“Open door” сониныг үүсгэн байгуулагч, сэтгүүлч Х.Бүрэнтогтох хүнд өвчний улмаас хорвоог орхиж, бидэнд хүнд гарз тохиолоо.
Хайнжамцын Бүрэнтогтох 1966 онд төрж, 1984 онд ерөнхий боловсролын дунд сургууль,1984-1990 онд ЗХУ-ын Москва хотын Эрчим хүчний дээд сургуулийг дулааны инженер мэргэжлээр төгсжээ. Оюутан ахуйдаа хэд хэдэн радио жүжиг бичсэн нь Монголын радиогоор нэвтэрч тэрбээр утга зохиолд шимтэх болж, улмаар авьяаслаг яруу найрагч найз нөхөдтэйгөө хамтран Москва хотноо утга зохиолын бүлгэм байгуулж, ЗХУ-д суралцагч оюутнуудын дунд яруу найргийн “Болор цом” наадмыг анх зохион байгуулжээ.
Х.Бүрэнтогтох нь Монголын соёлын гарамгай бүтээл болох Мигжэд Жанрайсэг бурхныг ЗХУ-д хайх эрлийн ажилд өөрөө санаачилга гарган оролцсон бөгөөд БНМАУ-ын Соёлын Яамны орлогч сайдаар ахлуулсан төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтан 1989 оны 10-р сарын 3-9 –ний өдрүүдэд Ленинград хотын Казанийн цогчин дуганд хайгуул хийхэд оролцсоныг түүний уран зохиолын багш, ардын уран зохиолч нэгэн эрхэм “Билгийн нүдийг нээгч” хэмээх бүтээлдээ дурдсан нь бий. Ийнхүү эх орныхоо соёл, утга зохиолд шимтсэн эрчим хүчний инженер Бүрэнтогтох 1990 оноос “Монголын радио”-д сэтгүүлчээр анх ажиллах болсон цагаас хойш “Монголын залуучууд”, “Бодлын солбицол”, “Монгол тамга” , “Open door” зэрэг сонин, хэвлэл мэдээллийн байгууллагуудад сэтгүүлч, эрхлэгч, ерөнхий эрхлэгчийн албыг арван найман жил хашжээ. Тэрбээр “Ганаагийн паян” уран сайхны кино зохиол, “Томоо” зэрэг хэд хэдэн өгүүлэл, нийтлэлийн ном туурвиж өөрийн үзэгч, уншигчидтай болсон уран бүтээлч байлаа.
Х.Бүрэнтогтох өөрийнхөө эрдэм мэдлэгээ эх орныхоо хөгжилт цэцэглэлтэд зориулж, арван гурван жилийн хугацаанд УБ хотын Захирагчийн ажлын албаны харьяа байгууллагуудад агентлагийн дарга, төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал, Нийслэлийн Засаг даргын зөвлөх, Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөх, Онцгой байдлын ерөнхий газарт Хэлтсийн дарга зэрэг албыг үлгэр жишээ, нэр төртэй хашсан юм. Түүний төрийн үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас “ одонгоор шагнажээ. Тэрээр 2020 оноос Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зөвлөхөөр ажиллаж байлаа. Түүний нөхөрсөг, нийтэч, алиа хошин зан, уран бүтээлчийн торгон мэдрэмж, өвөрмөц гүн сэтгэлгээ, нинжин зөөлөн тусч сэтгэл нь бидний зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно. Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхөд, ажлын хамт олонд нь сэтгүүл зүйн салбарын ажил, мэргэжил нэгт нөхдийнхөө өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.
Ум сайн амгалан болтугай
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ
Сэтгэгдэл ( 9 )
ум маани бадми хум
Ум сайн амгалан болтугай
ум ма ни бад мэ хум
ум мани бад мэ хум
Миеэгийн хүн байждээ хөөрхий ум ма ни бад мэ хум
Мэрэгжлээ бас эрүүл мэндээ яагаад гаргуунд нь хаясан юм бол?
Өө Хайран хүүхэд .Сайн төрлийг олоорой.
um maani bad mi chum!
Ум ма ни бад мэ хум Сайн төрлөө хурлан олох болтугай Ум ма ни бад мэ хум Ум ма ни бад мэ хум