Ц.Мөнхцэцэг нарын гишүүд Т.ЧИМГЭЭГ ЭРҮҮДЭН ШҮҮСЭН асуудалд нийтийн сонсгол хийхийг шаардав

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 03 сарын 15

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээг авсан Т.Чимгээ ШШГЕГ-ын харьяа хорих 401 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, ялаа эдэлж байгаа билээ.

Харин өнгөрсөн долоо хоногт түүнтэй холбоотой зарим хэргийг нууцын зэрэглэлээс гаргаж, хүний эрхийг ноцтой зөрчсөн бичлэгийг ил болгосон байдаг. 

Тэгвэл үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин нар өнөөдөр /2021.03.15/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэдний ярьж байгаагаар гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээ авсан Т.Чимгээтэй холбоотой хүний эрхийг ноцтой зөрчсөн хэрэгт нийтийн сонсгол явуулахыг шаардаж, УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн байна. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "Үндсэн хуульд хэнийг ч эрүүдэн шүүж, хүнлэг бус хэрцгий аргаар шүүхийг хориглоно гэсэн заалт бий. Мөн Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцид шүүхийн шатанд эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэхийг хориглосон байдаг. Тиймээс иргэн Т.Чимгээгийн асуудлаар дуу хоолойгоо хүргэж байна. Т.Чимгээг  шүүхээр шалгагдаж байх процессийн шатандаа эрүүдэн шүүсэн асуудлыг хүний эрхийн зөрчил гэж үзэн дотоодын болон гаднын хүний эрхийн байгууллагуудад хандаж байна. УИХ бүрэн эрхийнхээ дагуу хүний эрхийн зөрчлийн асуудлаар Нийтийн сонсгол хийх шаардлагатай. Энэ саналыг УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь дэмжсэн тохиолдолд Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудлаар Нийтийн сонсгол хийх боломж бүрдэнэ. Хэрэв шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон бусад холбогдох хуульд зарим зохицуулалтыг хийх боломжтой. Тухайлбал, эрүүдэн шүүсэн төрийн албан хаагч буюу буруутай этгээдэд оногдуулах хариуцлагыг чангатгах тухай заалтуудыг оруулах асуудлыг хөндөнө. Ардчиллын баянбүрд гэгдэх Монгол Улсад иргэнээ тэр дундаа эмэгтэй хүнийг эрүүдэн шүүсэнтэй огтхон ч  эвлэрч болохгүй. Тухайн хэргийн явцад  зарим баримтууд ил болсон мөн  Засгийн газрын тогтоолоор  эрүүдэн шүүсэн бичлэг хүртэл  ил болсон. Хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй удааширч байна. Ерөнхий сайд энэ асуудалд онцгойлон анхаарч дахин олны анхааралд орууллаа.  Тийм учраас УИХ-ын гишүүд нэгдэн уг асуудлаар Нийтийн сонсгол явуулах шаардлагатай. Нийтийн сонсголоос гарсан санал зөвлөмжийг бид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлж мөн шаардлагатай хууль эрхзүйн арга хэмжээнүүдийг авах болно" хэмээн байр сууриа илэрхийллээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.9.47.32) 2021 оны 03 сарын 15

”МОНГОЛЫН ШҮҮХ ХУРЦ ГЭДЭГ 1 ХҮНД ДИЙЛДЧИХЭЭД БАЙНА” ГЭЖ ЯРЬЖ БАЙГАА НЬ ТӨРИЙН ЭМГЭНЭЛ МӨН..... ЭНЭ ҮГ НЬ МОНГОЛЫН ТӨР , ШҮҮХ ИЙМ АСУУДЛЫГ ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ, ЭРҮҮДЭН ШҮҮЛТ, ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ЦААШИД ҮРГЭЛЖИЛНЭ ГЭДГИЙГ ТӨР ЗАСАГ НЬ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ ӨӨГШҮҮЛСЭН ХЭРЭГ БОЛЛОО ГЭЖ ҮЗЭЖ ЗЭВҮҮ ХҮРЧ БАЙНА. ИЙМ ЧАДАМЖГҮЙ ТӨР, ШҮҮХ МОНГОЛД ХЭРЭГГҮЙ!!!!!!!! ИРГЭН БҮР ҮГЭЭ ХЭЛЭХ ЁСТОЙ БОЛЖ БАЙНА……

0  |  0
Top