Сүүлийн жилүүдэд хил гаалиар түүх соёлын хосгүй үнэт зүйлсийг гаргах нь ердийн нэг бараа зөөхтэй адил болсон байлаа. Дөнгөж хоёр жилийн өмнөөс л үүнийгээ жаахан журамлах гэж оролдож байгаа гэнэ. Ийм цалгар байдлыг хулгайчууд овжин ашиглаж байжээ. Бараг хориод жил түүх соёлын маань хосгүй үнэт эдлэлүүд харийн улс руу тийнхүү зөөгдсөөр байж. Zindaa.mn сайт урьд нь Үндэсний түүхийн музейн сан хөмрөгч асан Б.Энхбат гэгчийн талаар мэдээлж байсан. Тэр нийтдээ 1000 гаруй үнэт зүйлсийг хил давуулсан гэдэг. Түүний хамсаатан болох Ё.Дамдиндоржийг саяхнаас интерполоор эрэн сурвалжилж эхэлжээ. Түүнтэй хамт Б.Энхбатын хулгайгаар гаргасан үнэт эдлэлүүдийг хил дээр тосч аваад цааш дамжуулж байсан Ж.Мөнхбатыг цагдаа нарт баривчилсан байна. Б.Энхбат 10 жилийн хорих ял сонссон бөгөөд 3 жилийг нь өршөөлийн хуульд хамааруулжээ. Мөн Ж.Мөнхбатад 7 жилийн ял оноосон гэнэ. Тэдэнд нийтдээ 5 тэрбум орчим төгрөгийн өр төлбөр оногдуулсан байна. Харамсалтай нь хулгайд алдагдсан ховор нандин дурсгалт зүйлс, түүхийн үнэлж баршгүй эдлэл хэрэгслүүдээс нэг нь ч музейдээ эргэж ирээгүй байгаа ажээ. Тэдний төлбөр ч төлөгдөөгүй. Хил гаалиар түүх соёлын ийм үнэт зүйлсийг тэдгээр хулгайчууд ердийн бараа таваар мэтээр бүртгүүлэн авч гардаг байв. Манай хил, гаалийн албаныхан ч түүх, соёлын хосгүй үнэт зүйлсийг ердийнх болгон гадагшлуулахад оролцсон байх магадлалтай юм. Тиймээс саяхнаас эдгээрийг журамлан ердийнх, хосгүй гэж ялгалгүйгээр бүх төрлийн түүх соёлын зүйлсийг хил давуулахгүй байхаар болжээ. Ё.Дамдиндорж одоогоор аль улсад амьдарч байгаа нь тодорхойгүй байна.
Х.Тулга
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэлээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )