Улс орон даяар орон нутгаа хөгжүүлэх ажил идэвхитэй өрнөж буй энэ цаг үед Увс аймгийн Бөхмөрөн сумын ард иргэд нутгаа хөгжүүлэх асуудалд ихээхэн анхаарч байна. Тухайлбал тус сумынхан “Хөгжлийн төлөө хамтдаа” нэртэй сумын эдийн засгийн хөтөлбөр боловсруулжээ. Бөхмөрөнчүүд энэхүү хөтөлбөрийнхөө хүрээнд хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтанд Увс аймгийн засаг дарга Э. Цасчихэр, Бөхмөрөн сумын засаг дарга Д. Ядамжав, тус сумын иргэдийн төлөөгчдийн хурлын дарга Б. Алдаржавхлан болон Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа Бөхмөрөн сумын иргэд оролцож төрлөх нутгийнхаа хөгжлийн талаар ярилцлаа. Тэд “Хөгжлийн төлөө хамтдаа” хөтөлбөртөө эцэг өвгөдийнхөө ариун шүтээн сүрлэг алтайн уулс нутгаа унаган төрхөөр нь хадгалах, байгалийн баялаг нөөцийг нь зүй зохистой ашиглах, эдийн засгийн хөгжлийн бие даасан байдлыг хангаж, ард иргэдийнхээ ажиллаж амьдрах тав тухтай орчин бүрдүүлэх зэрэг зорилгуудыг тусгажээ. Ингэхдээ сумын нийгэм эдийн засгийн өнөөгийн байдалд эерэг нөлөөлөл үзүүлж буй бүтээлч иргэн, үйлдвэрлэл, үйлчилгээний салбар, аймаг, нийслэл, улсын хэмжээний үйлдвэрлэлийн хөгжлийн хандлагатай уялдуулан тэргүүлэх чиглэлээ тодорхойлсон байна. Үүнд хөдөө аж ахуйн салбарыг эрчимжүүлэх, орон нутгийн нөөцөд түшиглэсэн боловсруулах үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх, байгалийг хамгаалах, нөөцийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, нээлттэй, олон нийтийн оролцооны аргыг ашигласан, орон нутгийн нөөц, боломжийг илүүтэй тусгасан, орон нутагт тохирсон, бизнес, жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн үзэл баримтлал, хөтөлбөр, төсөлтэй уялдуулан боловруулжээ. Харин энэхүү хөтөлбөрөө гарааны үе шат/2010-2014 он/, хөгжлийн бүтээн байгуулалтын шат /2015-2018 он/ хөгжил-Ололт амжилтын үе шат /2019- 2022он/ гэсэн гурван үе шаттай хэрэгжүүлэхээр төлвөлөжээ. Уг хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд урьдчилан тооцсноор нийт 10004,0 сая төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэр шаардлагатай байгаа аж. Тиймээс дээрх мөнгийг Увс аймгийн төсвийн хөрөнгөөр 161,5 сая төгрөгийн төсөл, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 5180,5 сая төгрөгийн төсөл, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, хандивлагчдын тусламжаар 4662 сая төгрөгийн төсөл тус тус хэрэгжүүлэхээр болжээ. Тус чуулга уулзалтын үеэр нутгийн иргэд уугуул нутгаа хөгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн болоод оюуны бололцоогоор дэмжих тухайгаа илэрхийлсэн юм. Эхнээсээ ч мөнгө нь хандив нь цугларч байгаа харагдсан. Мөн нутгийн удирдлагуудын зүгээс иргэддээ “Та бүхэн бидэнд итгэж чадвал найдвартай ар чинь байж чадна шүү” хэмээн амлаж байлаа. Дашрамд дуулгахад Бөхмөрөнчүүд Сумынхаа ирээдүйн хөгжлийн төлөөх уг хөтөлбөрөө хэрхэн хэргэжүүлэх талаар иргэддээ уриалга гарган баталсан юм. Энэхүү уриалгыг хүргье.
Уриалга
Эх нутгийн эцэг өвгөдийн маань ариун шүтээн сүрлэг алтайн уулс, далай ээж Ачит нуур, нэн ховордсон ч төрөлх нутагт маань элбэг байдаг ан амьтад, амтат чацаргана, эрдэс баялагаараа бахархан гайхуулсан Бөхмөрөн сумаараа овоглосон ТА БИД - ТӨРӨЛХ сумтайгаа хүйн холбоотойг ойлгон Байгалийн баялаг, Орон нутгийн нөөц боломжид түшиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтэц, аялал жуулчлал хөгжсөн уламжлалт болон эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан бүхий хүний хөгжлийг дээдэлсэн чинээлэг иргэдтэй сум болоход нь өөрийн эрдэм мэдлэг, авъяас чадвар, нөөц бололцоондоо түшиглэн хамтран ажиллаж үр сад, ахан дүүс төрөл төрөгсөд, хойч үеээ эрүүл энх, элбэг баян, жаргалтай сайхан амьдруулахыг зорисон хөгжлийн хөтөлбөрийн хөрөнгө оруулагчдийн чуулга уулзалтанд оролцогчид дэмжиж дараах УРИАЛГЫГ гаргаж байна.
1. Иргэдийнхээ боловсролыг дээшлүүлэх, эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн бодлого зорилтыг хэрэгжүүлэхэд эрдэм мэдлэг, бүтээлч санаачлагаа нэгтгэн ажиллах
2. Сумынхаа хөгжлийн тэргүүлэх чиглэл болсон мал аж ахуй, газар тариалан, уул уурхайг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалтын хамтарсан хэлбэрийг дэмжиж ажиллах
3. Орчин үеийн мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэт технологийг
нэвтрүүлэх, зам харилцаагаа сайжруулах, сумынхаа тохижилт, төлөвлөлтийг дээшлүүлэхэд гар бие оролцон ажиллах
4. Орон нутгийнаа нөөц" боломж, давуу талд түшиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээ дэд бүтцийг хөгжүүлэхэд эрдэм мэдлэг, хөрөнгө санхүү, бизнесийн үйл ажиллагаагаараа холбогдон бүтээлчээр хамтран ажиллах
5. Орон нутгийн нөхцөл нөөц бололцоо онцлогт тулгуурласан брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж төвлөрсөн зах зээлд нийлүүлэх нөхцлийг бүрдүүлье
6. Унасан газар, угаасан ус, унаган байгаль эхээ хайрлан хамгаалж, нөөц баялагаа зохистой ашиглаж орон нутгийн хөгжлийг түргэтгэх үйлсэд идэвхитэй оролцох
7. Дөрвөд түмний уламжлалт урлаг, өв соёлоо дэлгэрүүлэн хөгжүүлж үзэсгэлэнт байгальдаа түшиглэсэн аялал жуулчлалыг өргөжүүлэн хөгжүүлэх
Сумынхаа ирээдүйн хөгжлийн төлөө Монгол орон улмаар дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа нутаг нэгтнүүд болон бусад төсөл хөтөлбөр, төрийн ба төрийн бус байгуулага, зон олныг оюун ухаан, санаа бодол, сайхан сэтгэлээрээ холбогдон хамтран ажиллахыг УРИАЛЖ байна.
Чуулга уулзалтанд оролцогчид
Улаанбаатар хот
2011.06.09
Сэтгэгдэл ( 0 )