Ж.Сүхбаатар: Бид Ерөнхийлөгчтэй эрх мэдэл булаацалдаагүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 04 сарын 08

УИХ-ын өнөөдрийн /2021.04.08/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай 2021 оны УИХ-ын 31 дүгээр тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Би байр сууриа Байнгын хорооны хуралдаан дээр тодорхой илэрхийлсэн. Үндсэн хуулийн Цэцэд Монгол Улсын Ерөнхийлөгч хангалттай эрх мэдэлтэй оролцдог. Цэцийн есөн гишүүний гурвыг нь санал болгож, томилуулаад явдаг. Тэр хоригийн асуудал дээр Ерөнхийлөгч буруу жишиг тогтоох гээд байна. Ер нь бол АН-ынхан болон Ерөнхийлөгчийн зүгээс тайлбар хийж байгаа, ойлгож байна. Гэхдээ хэт их эрх мэдлийн төлөө юм шиг ойлгуулж, харагдуулах зүйл сүүлийн үед яригдаад байна. Бид Ерөнхийлөгчтэй эрх мэдэл булаацалдаагүй  ээ. Үндсэн хуульд заасан тэр хяналт, тэнцлийн зарчмаа зөв, зохистой байранд нь оруулах гээд байгаа учраас нэг талдаа Ерөнхийлөгч шахалтад өртөөд байгаа ч юм шиг, нөгөө талдаа ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч буланд очиж зогсчихоод хүнд байдалд байгаа юм шиг харагдуулах гээд яриа яваад байна. Энэ талаас нь битгий ойлгоосой. Тэртээ тэргүй Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмний тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Ерөнхий командлагч хүн. Энэ хүний эрх мэдлийг булааж авах гэсэн зүйл огт байхгүй. Монгол Улсын төрийн тэргүүн нь яг тэргүүн шиг байх агуулга руу нь аваачиж тавьж байгаа болохоос Ерөнхийлөгч хүчгүй болж байгаа зүйл огт байхгүй" хэмээн байр сууриа илэрхийлэв.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top