Израйл улс нийт хүн амынхаа 90 хувийг энэ оны тавдугаар сар гэхэд дархлаажуулахаар төлөвлөжээ.
Дархлаажуулалт амжилттай болоход дараах хүчин зүйлс нөлөөлсөн байна. Тодруулбал, тус улсын бүх нийтийн эрүүл мэндийн хамралт маш өндөр, иргэд нь цахим эрүүл мэндийн бүртгэлтэй учраас вакцин үйлдвэрлэгч компанид вакцинд хамрагдалтын мэдээг маш хурдан гаргаж өгөх боломжтой байсан нь хүн амын ихэнхийг дархлаажуулах нөхцөлийг бүрдүүлжээ. Мөн дархлаажуулалтыг хийх дэд бүтэц сайн хөгжсөн байсан нь богино хугацаанд үр дүнтэй хийхэд нөлөөлсөн. Дараагийн чухал нөлөөлсөн хүчин зүйл нь харьцангуй дулаан цаг агаартай, газар нутаг бага, хүн амын тоо харьцангуй цөөн нь вакцинжуулалтыг үр дүнтэй, богино хугацаанд хийхэд үр дүнгээ өгчээ.
Гэхдээ вакцинжуулалтын эхний өдрүүдэд олон бэрхшээл тулгарч байжээ. Үүнд, зорилтот хүн ам вакцин хийлгэхээр бүртгүүлж чадаагүйн (утсаар бүртгэх ажилд асуудал үүссэн) улмаас өдрийн төгсгөлд үлдсэн вакциныг устгахгүйн тулд эхний бүлэгт эрэмбэлэгдээгүй ч боломжтой хүмүүст хийсэн байна. Мөн дархлаажуулалтын цэгийг алс хол жижиг тосгонуудад хүртэл байгуулжээ. Дараагийн вакцин хэзээ ирэх талаар нөхцөл байдлын мэдээллүүд тодорхой бус байсан тул тус улс I тунгийн вакцинжуулалтаа хязгаарлаж, хоёр дахь тунд шаардлагатай вакциныг нөөцөлсөн. Түүнчлэн хүн амын вакцинд хандах хандлагын талаарх мэдээлэл тодорхойгүй байсан байна.
Дархлаажуулалт үр дүнтэй болоход нөлөөлсөн өөр нэг хүчин зүйл бол шууд дайчлагдан ажиллахад бэлэн бэлтгэгдсэн сувилагч нар байсан. Вакцин худалдан авах, түгээхэд зориулсан Засгийн газрын тусгай сантай байсан нь бас нэг давуу тал аж. 2020 оны дундуур Засгийн газар нь вакцин худалдан авах нь цар тахлыг таслан зогсоох, улмаар эдийн засгаа хурдан сэргээхэд маш чухал гэж үзэж, вакцин авах үйл ажиллагааг хурдан болгоход зориулж тусгай сан байгуулжээ. Мөн вакцины тээвэрлэлтэд ухаалаг аргаар зохицуулалт хийсэн. Pfizer вакцин нь анхандаа 195 шилтэй багц хэлбэрээр савлагдсан байсан бөгөөд энэ нь 1000 хүнд хийх тун агуулсан байжээ. Харин 1000 хүн хүрэхгүй байгууллага болон жижиг хот тосгонд вакцин хийх тохиолдолд олон вакциныг устгах нөхцөл үүссэн учир 195 шилтэй вакциныг жижиг багц болгон хувааж тээвэрлэснээр вакцин устгах байдлыг багасгасан байна.
Мөн дархлаажуулалтад хамрагдах бүртгэлийг утас, вэб сайт, аппликэйшн гэх мэт олон арга замаар хийсэн нь чухал ажил болсон. Эхний өдрүүдэд олон хүн хүсэлт явуулсантай холбоотой техникийн асуудлууд үүссэн байна. Израйл улс цахим платформыг эрүүл мэндийн системдээ ашигладаг учраас энэ асуудал удалгүй хэвийн болжээ. Түүнчлэн дэлхийн хэмжээнд Израйл улс өдөрт 100 хүнд ногдох хийсэн вакцины тоогоороо дэлхийд тэргүүлж байгаа мэдээлэл нь хүмүүст эх орноороо бахархах, улмаар вакцин хийлгэх хүслийг бий болгосон гэнэ.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 2 )
Вакцинжуулах нь яах вэ,гол нь өвчин багасаж гэнэ үү тэгээд
Neg muu sumin hemjeenii nutagtai baij dotroo als nutag tosgon gej yariad baihdaa yahaw de xe xe