Хүний хөгжил сангийн мөнгийг бүх банкаар олгоно

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 24

 

"Хаан" банк Хүний хөгжил сангийн мөнгийг олгохоо больж байгаа гэсэн мэдээллийн дагуу тус банкны Олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Цолмонбаяраас дараах асуултад хариу авлаа.

-"Хаан" банк яагаад Хүний хөгжил сангийн 21 мянган төгрөгийг олгохооргүй болж байгаа юм бэ?

-Хүний хөгжил сангийн мөнгийг "Хаан", "Хадгаламж", "Капитал" гэсэн гурван банкаар дамжуулан иргэдэд олгож байсан. Банкуудын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, ачааллыг жигд хуваарилах үүднээс энэ мөнгийг арилжааны бүх банкаар дамжуулан олгодог болох саналыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт тавьсан юм. Тиймээс Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас энэ зургадугаар сараас эхлэн Хүний хөгжил сангийн мөнгийг бүх арилжааны банкуудаар олгох шийдвэр гаргасан. Гэвч Хүний хөгжил сангийн мөнгийг өмнө нь олгодоггүй байсан арилжааны банкууд "Бэлтгэл ажил хангалтгүй байна" гээд түр хугацаагаар хойшлуулах хүсэлт тавьсан. Үүний улмаас "Хаан" банк өмнө өгч байсан журмынхаа дагуу зургадугаар сарын 20-ноос эхлэн бүх салбараараа Хүний хөгжил сангийн мөнгийг олгосон.

-Тэгвэл ирэх сараас бүх арилжааны банкууд энэ мөнгийг олгож эхлэх юм байна, тийм үү?

-Тийм ээ. Манай банк 1.3 сая иргэнд улсын хэмжээнд байгаа 500 гаруй салбараараа Хүний хөгжил сангийн мөнгийг олгож байсан. Ирэх сараас арилжааны бүх банк олгож эхлэх учраас хуваарийн дагуу банкуудад зарим хэсэг нь шилжинэ. Тэгэхээр долдугаар сарын 1-нээс Улаанбаатарт зөвхөн 33 салбараар энэ мөнгийг олгох болсон. Зөвхөн "Хаан" банкны салбар үйл ажиллагаагаа явуулдаг аймаг, сумдууд олон байдаг. Тиймээс хөдөө орон нутагт ажиллаж байгаа "Хаан" банкны салбараар Хүний хөгжлийн мөнгийг олгодгоороо олгоно.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top