ТОЙМ: Нийслэл даяар хөл хорьж, 410 мянган өрхөөс шинжилгээ авч эхэллээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 02 сарын 13

Улс төрийн үйл явдал өрнөсөн гэхээсээ илүүтэй цагаан сарын баяр, хөл хориог тойрсон нэгэн долоо хоног шувтарлаа. Монгол Улсын Засгийн газраас цагаан сарын баярыг тохиолдуулан Улаанбаатар хотод 12 хоногийн хөл хорио тогтоох шийдвэрийг гаргаж, цар тахлын голомтыг хумих ажлыг эхлүүллээ. Хөл хорионы 12 хоногийн хугацаанд өрх бүрээс буюу 410 мянга гаруй өрхөөс шинжилгээ авах ажлыг эхлүүлж, "Нэг өрх-Нэг шинжилгээ" арга хэмжээг хэрэгжүүлж байна. 

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын дээрх шийдвэр хөрсөнд хэрхэн бууж байгаа талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нар газар дээр нь очиж танилцаж, үүрэг чиглэл өглөө. Харин "Нэг өрх-Нэг шинжилгээ" арга хэмжээний үеэр шинжилгээнд хамрагдсан иргэдээс ДӨРВӨН хүнээс халдвар илэрч, гурван шинэ голомт бүртгэдлээ. Хотын дарга Д.Сумъяабазарын хэлснээр эхний ээлжид буюу энэ сарын 11-13-ны өдрийн хооронд халдварын эрсдэлтэй бүс гэж тооцоолж байгаа дүүрэг, хороодын өрхөөс шинжилгээ авч байгаа гэдгээ мэдэгдсэн билээ.

Ингээд өнгөрч байгаа долоо хоногт болж өнгөрсөн зарим үйл явдлыг тоймлон хүргэж байна. 


-ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ЦОГЦ ТӨВӨВЛӨГӨӨГ ТАНИЛЦУУЛАВ-

Шинэ Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн лхагва /2021.02.10/ гарагт "Эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгаа хамгаалах 10 их наяд төгрөгийн хөтөлбөр"-ийг боловсруулснаа танилцуулсан билээ. Тэрбээр урьдын адил халамжийн бодлого аваад явах боломжгүй нөхцөлд шилжсэн тул шинэ эрүүл амьдралын хэв маяг буюу маскаа зүүгээд халдвар хамгааллын дэглэмээ бариад эдийн засгаа нээх хэв маягт шилжинэ гэдгийг тодотгосон байдаг. 

Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Өнгөрсөн хугацаанд бид 4.1 их наяд төгрөгийг төсөвтөө ачаалал авсан нь үр дүнтэй байсан. Энэ бодлогыг 1.7 их наяд төгрөгөөр 2021 онд хэрэгжүүлнэ. Өнөөдөр эдийн засаг 6 орчим хувийн агшилттай байна гэсэн тооцоо гарсан. Цаашилбал амаргүй нөхцөлд монголчууд бид орно. Төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүн 10 хувьд хүрсэн. Арилжааны банкууд зээл гаргахаа болиод бүх мөнгөө төв банкин дээр хадгалуулсан. Өнөөдрийн байдлаар төв банканд 7.9 их наяд төгрөг байна. Үүнээс болоод мөнгөн урсгал зогсож, эдийн засаг эргэлтгүй болсон 10 их наяд төгрөгийн төлөвлөгөө бол эрүүл мэнд эдийн засгийн хамтарсан төлөвлөгөө юм. Асуудал нь өөрөө цогц учраас шийдэл цогц байх учиртай. Цар тахлаас үүдэлтэйгээр 68.9 мянган ажлын байр үгүй болсон. Хэрэв өнөөдрийн арга хэмжээг хийхгүй бол жилийн дараа гэхэд 130 мянган ажлын байр үгүй болж, цаад утгаараа маш олон хүнд нөлөө үзүүлэх нөхцөлд орно. Тиймээс шинэ хэв магт шилжих ёстой" хэмээн тодотгосон байдаг. 

-ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРЭЭР 12 ХОНОГ ХӨЛ ХОРИО ТОГТООЛОО-

Засгийн газрын өнгөрсөн лхагва /2021.02.10/ гарагийн ээлжит хуралдаанаар 2021 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас хоёрдугаар сарын 23-ны өдрийн 06.00 цаг хүртэл нийслэлд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлэх Улсын онцгой комиссын шийдвэрийг хэлэлцэн дэмжсэн юм. Энэ хугацаанд буюу Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед иргэд зорчигчдын хөдөлгөөнийг 90 хүртэл хувь хязгаарлана. Цар тахлын тархалтыг зогсоож голомтыг хумих, ойрын болон дам хавьтлыг тусгаарлан эмчлэх зорилгоор “Нэг хаалга-Нэг шинжилгээ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, өрх бүрээс нэг хүнийг шинжилгээнд хамруулахаар тооцоолов. 

Дөрөвдүгээр түвшинд шилжсэн буюу Бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд 14 салбарын үйл ажиллагааг хязгаарлахгүй. Төрийн байгууллагын ажилтнууд нийтийн тээврээр үйлчлүүлэн ажилдаа ирж, очих бол мэдээлэл харилцаа холбоо, эмнэлэг, эмийн сан, хүнсний худалдаа, түгээлт болон оршуулгын зан үйл зэрэг хувийн хэвшлийн дөрвөн салбарын байгууллагын ажилтнуудын 10-15 хувь нь хувийн авто машинтайгаа хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрлөө. Тухайн ажилтан албан байгууллагын ажлын газрын тодорхойлолт, ажлын үнэмлэх болон иргэний үнэмлэхтэйгээ зорчих юм.

Харин хүндэтгэн үзэх шалтгаантай, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай иргэд хамгаалалтад гарч байгаа цагдаа, онцгой байдлын албан хаагчдад хандаж тусламж үйлчилгээг авах зохион байгуулалтыг хийлээ. Томоохон хүнс худалдааны 41 зах хоёрдугаар сарын 16 хүртэл амарна. Мөн эрүүл мэнд, онцгой, мэргэжлийн хяналт, тагнуул, цагдаа, дотоодын цэрэг, сонсогчид, нийслэлийн харьяа зэрэг байгууллагын ажилтан, албан хаагчдыг дайчлан ажиллуулна. Хамгаалалтад ажиллаж буй төрийн албан хаагчид 24 цагаар ажиллана. Ингэхдээ найман цагийн хугацаатайгаар ээлж солигдоно. 

-"НЭГ ӨРХ, НЭГ ШИНЖИЛГЭЭ"-ЭЭР ГУРВАН ГОЛОМТ БҮРТГЭГДЭЖ, ДӨРВӨН ТОХИОЛДОЛ ИЛЭРЛЭЭ-

Монгол Улсын Засгийн газар болон Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.02.13/  "Нэг өрх, нэг шинжилгээ" арга хэмжээний явцын талаарх мэдээллийг өглөө. Энэ үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "Хөл хорио тогтоосон хоёр хоногийн хугацаанд "Нэг өрх, нэг шинжилгээ" арга хэмжээний үеэр дөрвөн хүнээс халдвар илэрлээ. Өчигдөр халдварын 40 тохиолдол илэрсэн. Тэдний 38 нь тусгаарлагдсан иргэдээс илэрсэн бол хоёр нь иргэдийн дундаас илэрсэн юм. Харин өнөөдөр халдварын 46 тохиолдол бүртгэгдлээ. Мөн халдварын хоёр тохиолдол массын дундаас илэрлээ. Өөрөөр хэлбэл, "Нэг хаалга, нэг шинжилгээ"-ний үеэр дөрвөн хүнээс халдвар илрээд байна. Хоёр өдрийн хугацаанд гурван голомтыг илрүүллээ. Хавьтал болсон иргэдийг гэрт нь тусгаарлаж байна. Өнөөдөр 20 мянга гаруй өрхөөс шинжилгээ авна" гэж ярилаа.  Дээрх дөрвөн тохиолдол нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Сонгинохайрхан болон Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороонд оршин суудаг иргэдээс илэрчээ. Одоогоор тандалт, судалгааны ажил үргэлжилж байгаа бөгөөд халдварын шинэ голомт гэж үзэж байгаа аж. 

-БИЗНЕСИЙН САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЭЭЖ, ВАКЦИНЖУУЛАЛТЫГ ЭХЛҮҮЛНЭ- 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр /2021.02.12/ Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Цагдаагийн ерөнхий газар, Улсын онцгой комиссын Шуурхай штабт ажилласан юм. Эмнэлэг дэх PCR шинжилгээний лаборатори хоногт 6000 сорьцод шинжилгээ хийх хүчин чадалтай. Нэг хүний шинжилгээний хариуг 24 цагийн дотор гаргаж хариу мэдэгддэг байна. Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудын танилцуулснаар нийслэл хотод зорчих хөдөлгөөнийг 98 хувь хязгаарласан. Ажлаа хэвийн явуулахыг зөвшөөрсөн нэр бүхий 14 байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчдын 9000 орчим авто машин л хөдөлгөөнд оролцож байна. Иргэдтэй харьцах харилцаандаа анхаарахыг алба хаагч нартаа сануулахыг Ерөнхий сайд удирдлагуудад нь үүрэг болголоо. Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаярын мэдээллээс үзвэл улсын хэмжээнд 1780 хүн тусгаарлах байранд байна. 11 зочид буудалд 826 орны бэлэн нөөцтэй. Ирэх сард гурван удаагийн тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг тусгаарлахаар 498 ор бэлджээ. Цаашид тусгаарлах байрны зориулалтаар ашиглах боломжтой зочид буудлуудыг судалж байна. Шинжилгээнд идэвхтэй хамрагдаж байгаа иргэдэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ талархал илэрхийллээ. Тэрбээр энэ сарын 23 буюу хатуу хөл хориог цуцалсны дараа бизнесийн салбаруудаа нээж, вакцинжуулалт хийж эхлэхээр төлөвлөснийг хэлэв. "Энэ удаагийн хөл хорио өмнөхөөс ялгаатай. 410 мянган өрх бүрээс тус бүр нэг хүнийг шинжилгээнд хамруулах, голомтыг хумих, тархалтыг зогсоох, вакцинжуулах сууриа тавих зорилготой" гэв. Үүнтэй зэрэгцэн "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-г хэрэгжүүлж эхлэхээ тодотгов.Ерөнхий сайд мөн өдөр Улс, нийслэл, дүүргүүдийн онцгой комиссын өргөтгөсөн хуралд оролцлоо. Цаашид хурдтай ажиллах, нэгдмэл ойлголттой байх, хандлагаа өөрчлөх, өдөр бүр хамтарсан хэлбэрээр, аль болох богино хугацаанд ажлаа ярилцан, тулгарч байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх зэргээ тодотгож байхыг үүрэг, чиглэл болголоо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(202.9.46.227) 2021 оны 02 сарын 14

Шинжилгээгээ өгөөд заавар зөвлөгөө сайн дагаад энэ өвчинд нэг цэг тавихсан

0  |  0
Top