Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр (2021.03.12) Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-д ажиллалаа.
ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн болон ХӨСҮТ-ийн Шуурхай удирдлагын төвийнхөн энэ үеэр коронавирусний нөхцөл байдал, тандалтын хариу арга хэмжээний талаарх мэдээллийг өгөв.
ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэнгийн хувьд тус албанд томилогдоод сар гаруйн хугацаа өнгөрч байгаа юм. Тэрбээр ХӨСҮТ-ийн Талбарын тархвар судлалын албанд ажиллаж байгаад АНУ-ыг зорьж, долоон жил суралцан, нийгмийн эрүүл мэндийн магистр, анагаах ухааны докторын зэрэг хамгаалаад, өнгөрсөн долдугаар сард Монголд иржээ. Ирсэн даруйдаа ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн Тандалт судалгааны албанд ажиллаж байгаад сарын өмнө ХӨСҮТ-ийн дэд захирлаар томилогдсон юм.
Тэрбээр Шадар сайдад дараах мэдээллийг танилцууллаа.
Э.ТЭМҮҮЛЭН:
-2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс хойш коронавирусний халдварын тархалтын улмаас Монгол Улс 31, 18, 12 хоногийн хугацаанд тус тус нийт гурван удаа хөл хорио тогтоосон. Үүний үр дүнд халдварын тархалтыг тогтворжуулж чадсан.
Халдварын шатны үнэлгээг долоо хоног бүр хийж байгаа. Улаанбаатар хотод дөрөвдүгээр үе шат буюу хүн амын дунд халдвар өргөн тархсан үе одоо тохиож байна. Завхан, Төв аймгийг хоёрдугаар үе шатанд байна гэж үзэж байгаа.
Гуравдугаар сарын 10-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн 81 кластер (голомт) байна. Үүнээс 19 нь хянагдаж дууссан. Хяналтад орсон 21 кластер бий. Яг одоогийн байдлаар 41 идэвхтэй кластер байгаа. Энэ халдвар зөвхөн орон зайгаар хязгаарлагдахгүй.
Дараагийн 14 хоногийн дараа өдөрт хамгийн багадаа 150-400 хүртэл халдвар гарах магадлал 50 хувьтай байна!!!
Хамгийн анхаарал татаж байгаа кластераар Драмын театртай холбоотой кластерыг нэрлэнэ. Драмын театртай холбоотой кластер олон хүнийг хамарсан буюу өнөөдрийн байдлаар 450 орчим ойрын хавьтал бүртгэгдээд байна. Тодруулбал, Драмын театрын тус кластераас өнөөдрийн байдлаар 113 хүн халдвар авсан нь тогтоогдлоо.
Сүүлийн 7 хоногийн нөхцөл байдлаас харахад хүн амын дундах халдвар өргөн тархалт руу орж байгаа нь санаа зовоож байна.
Өчигдөр хийсэн тооцоолол судалгаагаар 14 хоногийн дараагаар өдөрт хамгийн багадаа 150-400 хүртэл халдвар гарах магадлал 50 хувьтай байна. Нэг халдвартай хүний бусдыг халдварлуулах магадлал нэмэгдэж байна гэсэн үг. Нэг халдвартай хүн нэгээс илүү хүнийг халдварлуулах нөхцөл үүссэн байна гэсэн үг.
Өнөөдрийн нөхцөл байдалд бол лабораторийн шинжилгээ, хяналт, бүртгэл механик ажиллагаа шаардаж байгаа. Тиймээс тандалтын тогтолцоогоо боловсронгуй болгох чиглэлд илүү анхаарал хандуулж байна. Тоон мэдээ мэдээллийн сан нэгтгэгдээгүй, нэгдсэн удирдлагагүй байгаа нь тулгадсан асуудлын нэг байсан. Үүнийг шийдэхээр ажиллаж байгаа. Нийгмийн асуудал, нэмэлт цагийн хөлс олгогдохгүй байгаа зэрэг бэрхшээл мөн бий.