УИХ-ын дарга Г.Занданшатар МЭНДЧИЛГЭЭ дэвшүүлэв

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 02 сарын 12

УИХ-ын дарга Г.Занданшатар XVII жарны Цөөвөр хэмээх төмөр үхэр жилийн хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн нэгний мэндчилгээ дэвшүүлэв.



 

 Монгол Улсын эрхэм хүндэт иргэд ээ,

Элэг нэгт ахан дүүс ээ,

Та бүхэндээ Билгийн улирлын Хаврын тэргүүн сарын Шинийн 1, Цагаан сарын мэндчилгээ өргөн дэвшүүлье.

XVII жарны цагаан хулгана жил улиран одож, элбэг дэлбэг байхын бэлгэдэл цагаагчин үхэр жил морилон ирж байна.

Та бүхэн уламжлалт ёс заншлаа дээдэлж, цар тахлаас сэргийлэх шийдвэр, дүрэм журмыг сайтар баримтлан, гэр орондоо, халуун ам бүлээрээ Шинэ сараа угтан тэмдэглээрэй.

Улиран одож буй хулгана жил цар тахал дэлгэрсэн, цас зудын бэрхшээл тохиосон амаргүй жил болж өнгөрч байна. Бэрхшээлийг гарз хохирол багатай гэтлэн давахын төлөө Монгол хүн бүхэн чармайн зүтгэж байна.

Хэдийгээр хүндрэл бэрхшээлтэй байсан ч манай ард түмэн Үндсэн хуулиар олгосон эрхийнхээ дагуу, төрийн эрх барих дээд байгууллага, Улсын Их Хурлаа сонгож байгууллаа.

Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулан хэрэгжүүлэх “Гурван хувьсгал”-ын зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Хууль ёс, Эдийн засаг, Нийгмийн бодлого гэсэн Гурван хүрээг хамрах хувьсгалт шинэчлэл амжилттай өрнөж байна.

Шинэ парламент иргэндээ үйлчилдэг, хөгжлийн бодлогоо бие даан тодорхойлдог, нутгийн удирдлагын шинэ тогтолцоо бүрдүүлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийг шинэчлэн баталлаа.

Мөн хэнээс ч хараат бус, зөвхөн хууль, шударга ёс засагладаг Шүүхтэй болох эрх зүйн шинэ орчныг бүрдүүллээ.

КОВИД-19 цар тахлын эрсдэлээс эдийн засгаа, иргэдээ хамгаалах олон чухал хууль, шийдвэр гарган хэрэгжүүллээ.

Цар тахлын хөл хорио, хязгаарлалтын дэглэм тогтоосон онцгой нөхцөлд Улсын Их Хурал үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлж, дэлхий дахинд цахим парламентын шинэ жишиг тогтоосон анхдагч парламентын нэг боллоо.

Зөвлөлдөх ардчиллын зарчмын дагуу ард түмэнтэйгээ хамтран хууль боловсруулж, хэлэлцэж, батлах Цахим парламентын шинэ системийг нэвтрүүллээ.

Шинэ Улсын Их Хурал сахилга хариуцлага, ёс зүйг эрхэмлэхийн үлгэр дуурайл болохын төлөө ажиллаж байна. Хуралдааны ирц, оролцоо, дэг ёсыг баримтлах талаараа энэ парламент хамгийн сайн жишиг тогтоож байгааг иргэддээ илэрхийлэн хэлэхэд таатай байна.

Байгалийн баялгийн үр өгөөжийг тэгш, шударга хуваарилах Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зарчмыг Улсын Их Хурал тууштай баримталж байна. Энэ зорилгоор Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг энэ хаврын чуулганаар хэлэлцэн батална.

Өнгөрч буй хулгана жилийн босгон дээр ахмад настнуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэх хуулийг Улсын Их Хурал баталсан. Төр, түмнийхээ мэдэлд буцаан авсан Салхитын ордын баялгаар 763 тэрбум төгрөг босгож, ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэсэн бол, энэ 7 хоногт 105.0 тэрбум төгрөг Монголбанкинд тушаагдлаа. Ирэх тавдугаар сард тэтгэврийн зээлгүй байсан иргэддээ 1.0 сая төгрөг хүртээхэд энэ мөнгө зарцуулагдах болно.

Монгол хүн монгол газартаа, Монголын баялагтаа эзэн нь байх учиртай. Тухайлбал, Оюутолгойн ордын ашгийг монголчууд хүртэх эрхтэй.  Энэ зорилгоор Оюутолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулж, Дубайн гэрээг цуцлах ёстой гэж Улсын Их Хурал үзэж байна.

Коронавирусийн цар тахлаас эдийн засаг, иргэдээ хамгаалах төрийн бодлого, шийдвэр тууштай үргэлжлэх болно. Улсын Их Хурал, Засгийн газар хамтран иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа дэмжих 10.0 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлэх болсныг энэ билигт сайн өдөр Та бүхэндээ дахин дуулгаж байгаадаа таатай байна.

    Монгол тулгатан, Эрхэм хүндэт иргэд ээ,

Ирж буй цагаагчин үхэр жил монгол хүн бүхэнд ивээлээ хайрласан, амар тайван, аз жаргал дүүрэн, сайхан жил болно гэдэгт эргэлзэхгүй байна.

Цар тахлын аюул холдоно. Цас зудын бэрхшээл ч арилна аа. Дэлгэр сайхан цаг удахгүй ирнэ. 

Ёс заншлаа дээдэлж, ахас ихсээ хүндэтгэн, даага далантай, бяруу булчинтай Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Мөнх хөх тэнгэр биднийг ивээж, Монгол эх орон, монгол түмний минь заяа буян тэгш дүүрэн орших болтугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top