Н.Тавинбэх: Шахмал түлш үр дүнгээ өгсөн, үнийг нь бууруулах шаардлагатай

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 04 сарын 02

УИХ-ын өнөөдрийн /2021.04.02/ чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсож байна. Ерөнхий сайдын мэдээллийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцууллаа.  

Тэрбээр "Монгол Улсын эрчим хүчийг нэмэх зорилгоор шинэ эх үүсвэрийн ажлыг эхлүүлээд байна. Эрдэнэт болон Чойбалсан хотын цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Дулааны цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэхээр ОХУ-тай яриа хэлэлцээр хийж байна. Нийслэл хотын өргөжил, тэлэлттэй холбогдуулан Улаанбаатар хотын эрчим хүчний тав дахь суурь бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна" хэмээн мэдээлэлдээ тодотголоо. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч эхэллээ.  

Энэ үеэр УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Н.Тавинбэх сайд мэргэжлийн хүн. Би таны хувь хүний үзлийг чинь сонсмоор байна. Энэ шахмал түлш, утаагүй түлш улсын мөнгийг маш их үрж байна. Хүнээр, мөнгөөр зодсон, үр дүн гарахгүй л байна. Дүүрэг, нийслэл тэр чигээрээ шахмал түлшийг түгээхэд лажиллаж байна. Орчин үед ийм муйхар аргаар түлшийг хийгээд байх нь хэрэгтэй юу гэдэгт хариулт авмаар байна" гэх асуултыг тавилаа. 

Үүнд, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Сайжруулсан шахмал түлш бол зөвхөн Монгол Улсад байдаггүй, дэлхий нийтэд байдаг жишиг. Монгол Улсад хэрэглээндээ ашиглаж байгаа сайжруулсан шахмал түлш үр дүнгээ өгч байгаа. Үр дүнгээ өгч байгаа нь тодорхой тоо, баримтаар нотлогдож байгаа юм. Тиймээс миний хувьд үр дүнтэй зөв арга гэж хариулах байна. Цаашид үүнийг үргэлжлүүлнэ. Ингэхдээ одоо гарч байгаа алдааг засах шаардлагатай. Тухайлбал, үнийг багасгах шаардлагатай байна. Иргэдэд үйлчлэх үйлчилгээг төрөөс хувийн хэвшилд шилжүүлэх зэрэг зохицуулалтыг хийж болно" гэх хариултыг өглөө.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top