого нь тасалдсан иргэн хуулийн этгээдэд учирч буй эдийн засгийн хүндрэл, зээлээс үүсэх өрийн дарамт, барьцаа хөрөнгө үнэгүйдэхээс сэргийлэх, цар тахлын үед халдварт өвчнөөр өвчилсөн буюу, өвчилсөн байж болзошгүй хүнийг ялгаварлан гадуурхахгүй, гутаан доромжлохгүй байх, амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал нь баталгаа бүрдэх, хамгаалагдах, барьцаалан зээлдүүлэх газрын зээлийн хүүг тогтворжуулах, халдварын голомтод үүрэг гүйцэтгэж буй төрийн алба хаагчдад тэтгэмж олгох, гадаадад буй иргэдийнхээ эх орондоо ирэх эрхийг хангах, дэмжлэг үзүүлэх, оюутан сурагчдын төлбөрийг хөнгөлөх зэрэг ач холбогдол бүхий цогц арга хэмжээг багтаасан эрх зүйн чухал шийдвэр болсныг Байнгын хорооны дарга дурдав.

Уг хуулиар короновируст халдварын цар тахлын нөлөөлөөс эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн цаг үед барьцаалан зээлдүүлэх газраас зээл авсан иргэн хуулийн этгээдийн үйл ажиллагаа нь гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд зогсож, цалин орлого нь тасалдан зээлээ эргэн төлөх чадваргүй болж, тэдгээрт өрийн дарамт бий болох, зээлдэгчийн барьцааны зүйл, өмч хөрөнгийн үнэ цэнэ буурах, үнэгүйдэх эрсдэлээс сэргийлэх үүднээс барьцаалан зээлдүүлэх газар нь 2020 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцох, үүнээс бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж тооцох болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангах арга хэрэглэхийг хориглох, гэрээнд өөрчлөлт оруулах, зээлийн төлбөр, хүү төлөх хуваарийг шинэчлэн зээлдэгчид мэдэгдэх, хэрэв зээлдэгч нь барьцаалан зээлдүүлэх газрыг энэ хуульд заасныг зөрчсөн гэж үзвэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргахаар зохицуулжээ.

Мөн короновирусийн халдвар авсан болон халдвар авсан байж болзошгүй хүний хувийн мэдээллийн нууцлалыг хамгаалах, хүний хувийн болон гэр бүлийн нууцыг задруулахаас сэргийлэх, аливаа байдлаар ялгаварлан гадуурхагдах, нэр төрийг нь гутаан доромжлох нөхцөлд хүргэхгүй байх; цар тахлын үед эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байхдаа коронавирусын халдвар авсан төрийн албан хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлэх; хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүн, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг улсын хилээр хойшлуулшгүйгээр нэвтрүүлэх арга хэмжээ авах; цар тахлын үед амь нас, эрүүл мэнд нь хохирох эрсдэлтэй, халдварын голомтод ажил, үүргээ гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчийг эрүүл мэндийн даатгалд тэргүүн ээлжид хамруулахаар болсон байна.

Түүнчлэн эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчид зориулсан түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцны өмчлөх болон түрээсийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр түрээслэгчийн хүсэлтээр төлбөрийн хугацааг хойшлуулах, төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хугацааг 2021 оны зургаадугаар сарын 30 хүртэл хойшлуулах, мөн хугацаагаар зээлийн гэрээний хугацааг сунгах асуудлыг Монголбанк Засгийн газартай хамтарч хэрэгжүүлэх юм.

Мөн энэ хүрээнд Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр /КОВИД-19 цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр/-ийг соёрхон батлах тухай, Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулсан байна.

Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлж батлуулжээ. Мөн Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо хоорондын “Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай, Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай, Далайчныг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны тухай олон улсын конвенцын нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай, Олон Улсын Эрүүгийн шүүхийн дархан эрх болон эрх ямбын тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж соёрхон батлуулсан байна.

Харьяа дэд, түр хорооны хуралдааны талаар:

Намрын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороонд харьяалагддаг Тусгай хяналтын дэд хороо 1 удаа,  Улсын Их Хурлын 2020 оны аравдугаар сарын 29-ний өдрийн 31 дугаар тогтоолоор шинэчлэн байгуулсан Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо гурван удаа хуралджээ. Түр хороог тус Байнгын хорооны дарга Б.Баттөмөр ахалдаг бөгөөд бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын бүх Байнгын хорооны дарга, парламент дахь цөөнхийн төлөөлөл багтдаг юм.

Түр хорооны хуралдаанаар Монгол Улсад коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын тохиолдол бүртгэгдэж, Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Засгийн газар, Улсын онцгой комиссоос Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилт болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, банк, банк бус санхүүгийн байгууллагуудын зээл, зээлийн хүү, зээлийн эргэн төлөлтийн талаарх холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, тодорхой үүрэг чиглэл өгч ажиллалаа.

Түүнчлэн “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, нэгдсэн чуулганаар батлуулсан. Дээрх тогтоол нь Коронавируст халдвар /КОВИД-19/ цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, өвчлөлийн цар хүрээ нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад тулгарах хүндрэлийг хохирол багатай даван туулахад  чиглэгдсэн талаар Байнгын хорооны дарга танилцуулсан юм.

Хэвлэлийн хурлын төгсгөлд Байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулж, хэвлэл мэдээллийн байгууллагад ярилцлага, тодруулга өглөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top