Жилд дунджаар 2000 гэмт хэрэг бүртгэгддэг

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 24

"Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх нь" сэдэвт онол практикийн бага хурал өчигдөр Хангарьд ордонд боллоо. Уг хурлаар нийслэлд үйлдэгдэж байгаа хулгайн гэмт хэргийн шалтгаан нөхцөл, нөлөөлж буй хүчин зүйлүүд, тэдгээрийг арилгах арга замын талаар хэлэлцэв. Энэхүү хурлыг хулгайн гэмт хэрэг үйлдсэн болон холбогдсон этгээдэд шүүхээс ногдуулж байгаа ялын байдлыг судалж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэд олон нийтийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж буйгаараа онцлог аж. Бага хуралд НИТХ-ын дарга, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Т.Билэгт, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав, прокурор Б.Бат-Орших болон хуулийн байгууллагын ажилтнууд, судлаач эрдэмтэд оролцлоо.

Шаардлагатай гудамж, талбайг камерын хяналтад оруулна

НИТХ-ын дарга Т.Билэгт хурлыг нээж хэлсэн үгэндээ “Нийслэлд гарч буй хулгайн гэмт хэргийг бууруулахад НИТХ, Нийслэлийн Засаг даргын зүгээс хууль сахиулах байгууллагуудын ажиллах нөхцлийг хангаж туслалцаа үзүүлэхэд анхаарч ажиллана. Энэ онд н ийслэлийн төсвөөс 400 сая төгрөгийг онц шаардлагатай гудамж талбайг камерын хяналтад оруулахаар төлөвлөсөн. Цаашид зөвхөн төсвийн хөрөнгөөр бус томоохон аж ахуйн нэгж, байгууллагуудын санаачилгаар энэ ажлыг өргөн хүрээтэй болгохоор анхаарч байна” хэмээлээ.

Энэ үеэр Нийслэлийн прокурорын туслах, хууль зүйн докторант Ч.Мөнхбат "Хулгайн гэмт хэрэгт ял шийтгэгдэн хорихоос суллагдсан ялтныг нийгэмшүүлэх асуудал", Нийслэлийн цагдаагийн Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хэргийн газрын үзлэг хариуцсан ахлах мэргэжилтэн, хууль зүйн докторант, цагдаагийн дэд хурандаа Б.Жаргалсайхан "Хулгайн гэмт хэргийг илрүүлэх шинжлэх ухаан техникийн зарим арга" зэрэг сэдвээр илтгэл тавилаа.

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, судалгааны төвийн ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Мөнхдоржийн тавьсан "Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн өнөөгийн байдал" илтгэлд дурдагдсанаар" Монгол Улсын хэмжээнд сүүлийн 20 жилийн хугацаанд 200 мянган гэмт хэрэг бүртгэгджээ. Жилд дунджаар 2000 гэмт хэрэг бүртгэгддэг. Дээрх гэмт хэргийн улмаас 17 мянган хүн нас барж, 70 мянган хүн хөнгөн болон хүндэвтэр гэмтэл авч, 350 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Хоногт улсын хэмжээнд дунджаар 56 гэмт хэрэг үйлдэгдэж, таван хүн нас барж, 20 хүн гэмтдэг статистик байдаг аж.

Цагдаагийн ахлах дэслэгч Б.Мөнхдорж "Улсын хэмжээнд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн түвшин буурсан үзүүлэлттэй байгаа ч нийслэлийн хэмжээнд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн эзлэх хувийн жин цаашид өсөх хандлага ажиглагдсан. Өнгөрсөн онд авсан Хүн ам, орон сууцны тооллогоор нийслэлд манай улсын нийт хүн амын 63 хувь нь оршин суудаг дүн гарсан. Хүн амын төвлөрөлтэй холбогдуулан Улаанбаатар хот манай улсын гэмт хэргийн үүр болсон гэж дүгнэлт хийж болохоор байна" хэмээсэн юм.

Хулгайн гэмт хэрэг буурчээ

Энэ оны эхний таван сарын байдлаар манай улсын хэмжээнд 8547 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс улс даяар 2.7 хувиар, нийслэлийн хэмжээнд 2.9 хувиар нийт гэмт хэрэг өссөн үзүүлэлт гарчээ. Харин хулгайлах гэмт хэрэг улс, нийслэлийн хэмжээнд буурсан байна. Хулгайн гэмт хэрэг буурсан шалтгааныг холбогдох байгууллагууд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн, урьдчилан сэргийлэх ажлын үр дүнд буурсан байх магадлалтай хэмээн үзэж байгаа юм байна.

Улсын хэмжээнд эхний таван сарын байдлаар хулгайн гэмт хэрэг илрүүлэлт 48.3, нийслэлд 48.9 хувьтай байгаа аж. Цаашид орон байрны хулгай өсөх хандлагатай байгаа нь ажиглагджээ. Тиймээс иргэд өөрсдөө сонор сэрэмжтэй байх нь чухал гэдгийг анхааруулж байлаа.

Хулгайн гэмт хэргийг ид ажиллаж хөдөлмөрлөх насны залуучууд, 80 гаруй хувийг тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд, 15 хувь нь урьд нь ял шийтгэгдсэн, арван хувь эмэгтэйчүүд үйлддэг байна.

Хуралд оролцогчид хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, эрх зүйн орчинг боловсронгуй болгохын тулд Эрүүгийн хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль зэрэг бусад хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах, дахин давтан хулгай хийдэг мэргэшсэн хүмүүстэй хэрхэн тэмцэх, эдгээр хүмүүст ял шийтгэл оногдуулсны дараа нийгэмшүүлэх асуудлыг ихээхэн анхаарах хэрэгтэй байгааг ярьж байлаа.

Эх сурвалж: Нийслэл таймс сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top