“Гал үндэстэн” холбооны Г.Болдбаатар өлсгөлөн зарлав

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 24

"Нутаг чөлөөлөх"-өөр аравтын системд хуваагдан Өвөрхангай, Сэлэнгэ аймгийг зорьсон "Гал үндэстэн" холбооны долоон гишүүнийг цагдаагийнхан саатуулж, өчигдөр Дэнжийн мянга дахъ 111 дүгээр Цагдан хорих төв рүү шилжүүллээ.

«Онги гол» хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр тэргүүтэй “Гал үндэстэн холбоо”-ны зургаан гишүүн “Нутаг чөлөөлөх” ажиллагааныхаа хүрээнд Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт ашигт малтмал олборлож байсан “Гурван тамга” компанийн үйл ажиллагааг хүч хэрэглэн таслан зогсоох оролдлого хийсэн байна. Тэд тус компанийн техник хэрэгсэл буюу усан буу гэгддэг алт угаах нацос руу хоёр удаа буудсан учир хүчний байгууллагынхан ийн сэжигтнээр татан саатуулав. Хөдөлгөөний гишүүдийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хүргэн саатуулж байгаад өчигдөр үдээс хойш Цагдан хорих төв рүү шилжүүлж, Н.Давааг өмгөелж байсан “Гал үндэстэн” холбооны өмгөөлөгч Г.Дашдэмбэрэлийг мөн баривчилсан байна.

Уг гэнэтийн үйлдлийг эсэргүүцсэн иргэний хөдөлгөөнийхөн нэгдэж өчигдөр хэвлэлийнхэнд хандсан юм. "Гал Үндэстэн холбоо"-ны удирдах зөвлөлийн гишүүн О.Лхавгадорж, Ц.Цамбалхүндэв, Я.Цэрэнханд, "Амлалт нэхэх ард түмний холбоо"-ны ерөнхий зохицуулагч Г.Уянга, "Шударга ёс тусгаар тогтнол хөдөлгөөний тэргүүн" Л.Баярхүү, "Монгол Улсын төлөө зүтгэе" ТББ-ын тэргүүн Л.Болд нар хэвлэлд өгсөн мэдээлэлдээ “Гал үндэстэн” холбооны "нутаг чөлөөлөх" ажиллагаанд санаатай саад учруулж буй цагдаагийнхны бусармаг үйлдлийг эсэргүүцэж байна. Нутаг усныхаа төлөө явсан хүмүүсийг саатуулсан нь хоморголон баривчлах ажиллагаа, хэлмэгдүүлэлт боллоо. Техник хэрэгслийг байгаль орчноосоо дээгүүр тавьж байна гэж үзэж буйгаа илэрхийлж байв. Тэд мөн ойрын хугацаанд ЦЕГ-т шаардах бичиг хүргүүлэх болсноо мэдэгдсэн юм.

Одоогоос гурван долоо хоногийн өмнө орон нутгийг зорьсон хөдөлгөөнийхөн урт нэртэй хуулийн заалтыг зөрчсөн компаниудын хүрээнд “Нутаг чөлеөлөх” ажиллагааг эхлүүлж, ашигт малтмал олборлож буй компаниудад тулган шаардах бичиг хүргүүлэн, хариу өгөхгүй, олборлолтоо зогсоохгүй тохиолдолд галт зэвсэг хэрэглэхэд ч бэлэн гэдгээ олон нийтэд мэдэгдэж байсан.

Гэхдээ өнгөрөгч наймдугаар сард дээрх “Онги гол” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр нарын дөрвөн хүн Сэлэнгэ аймгийн Мандал суманд буун дуу хадааж “Пураам” компанийн техник хэрэгсэлд халдсан үндэслэлээр шалгагдаж, шүүхээр хүртэл ороод гарсан. Уг хэрэг эцэслэн шийдэгдээгүй, Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан бол энэ удаад мөн хөдөлгөөнийхнийг бусдын өмчид халдсан, галт зэвсэг хэрэглэсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн, мэдүүлэг авч эхэлсэн байж болзошгүй аж.

Хамгийн сүүлийн мэдээллээр "Гал үндэстэн" холбооны Г.Болдбаатар өлсгөлөн зарлаж эхэлжээ. Түүнийг Сэлэнгэ аймагт ажиллагаанд оролцож яваад бие нь муудсаны улмаас гэртээ ирсэн байхад нь Сүхбаатар дүүргийн цагдаагийнхан албадан баривчилсан бөгөөд үүнийг “санаатай хийж буй үйлдэл” үзэн тус цагдаагийн хэлтэст өлсгөлөн зарлажээ.

Харин тэрбээр биеийн байдал тун муу, группт орсон учир эмч нар өлсгөлөнг хүчээр зогсоохыг оролдож байгаа гэв.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top