УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр (2021.04.01) Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нар тус тус танилцуулсан.
Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах, үйлчлэх, хэрэглэх, архидан согтуурахтай тэмцэх, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаатай холбогдсон харилцааг цогц байдлаар зохицуулахаар 7 бүлэг 45 зүйлтэй хуулийн төслийг боловсруулжээ.
Төсөлд “согтууруулах ундаа” гэж хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, бүх төрлийн архи, 2-оос дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан дарс, тэдгээрийн үндсэн дээр бэлтгэсэн ундаа, шар айраг, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архийг тодорхойлсон байна. Харин “согтууруулах ундааны эргэлт” гэж согтууруулах ундааг үйлдвэрлэх, импортлох, экспортлох, хадгалах, худалдах, түүгээр үйлчлэх, хэрэглэхийг тус тус ойлгохоор тодорхойлжээ. Төслийн 2 дугаар бүлэгт согтууруулах ундааны үйлдвэрлэлтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан байна. Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаатай олгохоор, экспортлох зорилгоор сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архийг чөлөөт бүсэд үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг чөлөөт бүсийн захирагч олгохоор тусгажээ. Мөн согтууруулах ундааны үйлдвэрлэлд тавигдах шаардлагуудыг шинээр тодорхойлохдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээ, хатуулгийг бүртгэж, эрх бүхий байгууллагад тогтмол мэдээлэх төхөерөмжтэй байх, үйлдвэрлэх шаардлагатай бүтээгдэхүүний зохих доод хэмжээг тусгай зөвшөөрөлд тусгах, орц, найрлага, түүхий эд, этилийн слиртийн агууламж ижил, нэг төрлийн согтууруулах ундааг нэгээс дээш нэрээр үйлдвэрлэхийг хориглох заалтууд оруулсныг төслийн танилцуулгад дурдсан байлаа.
Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Мөн согтууруулах ундаа импортлох зөвшөөрлийг гурван жилийн хугацаатайгаар, хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газрын баталсан журмын дагуу олгохоор төсөлд тусгажээ. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг олгох хэмжээг нийгмийн зарим үзүүлэлтүүдийг харгалзан, урьдчилан тогтоосны үндсэн дээр олгох, ингэхдээ худалдах тусгай зөвшөөрлийг ашгийн төлөө худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдэд, харин согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг этгээдэд олгохоор тусгасан байна.
Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох газар, зүйлийн талаарх зохицуулалтыг шинээр боловсруулж, хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд зааснаас гадна согтууруулах ундааг зайнаас (холбоо, мэдээллийн сүлжээ ашиглан) болон өөртөө үйлчлэх автомат төхеерөмж ашиглан, эсхүл гap дээрээс, эсхүл согтууруулах ундааг хаягаар хэрэглэгчид хүргэхийг хориглохоор тусгажээ. Мөн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох өдөрт Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр, сонгуулийн санал авах өдрийн өмнөх, дараах өдөр гэх зэргийг нэмж “Архигүй өдрийн” тоог нэмэх нь зүйтэй хэмээн үзсэн талаар төслийн танилцуулгад дурдсан байв.
Аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч нар харьяалах нутаг дэвсгэртээ согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг тогтоох нь зүйтэй хэмээн үзэж холбогдох зохицуулалтыг тусгасан байна.
Мөн согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөл эзэмшигч нь үйлчлүүлэгчид зориулсан худалдан авсан согтууруулах ундааг хэрэглэх танхимтай байх, тус танхимд халуун, хүйтэн зуушаар үйлчлэх болон ундны усаар үнэ төлбөргүй үйлчлэх, үйлчлүүлэгч худалдан авсан согтууруулах ундаагаа зөвхөн зориулалтын танхимд хэрэглэх, 35 хувиас дээш хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундааг согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөл эзэмшигч үйлдвэрийн лонх, савалгаатай нь худалдаж үйлчлэхийг хориглох гэх зэрэг согтууруулах ундааны хэрэглээ, түүний худалдаатай холбоотой үйл ажиллагааны талаарх шинэлэг зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Согтууруулах ундаагаар үйлчлэх танхимд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох болон хэтрүүлэн хэрэглэсний улмаас үүсэх хор уршгийн талаар санамж, такси, нийтийн тээврийн үйлчилгээний талаарх мэдээллийг байршуулах, согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бусдад үйлчлэх үүрэг бүхий ажилтан нь согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтад хамрагдсан байх, шаардлагатай тохиолдолд насанд хүрсэн эсэхийг шалгах зорилгоор үйлчлүүлэгчийн бичиг баримтыг шалгах, 21 насанд хүрээгүй, эсхүл согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн хүнд согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсний улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцах зохицуулалтыг төсөлд тусгасан байна.
Төслийн 6 дугаар бүлэгт архидан согтуурах, согтууруулах ундааны хэрэглээг нэмэгдүүлэх зорилго бүхий аливаа үйл ажиллагааг хориглох зохицуулалтуудыг тусгасан бол 7 дугаар бүлэгт согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, экспорт, реэкспорт, худалдаа, үйлчилгээнд хяналт тавих журам болон хяналт тавих эрх бүхий субъектүүдийг тодорхойлж, тэдгээрийн хэрэгжүүлэх чиг үүргийг тусгасан байна.
Хууль зүйн байнгын хороо хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлыг 2021 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ.
Хууль санаачлагч хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт туссан зорилтыг хангах, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс бий болсон үр дагаврыг арилгах, согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахаас үүдэлтэй эрсдлийг бууруулах ажлыг үр дүнтэй, оновчтой зохион байгуулах, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг зорилгоор хуулийн төслийг боловсруулсныг Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулгадаа онцлоод согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 89.9 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг дурдав.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Д.Тогтохсүрэн, Ц.Даваасүрэн, М.Оюунчимэг, Х.Баделхан, Г.Амартүвшин, Ц.Сандаг-Очир, С.Одонтуяа, Х.Ганхуяг, Б.Баттөмөр, Ш.Адьшаа нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Б.Пүрэвдорж, Ж.Чинбүрэн, Д.Сарангэрэл, Н.Энхболд, Х.Булгантуяа нар санал хэллээ.
Гишүүдийн зүгээс хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ амралтын өдрүүдэд архи согтууруулах ундаа худалдахгүй байх, энэ төрлийн худалдааны цэг, байршлын тоог цөөрүүлэх, цагийн хязгаарлалттай холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгох, архидан согтуурах дон нь өвчин тул албадан эмилчилгээний асуудалд нарийвчилсан зохицуулалтыг тусгахдаа шинжлэх ухааны судалгаанд тулгуурлахад илүүтэй анхаарах, архидан согтуурахын эсрэг соён гэгээрүүлэх зохицуулалтыг төсөлд тусгах шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байлаа.
Мөн төрийн бэлгэ тэмдэг, түүхэн хүмүүсийн нэр бүхий архи, согтууруулах ундаа бүтээгдэхүүний загварыг хязгаарлах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан, эсэх, архидан согтууруулах ундааны хэрэглээг бууруулах, согтууруулах ундааны зохистой хэрэглээг дэмжих, энэ төрлийн бүтээгдэхүүний худалдаанд цагийн хязгаарлалт тогтоох, үйлчилгээний соёлыг нэвтрүүлэх зэрэг зохицуулалтуудыг төсөлд хэрхэн тусгасныг илүүтэй лавлав.
Монгол Улсад хоёр эрэгтэй хүн тутмын нэг нь архины хэрэглээ өндөр, хамааралтай байгаа талаар Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн судалгаа байна.
Өнөөдөр улсын хэмжээнд архидан согтуурах эмгэгтэй 10 гаруй мянган хүн байгаа ч албадан эмчилгээний нөөц орны хэмжээ 200 хүрэхгүй байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хариултдаа онцлохын зэрэгцээ хуулийн төслийн гол агуулга нь архидан согтуурах эмгэгтэй хүмүүсийг эмчлэх, донтох өвчний хор уршигтай тэмцэхэд Засгийн газрын сан байгуулахад чиглүүлэх, архины зохистой хэрэглээг бий болгох, архины үйлдвэрлэгч, хэрэглэгчдэд шинэ стандартыг тогтоож өгөхийг зорьж байгаа гэв.
Түүнчлэн бүтээгдэхүүний загвар дээр тодорхой шаардлага тавихаар зорьж байгааг дурдаад үндэсний зарим үйлдвэрлэгчид их хааны нэртэй бүтээгдэхүүнийг Оюуны өмчийн газар бүртгүүлсэн байдаг тул энэ асуудлыг хэлэлцүүлгийг явцад судалж, тодорхой болгох, цаашид төрийн бэлгэ тэмдэг, түүхэн хүмүүсийн нэртэй согтууруулах ундааны бүтээгдэхүүний загварыг батлахгүй байхад энэ хуулийн зорилго оршиж байгаа гэв.
Мөн Төв аймгийн Баян суманд байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа албадан эмчилгээний төв 200 хүрэхгүй ортой байна. Үүнийг өргөтгөж, 250 ортой болгохын зэрэгцээ, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт 100 ортой албадан эмчилгээний байрыг нээсэн. Цаашид эмчлэх шаардлагатай 9600 гаруй хүн бий. Үүнээс гадна бусад төрлийн донтой хүмүүс бий. Тиймээс Архидан согтууруулах болон донтох өвчний уршигтай тэмцэх Засгийн газрын санг шинээр байгуулж, 18-37 градустай архи согтууруулах ундааны литр тутамд 200 төгрөг, 37-гоос дээш градустай согтууруулах ундаанд 300 төгрөгийн татвар ногдуулж, санг бүрдүүлнэ. Градусын шатлал тавьж байгаа нь цаашид үйлдвэрлэгчийг татварын бодлогоор дамжуулж согтууруулах ундааны градусыг бууруулах хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байгаагаа салбарын сайд хариултдаа онцолсон. Түүнчлэн биеэ хянах чадваргүй хүмүүст архи согтууруулах ундаагаар үйлчилсэн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, хэрэв тухайн хүний эрүүл мэнд хохирол учирвал хариуцлага хүлээлгэх, улмаар баар, ресторануудад цагийн хязгаарлалт тавих, үйлчилгээний соёлын тухайд барууны орнуудны хуульд тогтоомжид байдаг зохицуулалтыг нэлээдгүй судалж, төсөлд илүүтэй тусгасан гэж байлаа.
Ингээд Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 62,3 хувь нь дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ.
Сэтгэгдэл ( 2 )
Хөөе,энэ чинь арай дэндэнээ хө. Харин ахричингуудаа ажил хийлгэчих. Соц үед тэгээд шийтгэдэг байж.
энэ архи олж уух амьдралын зорилго шахуу болсон нөхөдөөс хадлварын тархалт их хамааралтай байгаа шүү. хөл хориог слруулсанаас хойш эрүүлжүүлэгдсэн. согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүний тоо хэрхэн өөрчлөгдсөнийг судалж асуудлыг шийдвэрлэхэхдээ тусгаж ажиллаарай. цөөхөн монголчуудад тулгамдсан асуудал дэвшүүлсэнд баярлалаа.. амжилт хүсье