Фулбрайтын тэтгэлгээр 15 оюутан АНУ-г зорино

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 24

2011 -2012 оны хичээлийн жилд Фулбрайтын Гадаад оюутны тэтгэлэгт хөтөлбөрөөр манай 15 оюутан АНУ-ын их, дээд сургуулиудад магистрын зэргээр сурах болжээ. АНУ-ын их дээд сургуулиудад суралцах оюутнуудын батламжийг нь өчигдөр БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр болон АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Жонатан Эдлтон нар гардуулан өгсөн байна. Фулбрайт нь АНУ-ын Засгийн газрын тэргүүлэх боловсролын хөтөлбөр бөгөөд өөрийн шилдэг оролцогч нар, өндөр шалгуур болон шударга нээлттэй сонгон шалгаруулалтаараа хэдийнээ дэлхийд танигдсан юм. 1994 оноос өнөөг хүртэл 100 орчим монгол оюутан АНУ-д Фулбрайтын хөтөлбөрөөр суралцаад ирсэн. 2010 оны нэгдүгээр сард БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр болон АНУ-ын Төрийн Департамент дахь олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн даргын орлогч хатагтай Жүдит Макхэйл нар монгол оюутнуудад олгогдох тэтгэлэгт хөтөлбөрийг өргөжүүлэх талаарх хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсны үр дүнд 2009 онд дөрвөн оюутан явдаг байсан, харин энэ онд 15 оюутан АНУ-д суралцахаар болоод байна. Тэдгээр 15 оюутан эрүүл мэнд, хот тохижолт, боловсрол, төрийн удирдлага, шинжлэх ухаан технологийн чиглэлүүдээр Нью-Йорк, Охайо, Небраска, Иллиной, Техас, Жоржия зэрэг мужийн АНУ-ын нэр хүндтэй их дээд сургуулиудад суралцана. 2012-2013 оны Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөр боловсрол, инженер, эрүүл мэнд, мэдээллийн технологи болон шинжлэх ухаан технологийн мэргэжлээр магистрын зэргээр сурах хүсэлтэй оюутнуудад зарлагдаад байгаа аж.

Эх сурвалж: Нийслэл таймс сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top