Долдугаар сарын 9-нд Токио хотод болох эмэгтэйчүүдийн тулааны "jewels 15th Ring" тэмцээнд оролцох тамирчдын нэр тодорлоо. Монголын эмэгтэйчүүдийн тулааны цорын ганц тамирчин болох Есүй энэхүү нэр хүндтэй тэмцээнд оролцох болсон байна. Есүй энэ жилийн гуравдугаар сарын 11-нд Английн тамирчинтай тоглох байсан боловч газар хөдлөлтийн улмаас тэмцээн хойшилсон билээ. Энэ удаад тэрбээр Японы апдарт тамирчин Хирокотой тоглох болжээ. Энэ сарын 16-нд болсон хэвлэлийн бага хурал дээр тэрбээр "Хироко туршлагатай тамирчин. Би тулааны урлагт орохоосоо өмнө түүний тоглолтыг үзэж байсан. Ийм сайн тамирчинтай тулалдах болсондоо баяртай байна. Урьд өмнө учирж байсан өрсөлдөгч нарын дундаас хамгийн хүчтэй нь Хироко. Чадаж мэдэх зүйлээ 100 хувь гаргаж, заавал ялах болно" гэж ярьсан байна. Харин түүний өрсөлдөгч Хироко "Ойрдоо тоглолт хийгээгүй ч гэсэн ялна" гэж хэлжээ. Тэмцээнд Монгол, Япон, БНСУ, Америкийн тамирчид оролцоно. Есүй 1985 онд Улаанбаатарт төрсөн. 2007-2010 онд Японы прорэслингэд хүч үзэж байсан. 2010 оноос тулааны төрөлд шилжиж, хоёр тоглон нэг ялж, нэг ялагдаад байгаа.
Эх сурвалж: Таван цагариг
Сэтгэгдэл ( 0 )