УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн (2021.04.01) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 45 дугаар захирамжаар байгуулагдсан “Оюу Толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, Оюу Толгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгээс хэрэгжүүлж буй ажлын явцын талаарх мэдээллийг сонсов.
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, тус ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээллийг танилцууллаа. Ерөнхий сайдын 2021 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 45 дугаар захирамжаар “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, Оюу толгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан бөгөөд ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулжээ.
Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд зөвшилцсөнөөр Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ж.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Т.Доржханд, Г.Тэмүүлэн, О.Цогтгэрэл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, холбогдох Засгийн газрын гишүүд, албан тушаалтнууд оролцож ажиллаж байгаа юм байна. Ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий дэд хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулж, ажиллах удирдамжийг баталсан байна. Тус ажлын дэд хэсэг нь Санхүүгийн асуудал хариуцсан, Хуулийн асуудал хариуцсан, Дэд бүтэц, техникийн хамтарсан хэсгүүдэд хуваагдаж байгаа бөгөөд хэсэг тус бүр удирдамжийн дагуу хариуцсан асуудлаар санал, дүгнэлтээ боловсруулсан гэв.
Ажлын хэсэг шинэчлэн байгуулагдсанаас хойших хугацаанд нийт зургаан удаа хуралдаж, Оюутолгой төслийн талаар мэдээллийн зөрүүг арилгах, нэгдсэн ойлголттой болж Монгол Улсын эрх ашгийг хангуулах зорилгоор холбогдох байгууллагуудаас албан ёсны мэдээллийг ажлын хэсгийн гишүүдэд танилцуулжээ. Тухайлбал, Оюу толгой төслийн эрчим хүчний хангамжийн асуудлын талаарх Эрчим хүчний яамны танилцуулга; Оюу толгой төслийн явц байдал, түүнд холбогдох гэрээний хэрэгжилт, төслийн санхүүжилт, Монгол Улсад өгөх өгөөж, төслийн геологи, уул уурхайн явц байдал, ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн талаарх “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн танилцуулга; Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын болон бусад гэрээний талаарх Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгийн танилцуулгыг сонссон байна. Мөн “Оюу толгой” ХХК-д хийсэн татварын хяналт, шалгалтын талаарх Татварын Ерөнхий газрын танилцуулга; Оюу толгойн бүлэг ордоос олборлон борлуулж байгаа баяжмалд агуулагдаж буй дагалдах элементийн асуудлаарх Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын танилцуулга; Оюу толгой төслийн байгаль орчны үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, төслийн усны эх үүсвэр, ус ашиглалтын талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны танилцуулга; Тавантолгой дулааны цахилгаан станцын ус хангамжийн талаар Эрчим хүчний яамны танилцуулга; “Оюу толгой” ХХК-ийн бүтээгдэхүүнийг экспортод гаргахад гаалийн хяналт тавих асуудлаар Гаалийн ерөнхий газрын танилцуулга; “Оюу толгой” ХХК-ийн бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцож төлөх асуудлаар Татварын ерөнхий газрын танилцуулгыг тус тус сонссон байна.
Ажлын хэсгийн гишүүд 2021 оны гуравдугаар сарын 5-6-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Ханбогд суманд Рио Тинто, Оюутолгой компанийн гүйцэтгэх удирдлагатай биечлэн болон цахимаар уулзалт хийж, далд уурхайн бүтээн байгуулалтын талаар мэдээлэл авсан. Мөн Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил, баяжуулах үйлдвэр бусад үйл ажиллагаатай танилцсан болохыг мэдээлэл дурдлаа. Ажлын хэсэгт шаардлагатай чиглэлээр мэргэжлийн туслалцаа, дэмжлэг үзүүлэх хүрээнд “Их 7”-гийн санаачлагаар байгуулагдсан, Европын холбооны санхүүжилттэй Коннекс ажлын албатай хамтран ажиллаж АНУ-ын Акип Гамп хуулийн фирмээс хууль зүйн зөвлөх үйлчилгээ, Герман Улсын “Фихтнер” компаниас геотехник, усны асуудлаар зөвлөх үйлчилгээ авахаар томилон ажиллуулж байгаа аж. Санхүүгийн зөвлөх үйлчилгээг дэлхийн нэр хүндтэй хөрөнгө оруулалтын банкнаас авах асуудлыг судалж ойрын хугацаанд томилохоор ажиллаж байгааг Х.Нямбаатар сайд мэдээллээ. Ажлын хэсгийн зүгээс зөвлөх компаниудтай ажиллахдаа Рио Тинто компанитай аливаа сонирхлын зөрчилгүй байх үндсэн шаардлагыг тавин ажиллаж байгаа гэв.
Ажлын хэсгийн ахлагч Оюу толгой төслийн гадаадын хөрөнгө оруулагч тал болох Рио Тинто компанийн төлөөлөлтэй цахимаар уулзалт хийсэн. Рио Тинто компанийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болд тэргүүтэй төлөөлөл Засгийн газрын Ажлын хэсэгтэй яриа хэлэлцээ хийх зорилгоор Монгол Улсад ирээд байгаа бөгөөд уулзалт товлох хүсэлтийг хүлээн авчээ. Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, Рио Тинто компанийн төлөөлөлтэй яриа хэлэлцээг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах зорилгоор Оюутолгой төслөөс Монгол Улсад ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэх, Оюутолгой төсөлтэй холбогдуулж байгуулсан гэрээнүүдийг сайжруулах чиглэлээр ажлын хэсгийн гишүүдээс албан ёсоор ирүүлсэн саналыг нэгтгэсэн. Ажлын хэсгийн гишүүдээс ирүүлсэн саналыг нэгтгэсний үндсэн дээр Оюу толгой төслийн гадаадын хөрөнгө оруулагчтай яриа хэлэлцээ хийх, гэрээ байгуулахад мөрдөх Ажлын хэсгийн удирдамжийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр урьдчилсан байдлаар боловсруулсныг хэлэлцэж, санал солилцсон байна. Гэтэл ажлын хэсгийн энэхүү хуралдааны үеэр ажлын хэсгийн зарим гишүүд зарчмын өөр байр суурьтай байгаагаа илэрхийлсэн болохыг мэдээлэлд дурдав.
Ажлын хэсгийн гишүүдийн олонх яриа хэлэлцээг хөрөнгө оруулагч талын төлөөлөлтэй эхлүүлж, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолыг дараах үе шаттайгаар хэрэгжүүлэх байр суурийг илэрхийлжээ.
1.Монгол Улсын Засгийн газар, Эрдэнэс Оюу Толгой ХХК болон Туркойс Хилл Ресурсес Лтд, Ти Эйч Ар Оюу Толгой Лтд, Оюу Толгой Нидерланд Би Ви, Рио Тинто Интернэшнл Холдингс Лтд, Оюу Толгой ХХК нарын хооронд 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” болон “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө”-г Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу хүчингүй болгох.
2.“Оюутолгой” ХХК-ийн татварын хяналт шалгалтын хүрээнд ногдуулсан нөхөн татвар, алданги, торгуулийг нэг мөр төлүүлж, татварын актуудыг хүлээн зөвшөөрүүлэх, татварын актад тусгагдсан асуудлаар дахин маргаан үүсгэхгүй, аливаа маргаангүй нөхцөлд яриа хэлэлцээг үргэлжлүүлэх шаардлагыг тавих.
3.Хөрөнгө оруулалтын гэрээ, Дахин тодотгож нэмэлт, өөрчлөлт оруулсан Хувь нийлүүлэгчдийн гэрээ зэрэг Оюутолгой төсөлтэй холбогдуулж байгуулсан гэрээ, хэлцлийн хэрэгжилтийг дүгнэж, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж, Монгол Улсын эрх ашигт нийцүүлэн сайжруулахаар хэлэлцээ хийх.
Улсын Их Хурлын 2021 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоолоор “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороог байгуулсныг мэдээлэлд дурдав. Тус Түр хорооноос 2021 оны гуравдугаар сарын 30-ны өдөр ажлын хэсгийн ахлагчид нууцын зэрэглэлтэй “Хуралдааны тэмдэглэл хүргүүлэх тухай” албан бичгийг хүргүүлсэн байна. Уг хуралдааны тэмдэглэлд Засгийн газрын ажлын хэсэгт 20 асуудлаар чиглэл өгсөн байх бөгөөд зарим чиглэл нь Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолтой зөрчилдөхүйц агуулгатай байгааг тэмдэглэлээ.
Оюутолгой төслийн хувьд далд уурхайн бүтээн байгуулалтын шийдвэрлэх үе шат дээр ирээд байгаа бөгөөд хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээг эхлүүлж, Оюутолгой төслийг Монгол Улсад үр өгөөжтэй хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өсөлт, гадаадын хөрөнгө оруулалтын орчинд эерэгээр нөлөөлөх чухал ач холбогдолтой гэж Ажлын хэсгийн ахлагчийн зүгээс үзэж байна. Яриа хэлэлцээг бид нэгдмэл байр суурьтай эхлүүлснээр бодит үр дүнд хүрэх боломж нэмэгдэх юм. Өнгөрсөн нэг сарын хугацаанд “Оюутолгой” ХХК-ийн зүгээс 2018, 2020 онд тус тус гаргасан татварын актуудаар ногдуулсан нийт 1,014,483,858,650 төгрөгийн татварын өрийг улсын төсөвт төлөөд байгаа аж.
Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэй байгуулагдсан Түр хорооноос гаргасан чиглэл нь Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолтой зөрчилдөхөөр байгаа нь ойлгомжгүй байдалд хүргэж, яриа хэлэлцээг нэгдмэл байр суурьтай эхлүүлэх боломжгүй нөхцөл үүсгэхээр байгаа учир уг асуудлыг Улсын Их Хурлаар нэг мөр шийдвэрлэж, Засгийн газарт нэгдсэн байдлаар тодорхой чиглэл өгөхийг хүслээ.
“Оюу Толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, Оюу Толгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгээс хэрэгжүүлж буй ажлын явцын талаарх Х.Нямбаатар сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсан. 2018 оны татварын зөрчилд оногдуулсан акттай холбоотойгоор Лондонгийн арбитрын шүүх дээрх асуудалд Монгол Улс сөрөг нэхэмжлэл гарах ёстой гэдэг байр суурийг Н.Алтанхуяг гишүүн илэрхийлээд, татварын өр төлбөрийн талаар тодрууллаа.
“Оюу толгой” ХХК-ийн 2013-2015 оны үйл ажиллагаанд татварын хяналт шалгалт хийхэд нийт 2 их наяд 387 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн тул 377 тэрбум төгрөгийн татварын акт тавьсан. Харин 2016-2018 оны үйл ажиллагаанд 2020 онд татварын хяналт шалгалт хийгээд, нийт 7 их наяд 429.7 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлэн тул 649.4 тэрбум төгрөгийн татварын акт тавьжээ. Эхний буюу 2018 оны 377 тэрбум төгрөгийн татварын актыг хүлээн зөвшөөрөөгүй тул маргаан үүсгэж Лондонгийн арбитарт хандсан. Өнөөдрийг хүртэл маргаан үргэлжилсээр байгаа гэдгийг Х.Нямбаатар сайд хэллээ. 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Татварын хуулиар татварын байцаагч акт тавьсан тохиолдолд шууд татварын өр тооцогдож, маргаантай эсэхээс үл хамаараад дараагийн албадлагын арга хэмжээнүүд үргэлжилдэг зохицуулалтыг ажлын хэсгийн гишүүд тодруулж байв.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсаас “Оюу толгой” ХХК-д ногдуулсан татварын төсөвт орж ирсэн нийт дүн 1 их наяд 26 тэрбум төгрөг гэлээ. “Дубайн гэрээ” буюу Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах асуудал амжилттай үргэлжилж байгаа гэх мэдээллийг Х.Нямбаатар сайд хариултын үеэр онцолж байсан. Хөрөнгө оруулагч талаас дээрх төлөвлөгөөг цуцлахад бэлэн байна гэдэг санал хэлсэн, Монгол Улсын Засгийн газрын зүгээс ямар нэг нөхцөлгүйгээр цуцлах саналтай байгаа гэх ч ажлын хэсэгт орсон манай зарим гишүүн цуцлахгүйгээр хэлэлцээр хийх, сөрөг нэхэмжлэл гаргах замаар арбитраар асуудлыг шийдэх санал гаргаад байгаа гэлээ. Нэг асуудал дээр дотооддоо ийм өөр, өөр байр суурьтай байгаа, цаашдаа энэ асуудлаарх байр сууриа нэгтгэсний дараа үүнийгээ Монгол Улсын Засгийн газар нөгөө талд зохих ёсоор илэрхийлэх нь зүйтэй гэж тэрбээр хэлсэн.
Оюу толгой төслийн мөнгөн урсгалыг дотоодын банкны системээр дамжуулахаас эхлээд ярих, хөндөх олон асуудал бий гэдэг байр суурийг Ж.Мөнхбат гишүүн илэрхийллээ. Эрдэмтэн судлаачид, манай тал 2051 онд 27 тэрбум ам.долларын өр, хүүгийн алдагдал төлөх тооцоолол хийсэн байдаг талаар дэлгэрэнгүй дурдаад “ 2030 оны үед, 2050 оны эхэнд 3-4 жил л багахан ашгийг Монгол Улс аваад, цаашдаа дандаа алдагдалтай байхаар ийм хэмжээний тооцооллыг ч гаргасан байдаг юм билээ. Ийм нөхцөлийг “Дубайн” гэх гэрээ бүр дордуулсан. Тиймээс энэ гэрээг цуцалж, 4.5 тэрбум ам.долларын зээлийн өрд тооцож байсан асуудлыг, 1.5 тэрбум ам.долларын зээлийн хэтрэлтийн асуудал, Рио Тинто лимитэд интернэшнл холдингд төлж байгаа баталгааны шимтгэл, үйлчилгээний төлбөр, менежментийн үйлчилгээний төлбөр гээд өчнөөн их төлбөрийг зогсоох хэрэгтэй. “Дубайн гэрээ” буюу Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлаад л нөхцөл сайжирна гэж бодож болохгүй. Тийм учраас Засгийн газрын ажлын хэсгийн гишүүд эдгээрийг үйл ажиллагаандаа чиглэл болгох нь зүйтэй” гэлээ. Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 45 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нь өнөөдрийн нөхцөл байдлыг сайжруулах төдийгүй ирээдүй хойчдоо үлдэх бүхнийг сайжруулах үүрэг хүлээж, ард түмний захиас, хүсэлт, хүлээлтийг биелүүлэхээр ажиллаж байгааг онцолж байсан.
Хөрөнгө оруулагч тал Лондонгийн арбитрын маргааныг түр хойшлуулах саналыг өчигдөр Монголын талд тавьсныг Х.Нямбаатар сайд хэллээ. Харин манай талаас хойшлуулахгүй гэдэг хариуг өгчээ. Зарим гишүүний хэлж байгаа шиг Лондонгийн арбитрын шүүх дээр сөрөг нэхэмжлэл гаргана гэвэл өнөөдөр хэлэлцээр хийх асуудлуудаараа нэхэмжлэл гарган, маргаан үүсгэх нөхцөл гэдгийг тайлбарлав. Харин ажлын хэсэг Улсын Их Хурлын 92 дугаар тогтоолын хүрээнд ажиллах тохиолдолд хэлэлцээр хийх юм. Ямартай ч Монгол Улсын Засгийн газар Лондонгийн арбитрын шүүх дээрх маргааныг нааштайгаар шийдвэрлэх чиглэлд нухацтай хандаж, шаардлагатай бүхнийг хангаж ажиллаж байгаагаа дуулгав.
Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, дээрх төслөөс Монгол Улс 71 хувийн өгөөж хүртэж, Оюутолгой 29 хувийг нь авна гэдэг сурталчилгааг анх хийж, гэрээ байгуулж байсныг дурдаад төслийн өнөөдрийн үр өгөөж ямар байгаа талаар тодруулав.
“Оюутолгой” ХХК 2020 онд ил уурхайгаас 1.1 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн байна. 2020 онд ил уурхайгаас 149 мянган тонн зэсийн баяжмал, 182 мянган унц алтыг экспортолжээ. Оюу толгой төсөлд нийт 12 мянган хүн ажиллаж байгаагийн 93 хувь нь монголчууд гэдгийг мэдээллээ. 2010-2019 оны хооронд нийтдээ 3 их наяд төгрөгийн татвар, хураамжийг “Оюутолгой” ХХК улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байна. 2010-2020 оны хооронд 2.8 орчим тэрбум ам.долларыг Туркойс Хилл Ресурсес Лтд, Рио Тинто Интернэшнл Холдингс Лтд төлжээ. “Оюутолгой” ХХК нийтдээ 11 тэрбум ам.долларын өртэй бөгөөд үүнээс 4.4 тэрбум ам.долларын төслийн санхүүжилтийн зээлийг ОУСК, ЕСБХБ, Хөгжлийн банк тэргүүтэй 20 орчим санхүүгийн байгууллага, компаниас авсан байна. Туркойс Хилл Ресурсес Лтд 7.7 тэрбум ам.долларын хувь нийлүүлэгчдийн зээлийг төлнө гэдэг мэдээллийг Х.Нямбаатар сайд хариултынхаа үеэр онцолж байв. Зээлийн хүү ойролцоогоор жилийн 8 хувийн хүүтэй. “Оюутолгой” ХХК нэмэлт санхүүжилт авах шаардлагатай байгаа бөгөөд төслийн санхүүжилтийн зээлийн 2.4 тэрбум ам.долларыг эргүүлэн төлөх хугацааг таван жилээр сунгахаар төлөвлөж байгаа гэлээ. “Оюутолгой” ХХК зээлийн санхүүжилт их байгаагаас үүдэн зээлийн хүүнд өдөрт 1.8 сая ам.доллар эргэн төлөхөөр тооцоо гарсан байгаа гэх тооцооллыг хуралдааны үеэр хэлж байсан.
Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал анх 5.3 тэрбум ам.доллар гэж тооцоолж 2021 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан ч энэ хугацаа 22 сараар хойшилсон байна. Зардал нь 1 тэрбум 450 сая ам.доллар буюу 30 хувиар өссөн байна. Далд уурхайн нийт зардлыг 6 тэрбум 750 сая ам.доллар болох тооцоо гарч 2022 оны аравдугаар сар гэхэд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын гурав дахь заалтад “Оюу толгой төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг Хөрөнгө оруулалтын гэрээ болон 2010 оны техник, эдийн засгийн үндэслэлийн тооцоололд зааснаар нэрлэсэн үнээр 53 хувиас бууруулахгүй байх хүрээнд Монголын талын эзэмшлийн 34 хувийн хувьцаа эзэмшлийг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсвэл ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах хувилбаруудыг судлан шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах тухай санал боловсруулан Улсын Их Хуралд танилцуулах” үүрэг өгсөн. Энэ хүрээнд ажлын хэсэг дээр ярилцаж, зөвлөх үйлчилгээ авах компаниудтайгаа яриад ажлын даалгавраа боловсруулаад ажиллаж байгаа гэх мэдээллийг Х.Нямбаатар сайд хэлж байв. Үргэлжлүүлэн тэрбээр “Өнөөгийн санхүүгийн загвараараа явах юм бол Монгол Улс 2039 он хүртэл өгөөж хүртэхгүй. Монголын талын 34 хувийг зээлээр авсан анхны 1 тэрбум нь одоогийн байдлаар 2.2 тэрбум болсон. Санхүүгийн бодит зах зээлийн өнөөгийн үнэлгээ 1.6 тэрбум буюу Монголын тал -600 сая ам.долларын алдагдалтайгаар 34 хувиа эзэмшээд явж байгааг нэмж хэлье” гэв.
Сөрөг нэхэмжлэл, хэлэлцээр гэдэг асуудлыг зэрэгцүүлэх ямар ч боломжгүй гэдэг тайлбарыг тэрбээр дэлгэрэнгүй хийж, холбогдох мэдээллийг өгсөн.
Оюу толгой төсөлтэй холбоотой байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээг одоо мөрдөгдөж байгаа Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу сайжруулах үүргийг ажлын хэсэг хүлээж байгааг ажлын хэсгээс онцолж байв. Оюу толгой төсөлтэй холбоотой байгуулсан гэрээ, хэлцэлүүдийг үе шаттайгаар Монгол Улсын одоо мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид нийцүүлж, Монгол Улсад илүү үр өгөөжтэй болгон сайжруулах чиглэлээр ажлын хэсэг ажиллаж байгаа гэв. Засгийн газрын ажлын хэсгээс 2020 оны арваннэгдүгээр сард Рио Тинто компанид “Оюутолгой төсөлтэй холбоотой байгуулсан бүх гэрээний хэрэгжилтийг дүгнээд, үүнтэй холбогдуулан үл ойлголцол үүсээд байгаа, зарчмын зөрүүтэй байгаа асуудлуудыг нэг мөр цэгцэлье” гэх агуулгатай албан бичиг хүргүүлжээ. Тухайлбал, татварын маргаан ерөнхийдөө хөрөнгө оруулалтын гэрээг яаж тайлбарлах вэ гэдэг асуудлаас үүсч байгааг тайлбарлав. Монгол Улсын Засгийн газрын зүгээс цаашид маргаангүйгээр нэгдсэн ойлголтод хүрч, Оюу толгой төсөлтэй холбоотой байгуулсан бүх гэрээг эргэж харах байр суурьтай байгаа гэх мэдээллийг ажлын хэсэг өгч байв.
С.Бямбацогт гишүүний дурдаж буй тоо бол 2010 оны ТЭЗҮ дээр үндэслэсэн, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдах үед яригдаж байсан гэдгийг ажлын хэсэг тайлбарлав. Тухайн үедээ Монголын талд 53 хувь, хөрөнгө оруулагч тал бол 47 хувийг хүртэнэ гэсэн тооцоог хийж байжээ. Одоо үүнийгээ өөр, өөрөөр тайлбарладаг талаар хэлж байв. Манай талаас Монголын талд хүрч байгаа үр ашиг гэдгийг татвар, хураамж, ноогдол ашиг гэж үздэг байна. Одоогоор ноогдол ашиг гэж байхгүй. 2010-2019 оны хооронд улсын төсөвт нийт 1 их наяд 368.7 тэрбум төгрөгийг ам.доллароор төлсөн бол хөрөнгө оруулагч талд 2.9 тэрбум ам.долларын мөнгөн урсгал хуваарилжээ. Үүний харьцаа нь 33:66, цаашдаа буюу 2015 онд байгуулсан “Дубайн” гэх гэрээний ТЭЗҮ-ээр 2018-2055 он хүртэл мөнгөн хөрөнгийн төсөөлөл дээрхийн адил буюу 35:65 байх юм байна.
Энэ үеэр “Дубайн гэрээ” буюу Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний зардлын өсөлттэй холбоотой маргаанууд гадаад улс орнуудад үүсээд байгаа гэх мэдээллийг Х.Нямбаатар сайд өгч байв. Тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга, одоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний зардлын асуудлаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Рио Тинто компанид асуудал тавьж, хөндлөнгийн шинжээч ажиллуулах санал хүргүүлж байжээ. Том, жижиг хувьцаа эзэмшигчид болон Монгол Улсын Засгийн газрын төлөөлөлтэй ажлын даалгавар боловсруулагдаад энэ оны зургадугаар сарын дундуур хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гарах юм байна. Өөрөөр хэлбэл, далд уурхайгаар босгосон хөрөнгө нь бүтээн байгуулалтдаа зарцуулагдсан эсэх дүгнэлт ирэх зургадугаар сарын дундуур гарах аж. Мөн жижиг хувьцаа эзэмшигчдийг төөрөгдүүлж, хувьцааны үнэ ханшид орсон өөрчлөлтийн талаарх мэдээллийг бодитойгоор өгөөгүйгээс болж хохирол учирсан гэх үндэслэлтэй маргаан үүссэн байгаа аж. АНУ-ын Үнэт цаасны хороонд жижиг хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл гомдол гаргаад, Нью-Йорк хотноо маргаан үүссэн байгаа гэв.
Ийнхүү мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Т.Доржханд, Г.Тэмүүлэн, Х.Булгантуяа, М.Оюунчимэг, Н.Энхболд, С.Чинзориг, Т.Аюурсайхан, Х.Ганхуяг, Х.Болорчулуун, Ш.Адьшаа, Б.Баттөмөр, Ц.Туваан, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авснаар чуулганы хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )