Төрийн албаны шинэтгэлийн талаар хэлэлцэж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 23


 

“Төрийн албаны шинэтгэл, сорилт, боломж” сэдэвт Үндэсний чуулган 2011 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Төрийн ордонд эхэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд ажлаа хүлээн авсныхаа дараахан УИХ-ын чуулганд үг хэлэхдээ төрийн албыг шинэчлэн, дунд, доод шатанд байгаа хүнд суртлыг халах ёстой. Төрийн жинхэнэ албанд төр, ард түмэндээ чин шударгаар ажилладаг мэргэшсэн тогтолцооны зарчмыг тууштай хэрэгжүүлэх бодит шаардлага байна гэж мэдэгдсэн юм.

Энэ зорилтоо ажил хэрэг болгохын тулд олон улсад хамгийн шилдэг туршлага хэмээн үнэлэгдсэн Канад загвар болох мерит тогтолцоог судлан, эх орондоо нутагшуулах чиглэлээр ажиллаж байна. Улмаар Ерөнхий сайд Канад Улсад айлчлах үеэрээ хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулсан бөгөөд тус улс бүх талаар дэмжихээ ч илэрхийлсэн юм.

Төрийн албаны шинэчлэлийг цаасан дээр лоозон болгон үлдээлгүй, цаг алдалгүй хийх ёстой гэж Засгийн газрын тэргүүн үзэж байна. Тиймээс төрийн  албаны шинэчлэлийг тууштай эхлүүлэхийн тулд үндэсний хэмжээний хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа юм.  

Өнөөдөр эхэлсэн чуулганд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, яам, агентлаг, орон нутгийн бүх шатны төрийн байгууллагын албан хаагчдын төлөөлөл, төрийн бус байгууллага, бизнес, иргэд, манай улсад суугаа гадаад орны Элчин сайдууд, НҮБ, олон улсын байгууллагын төлөөлөл, Канад Улсын Төрийн албаны комиссын ерөнхийлөгч, хатагтай Мария Баррадос гээд 650 гаруй оролцож байна.

Чуулганаар төрийн албаны шинэтгэлийн стратегийг тодорхойлох, төрийн алба, төрийн албан хаагчийн талаар хуульд оруулах өөрчлөлт, төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлага, мэргэжлийн түвшинг улс орны хөгжлийн хурдац, нийгмийн хэрэгцээ, шаардлагад хэрхэн нийцүүлэх талаар хэлэлцэн нэгдсэн ойлголт, шийдэлд хүрэх юм.

Үндэсний чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд, Төрийн албаны шинэтгэлийг удирдах хорооны дарга С.Батболд оролцон төрийн албаны шинэтгэлийн талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрээр төрийн болон төв, орон нутгийн байгууллагад тогтвортой ажилласан хүнийг албан тушаалд дэвшүүлэн томилдог байхыг хуульчлахын зэрэгцээ төрийн албанд аль намын, аль нутгийн, хэний хүн байх нь гол биш гагцхүү стандарт, шаардлагыг хангасан сайн менежер, зохион байгуулагч, төрд сэтгэлтэй хүн ажилладаг байх ёстойг онцлон тэмдэглэлээ. 

Намчирхах, нутгархах, бүлгэрхэх, албан тушаал, эрх мэдлийн нэр сүрээр төрийн байгууллагын дотоод ажил, хүний нөөцийн бодлогод ил далд хэлбэрээр нөлөөлдөг зүй бус, зохисгүй оролцоо, хандлагыг таслан зогсоох улс төр, эрх зүйн баталгааг бүрдүүлэх ёстой. Мэргэшсэн, тогтвортой, мерит зарчимд суурилсан төрийн албаны үр өгөөжтэй, иргэддээ үйлчилдэг, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлэх ёстой гэж Ерөнхий сайд үзэж байна. 

Тэрээр Ерөнхий сайдаар томилогдсоноосоо хойш бүх аймагт ажиллан иргэдтэйгээ уулзаж жаргал, зовлонг нь сонссон. Хэдийгээр асуудал, бэрхшээл байгаа ч хамгийн гол нь төрийн байгууллагын ажил үйлчилгээ, төрийн албан хаагчдын хариуцлага, ёс зүй, хариуцсан ажил болон хүнтэй харьцах харьцаанд сэтгэл дундуур байдгаа иргэд хэлж байсан юм.

Үүнийг Ерөнхий сайд сануулаад яам, агентлаг, төв, орон нутгийн төр захиргааны байгууллагуудад хэдэн мянган албан хаагч ажиллаж байгаа хэрнээ гарт баригдаж, нүдэнд харагдахуйц бодит өөрчлөлт гарсан гэж бардам хэлэх үндэслэл бага байна. Иргэдийн амьдралд шууд мэдэгдэхүйц дорвитой өөрчлөлт гарахгүй байна гэж шүүмжлэлтэй хандав.

            Иймээс засаглалын хэлбэр, маягаа илүү үр өгөөжтэй болгож, төрийн албаны шинэтгэлийг эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай болсон. Засаглалын үр ашигтай механизмыг тогтоох, төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагыг эрс сайжруулах нь эдийн засаг, нийгмийн том зорилтуудыг хэрэгжүүлж,  улс орны болон хүний хөгжлийг хангах гол түлхүүр, үндсэн хөшүүрэг гэж Ерөнхий сайд С.Батболд үзэж байна.

Энэ нь ч хөгжсөн орнуудын туршлага, тэдний амжилтын нэг нууц. Тиймээс төрийн албаны шинэтгэлийг ярих нь нийгмийн хэрэгцээ шаардлага, өнөө цагийн дуудлага гэж тэрээр онцлов.  

Шинэтгэлийн гол зорилго нь одоогийн бүтэц, тогтолцоог боловсронгуй болгон тогтвортой байдлыг хангах, улмаар үйл ажиллагаа, соёл, хандлага, төрийн албан хаагчдын бодол сэтгэлгээ, арга барилын шинэтгэлийг эрчимжүүлэхэд оршино гэж Ерөнхий сайд хэллээ.

             Засаглалын ялгаа байгаа учир улс орнуудын зарим нь хөгжиж, зарим нь хөгжиж чадахгүй байна. Хөгжих үндэс нь сайн засаглалын стандарт. Тиймээс сайн засаглалын стандартыг төв, орон нутаг, нутгийн өөрөө удирдах ёсонд нэн даруй нэвтрүүлэхийг хичээх учиртай. Сайн засаглалын нэг үндсэн шинж бол төрийн алба мэргэшсэн, тогтвортой байж, иргэддээ чанарын үйлчилгээ үзүүлнэ гэсэн үг гэдгийг  тэрээр сануулав.  

Төрийн алба тогтвортой, мэргэшсэн байх нь улс орны тогтвортой хөгжлийн чухал хүчин зүйл. Төрийн албаны тогтвортой байдал гэдэгт бодлогын, хууль тогтоомжийн, байгууллагын бүтэц, тогтолцооны, үйл ажиллагааны чиглэлийн, боловсон хүчний гээд олон зүйл багтана. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд  эдгээрийн алинаар нь ч тогтвортой тууштай байдлыг хадгалж чадаагүйг Ерөнхий сайд С.Батболд хэлэв.   

Төрийн жинхэнэ албаны ажилтнуудын ангилал, зэрэглэлийн стандартыг тодорхой болгох ёстой гэж тэрээр үзэж байна. Энэ нь яам, агентлагийн хэлтэс, газрын дарга болон ерөнхий менежерүүдэд тавигдах шаардлагыг бусад улс орны ижил түвшний менежерүүдэд тавигддаг орчин үеийн шаардлагын түвшинд тодорхой стандартчилж өгнө гэсэн үг юм.

Ажил албандаа илүү хариуцлагатай, шударгаар ажиллахын тулд бид хэнд ч, юунд ч төлөөс төлөхгүй, зарлага гаргахгүй, харин ч итгэл, хүндэтгэлийг олно. Төрөө гэх ард түмний итгэл сэргэж ирнэ. Үүний тулд тухайн хүний хүсэл зориг хэрэгтэй. Ийм хүсэл, зориг, эрмэлзэл өөрт нь байгаагийн адил төрийн албан хаагчдад бий гэдэгт итгэж байгаагаа Ерөнхий сайд хэлээд шударга, хариуцлагатай төрийн албаны төлөө хамтран ажиллахыг уриаллаа.

Манай улсын төрийн байгууллагад 150 гаруй мянган хүн ажиллаж байна.  Тэдний 113 мянга гаруй нь төрийн үйлчилгээний албан хаагч юм.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top