Ганц охиноо Хятадын хар тамхичдын гарт харамсалтайгаар алдсан А.Батсайхан амьдын тамд унаж, үйлээ үгтээж яваа нэгэн ажээ. Тэрээр энэ тухай өгүүлэхдээ “Охиныг маань төрсөн өдрөө тэмдэглэдэг орой 21 цагт Хөх хотын “R-Snay” гэдэг цэнгээний газрын 3007 тоот өрөөнд Хятад улсын иргэн Ван Хуй, Жан И, И Кей нарын хамт хар тамхи хэрэглэсэн гэдэг. Хар тамхийг нь манай охин, соруулыг нь Ван Хуй гаргасан юм байх. Тэдний гэрч гээд байгаа нэгэн Хятадтай уулзсан. Тэр, “Танай охин хар тамхийг хэтрүүлэн хэрэглэсэн тул маргааш нь бие их муудсан байсан. Эмнэлэгийн түргэн тусламж дуудсан боловч ирээгүй. Тэгээд түүнийг ойр орчмынх нь хүмүүс эмнэлэгт хүргэж өгсөн ч сэхэл авалгүй нас барсан. Гаалийнхан биед нь үзлэг хийсэн гэсэн. Тэгээд гаднын нөлөөгүй гэсэн юм билээ. Хамт байсан хүмүүст нь захиргааны арга хэмжээ аваад явуулсан байсан” гэжээ. Мөн Го Вей гэгч Хятад иргэн ч бас энэ тухай цагдаад мэдээлсэн гэж байв. Ийнхүү хүний нутагт амь алдсан охиных нь хэрэг одоо болтол шийдэгдсэнгүй. Хятадууд охины аав А.Батсайханд илэрхий худал зүйл яриад байсан гэнэ. Охин нь ямар нөхцөлд хар тамхи хэрэглэхгүй хүмүүжилтэй нэгэн байжээ. Харин түүнтэй Ану гэгч нэгэн эмэгтэйтэй уулздаг байсан байна. Тэрээр тухайн үед Хөх хотод нэгэн Өвөрмонгол залуутай гэр бүл болоод тэндээ амьдарч байж. Гэвч Ануг Хятадын цагдаа ч, манай цагдаа ч олоогүй байна. Тэр Ану чухам хэн бэ. Ийм асуулт А.Батсайханыг өдөр бүр шаналгасаар байгаа ажээ. Өөрийн биеэр Хөх хот руу хэдэнтээ очиж уулзах гэсэн боловч бас л олж уулзаж чадаагүй. Тийм хүн байдаг эсэх нь тодорхойгүй хэвээрээ ажээ. Ану нь нэр усаа өөрчилсөн монгол эмэгтэй гэдгийг л сайн ойлгож авснаас цаашгүй шахуу яваа гэнэ. Хөх хотод амьдарч байсан Ану нь А.Батсайханы талийгаач охиныг найз охинтой нь хамт урьсан байжээ. Охин нь Ану гэж чухам хэн болохыг аав ээждээ сайн ойлгуулж хэлж чадаагүй юмсанж. Хөх хотоос хэд хэдэн удаа утсаар ярьж, сайн явж ирсэн, хэд хоногийн дараа буцна гэж байжээ. А.Батсайхан охиныхоо үхлийн шалтгаан, алуурчдыг олж тогтоох талаар Хятадын Элчин сайдын яаманд хандсан боловч бүтэн жил гаруйн хугацаанд ямар ч хариу өгөөгүй байна. Улсын мөрдөн байцаах газрын Хүний наймаатай тэмцэх хэлтсийнхэн ч бас “Хэрэг үүсгэх боломжгүй” гэсэн хариу өгчээ. Охинтой нь хамт явсан охидыг тэр ямар нэг сэжүүр гаргаад ирнэ гэдэгт итгэсээр яваа бололтой. Гэвч тэр нар хэргийн талаар юу ч мэдэхгүй царайлж байгаа нь тун хачирхалтай. Ядаж хөх хотод амьдардаг гэх Ану гэдэг эмэгтэйг цагдаа нар олоод хэргийг лавшруулан шалгах боломжтой гэдэгт талийгаач охины ар гэрийнхэн итгэлтэй хэвээрээ байна. Хятадууд хар тамхины хэргээ нуун далдлахын тулд Монголчуудыг ашигладаг байх гэсэн хардлага ч тэдэнд өөрийн эрхгүй төрөх болсоныг нуухгүй байна. Магадгүй л юм. Сүүлийн үед Хятадад олон монгол иргэн хар тамхины хэргээр ял эдэлж байна. Тэд Хятадын хар тамхины наймаачид, хар тамхинд донтогчдын халхавч болон амиа зольж, шоронд хоригдож суухыг үгүйсгэх аргагүй юм.
Х.Тулга
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )