Сэтгүүлч хүн л сэтгүүлчээ ойлгоно

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 23


"Глоб Интернэшнл" төрийн бус байгууллагын тэргүүн, нэрт сэтгүүлч Х.Наранжаргал, Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид акцийи хүсэлт илгээжээ. Тэрхүү акцийн хүсэлт нь "Улаанбаатар таймс" сонины ерөнхий эрхлэгч, Монгол Улсын Соёлын гавьяат зүггэлтэн, Азийн Сэтгүүлчдийн холбооны дэд ерөнхийлөгч, МСНЭ-ийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, "Глоб Интернэшнл" төрийнбус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн Долгорын Чулуунбаатарын тухай аж.

Энэхүү материалд, ...Уран бүтээлчийн эмзэглэл, шаналлыг өөр бусад нь ойлгохгүй байж мэднэ. Харин Та бол сэтгүүлч учраас сэтгэл зүрхээрээ ойлгож мэдэрнэ гэжээ. Үнэхээр тийм. Тийм ч учраас Монгол Төрийн тэргүүнд найдсандаа ийнхүү хандсан хэрэг. Миний бие Д.Чулуунбаатарыг сурагч байх үеэс нь сайн мэдэх хүний хувьд түүний тухай хэдэн үг хэлье гэж бодлоо.

Монголын сэтгүүлчдийн байгууллагын 60 жилийн ойн баярын арга хэмжээг гуравдугаар сарын эхээр Улаанбаатар хотод тэмдэглэхэд тэнд Д.Чулуунбаатартайгаа тааралдаж багахан хугацаанд ч гэсэн яриа өрнүүлсэн юм. Аядуу, даруу төлөв зантай шавьтайгаа нутаг ус, ажил амьдралын тухай ярилцсан тэр өдрөөс хойш удалгүй түүнийг "2008 онд бусадтай бүлэглэн "Улаанбаатар таймс" сонин НӨҮГ-ыг менежментийн гэрээний үр дүнг харгалзан хувьчилж авахдаа төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчиж, НӨҮГ-ыг үрэгдүүлж, онц их хэмжээний хохирол учруулсан" хэмээн гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсанаас хойш өнөөдрийг хүрчээ.

Миний бие түүнийг хууль бус, ялангуяа "идэж ашиглах" зүйл хийгээгүй гэдэгт бүрэн итгэж байна. Өөрөө ч энэ хэрэгт буруугүй гэдгээ удаа дараа хэлсэн байдаг. Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгслэлээс харахад түүнийг байнга дарамталж “Таны ард хэн байна вэ, түүнийгээ хэл. Та нас ахиж байгаа хүн шүү, эрүүл мэндээрээ

хохиров" гэх мэтээр заналхийлэн байцаадаг юм байна. Үүнийг сонсоход 1937 оны хэлмэгдүүлэлт яг л ийм байсан байх гэсэн бодол төрж байгаа юм. Тэр хэлмэгдүүлэлтээс хойш даруй 70 гаруй жил болоход эрүүдэн шүүхгүй л болохоос биш яг адилхан асуулт тавиад хүнийг зовоож байгаад нь даанч яав даа гэсэн харуусал төрөх юм. Хуулийн шинэчлэл гэж чанга яригчдаас ардчилсан нийгэм гэдэг чинь ийм байдаг хэрэг үү? гэж асуумаар санагдах юм. Тэдний байцаалтын хариуд үнэн зөвийг өчсөнийх нь төлөө эрүүл мэндээр нь хохироочихгүй байгаа гэхээс шавийнхаа төлөө санаа зовж байна. Сургууль, багш, анги хамт олныхоо дунд нэр хүндтэй, олон таван үггүй ч оносон хэдэн үг нь жинтэй тийм л хүүхэд байсан. Ахынх нь хэлснээр Долгор гуайн хэдэн хөвгүүдийг Дундговийнхон үнэхээр андахгүй дээ. Бүгд л сурлага номондоо сайн, хүмүүжлээр үлгэр жишээ хөвгүүд байсан. "Хүн болох багаасаа..." гэдэг дээ. Тэдний хүүхдүүдийн сайныг хүмүүс магтаж "цагаан хэл ам" хүрэх вий гэмээр л байдаг сан. Тэдгээрийн дундаас Д.Чулуунбаатарыг "сор" нь гээд хэлчихэд ах нар нь нэг их гомдохгүй болов уу. Тэгээд ч өнөөдөр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх алдрыг гуйж биш, ёстой л гуядаж авсан юм даг. Түүний Монгол улсад төдийгүй Ази тивийн хэмжээнд хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах, сэтгүүлчдийн эрхийг хамгаалахад оруулсан хувь нэмэр, өндөр соёл, боловсролтойг нь харгалзан Азийн сэтгүүлчдийн холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгосон байж таараа. Англи, Орос, Румын зэрэг гадаад хэлийг эх хэл шигээ мэддэг, дэндүү гэмээр даруу төлөв, Монгол түмнийхээ оюун санааны шавхагдашгүй түүчээ болсон нэрт сэтгүүлч, зохиолч Д.Чулуунбаатарыг минь Ардчилсан Монгол улс битгий л  хэлмэгдүүлчихээсэй дээ.

Монгол улсын Ерөнхийлөгч Танд жирийн сэтгүүлч миний бие сэтгүүлч нөхдийнхөө нэгэн адил найдаж байна. 

Эх сурвалж: МОНЦАМЭ 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top